Өчигдөр буюу 6-р сарын 4-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ууланд алхаж явсан иргэн унаж гэмтсэн тухай мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороо “Чингисийн өргөө” амралтын газраас урагш 200 метрт “Богд Хан” ууланд алхалт хийж явсан Баянзүрх дүүргийн харьяат, 61 настай эрэгтэй Д хадан дээрээс унаж бэртсэн тухай дуудлага НОБГ-т иржээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 12:10 цагт хэргийн газарт очсон байна.

Аврах багийнхнийг хэргийн газарт очих үед иргэн Д нас барсан байсан ба цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.