Монголын дууны урлагт шинээр орж ирж байгаа дуучин М.Золжаргалыг сонсогч олон түмэн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран дуулсан “Хайрын хурим” дуугаар нь андахаа байжээ.Түүний удаах бүтээл ямар байх бол, ямар сюрприз барих бол гэсэн үзэгч, сонсогч фэнүүдийн хүлээлтийг тэр ер гонсойлгохыг хүсэхгүй байгаа бололтой.

Угийн дайчин шаргуу залуу дуучин бүсгүй М.Золжаргал “Сэцэн ханы дуулал” дууны клипныхээ ажлыг удирдан зохион байгуулж, дууныхаа шүлэгт дурьдагдсан зүүн гурван аймгийн үзэсгэлэнт газруудаар МУГЖ уртын дуучин Б.Хонгорзул, МУСТА дуучин Д.Осгонбаяр нарыг дагуулан өргөн бүрэлдэхүүнтэй яваад иржээ.

Дууг дүрсжүүлэх зураг авалтын баг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар явахад дандаа хур бороо таарч байсныг угтан авсан нутгийн найз нөхөд, уран бүтээлчид нь “Хур дагуулан ирлээ” хэмээн ихэд билигшээн хүлээн авчээ. Хур дагуулсан дууны бичлэг, зураг авалт, аян зам нар хур тэгшрэн сайхан байсанд уран бүтээлчид, дуучид маань урам зоригтой, саад бэрхшээлгүй сайхан яваад ирснээ өөр өөрсдийн нүүр хуудаснаа сэтгэгдлээ оруулсан байна.

Энэхүү дууг хамтран дуулсан МУГЖ уртын дуучин Б.Хонгорзул, дуучин М.Золжаргал, МУСТА дуучин Д.Осгонбаяр нар удахгүй клипныхээ нээлтийг хийх бөгөөд албан ёсоор улс орон даяар цацах саналыг нэлээд хэдэн телевизүүд дуучин М.Золжаргалд ирүүлээд байгаа гэнэ.

Г.Ялгуун