“Сүрийг үзүүлсэн” цагдаа ял авлаа
2018/06/07
Хуулиа сахин хамгаалах үүрэгтэй хүн нь гэмт хэрэг үйлдээд ял авсан тохиолдол гарсаар байна. Тухайлбал Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, жолоочоор ажиллаж байсан М.П гэгч нь бусдад “сүрийг үзүүлэн” мөнгө авсан байна.
Баримттай, гэрчтэй энэ хэрэг шүүхээр шийдэгдэж цагдаа нь ял авсан бөгөөд сэрэмжлүүлэг болгох зорилгоор мэдээллийг хүргэж байна.
М.П нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн гадна “Crown” баарны ажилтан Э.Э.З-с 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр танай баар насанд хүрээгүй этгээдэд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчил гаргасан, Зөрчлийн тухай хуулиар 500.000 төгрөгөөр торгоно, 50 хувийг өгчих юм бол бүртгэлд оруулахгүй хаана, 10 минутын дотор мөнгө олж ир гэх зэргээр шууд хахууль өгөхийг шаардан 150.000 төгрөг авсан байна. Тэрбээр энэ хэргээ шүүхийн хэлэлцүүлэгт хүлээж мэдүүлсэн байдаг. Тодруулбал М.П шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед П.Золбаяр гэх залуу байгаагүй. Э.Э.З өөрөө байсан. Би Э.Э.Зтай уулзаад насанд хүрээгүй 4 хүүхэд 9 дүгээр сарын 04-ний өдөр танайхаар үйлчлүүлсэн байна. Үүнийг яаж шийдэх вэ? Чи надад 200 000 төгрөг олоод ир гэж хэлсэн. Тэгээд би 150.000 төгрөг авсан” гэжээ.
Харин тус цагдаад мөнгө өгсөн этгээд мөн эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээж байгаа. Тэрбээр мөн л шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн байдаг. Тодруулбал Э.Э.З шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2017 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 04 цагийн үед ажилчдынхаа цалинг тавиад, ажлаа хаачихаад байж байтал гаднаас нэг цагдаа орж ирээд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ээлжинд гарч байсан залуу хаана байна гэж асуусан. Би тэр залуу амралтаа авчихсан байгаа гэж хэлэхэд намайг гаръя гэж хэлээд дагуулж гараад 9 дүгээр сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилж зөрчил гаргасан байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар хамгийн багадаа 500.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй байсан тул 9 дүгээр сарын 04-ний өдөр ээлжинд гарч байсан П.Золбаяртай утсаар ярьж асуумаар байна гэсэн. Тэгэхэд М.П намайг 20 минутын дотор 250.000 төгрөг олж ир гэж хэлсэн. Надад боломж алга би ажилчдынхаа цалинг тавьчихсан боломжгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд М.П “тэгвэл чи 10 минутын дотор 150.000 төгрөг олоод ир” гэж хэлэхээр нь би баар руу буцаж ороод 150.000 төгрөг авч Пд өгсөн”гэжээ. Өөрөөр хэлбэл мөнгө өгсөн, авсан хоёр хэргээ хүлээсэн.
Энэ хэрэг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ганбаатарын чихэнд хүрснээ анх илэрсэн байдаг. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ганбаатар мөрдөн байцаалтанд ”...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шиг санагдаж байна. “Crown” баарыг түрээслэн ажиллуулдаг Золбаяр гэдэг залуу надтай утсаар яриад ирж уулзсан, тэгэхдээ танай 2-р хэлтсийн эргүүлийн жолооч, цагдаа П гэдэг залуу манай бааранд 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө манай нөгөө ээлжний залуугаас танай баар насанд хүрээгүй хүмүүст архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн асуудал гаргасан Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах юм бол 500.000 төгрөгөөр торгуулна, эсхүл дундаа хийе энэ тэр гэж ярьж байгаад 150.000 төгрөг аваад явсан байна гэсэн асуудал хэлсэн. Тухайн үед 2-р хэлтсийн дарга ээлжийн амралтаа авсан эзгүй байсан тул дэд даргад танилцуулаад албаны шалгалт хийхээр болсон. Тэгээд ахлах байцаагч Хас-Очир албаны шалгалт явуулахад Эргүүлийн цагдаа жолооч П “Crown” баарны Э.З гэдэг залуугаас 150.000 төгрөг авсан гэдгээ өөрөө хэлсэн, мөн 150.000 төгрөгөө зарцуулаагүй өөртөө байсныг хураалгасан байсан. Албаны шалгалтаар илэрсэн асуудлыг хэлтсийн дэд даргад танилцуулахад авилга, албан тушаалын хэргийн шинжтэй байна. Авилгатай тэмцэх газар руу материалыг шилжүүл гэсэн үүрэг өгсөн” гэсний дагуу энэ хэрэг илэрсэн байдаг.
Ингээд бусдаас мөнгө нэхсэн цагдаа М.П-г “нийтийн албан тушаалтан бусдаас шууд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөнгө өгсөн Э.З-г ”өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Анхан шатны шүүхээс цагдаагаар ажиллаж байсан М.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар , мөнгө өгсөн Э.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял оноосон байна.
Хууль сахиулагч цагдаа, прокурор, өмгөөлөгч нар ийнхүү гэмт хэрэгт холбогдож байгаа нь нэг талаас ёс зүй, нөгөө талаас хариуцлагын асуудал суларч байгаатай шууд холбоотой юм. Тиймээс салбарын сайд нь бодлого боловсруулах замаар энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол хууль сахиулагч нь хууль завхруулагчид болох цаг болсныг сануулж байна.
БЗД иргэн · 2018/06/07
нэг удаа хүүхдээ дээрэмдүүлчээд, нэг удаа карманаас нь утсыг нь хулгайлуулчаад камерийн бичлэг дээр гарсан байна. Хулгайлсан хүүхэд нь энэ газраар байнга орж ирдэг юм байна гээд бичлэгийг нь үзүүлэхэд бичлэгийг нь хуул ч аваагүй хуруугаа ч хөдөлгөдөггүй улсууд . Жинхэнэ ялзарсан новшууд байдаг газардаа. Нүгэл нь нүдээрээ гарч байгаа нь тэр байх