"Даяар Монгол" бүлгэмийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцлээ
2014/01/21
Урт нэртэй хуулийн төсөлтэй холбоотойгоор "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй найман хүн өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тэднийг Төрийн хамгаалалттай газарт галт зэвсэг хэрэглэсэн, "Централ товер" Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өнгөрсөн хугацаанд саатуулсан юм. "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон билээ.
Харин тэдэнтэй үйл ажиллагаа нэгтэй "Даяар Монгол" бүлгэмээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, дараах мэдэгдлийг гаргасан юм.
Тэд "Хэдэн тэрбумаар нь төрийн мөнгийг идэх, улс эх орноо худалдах, хүн алж хүрээ талсан хүмүүст ийм ял өгсөн тохиолдол үгүй. Ц.Мөнхбаяр яг ямар бодитой хор хөнөөл нийгэмд учруулсан бэ? хүн алав уу? Хүрээ талав уу? Хүмүүсийг луйвардав уу?. Ийм маягаар байх юм бол өнөөгийн төр засаг нэг их өөдлөхгүй нь тодорхой боллоо. Идэж уусан, эх орон газар шороогоо худалдсан хүмүүс ард түмний гарт цаазлуулах цаг ирэх вий дээ. 7 сарын 1-нд төр нь таван иргэнээ буудаж алчихаад хэнд хариуцлага хүлээлгэсэн бэ? Н.Энхбаяр хэдэн жил хоригдсоныг хүмүүс мэднэ. Гэтэл Ц.Мөнхбаяр нарт энэ олон жилийн ялыг өгч болохгүй. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна" гэлээ.
Х.Даваа