Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газраас /ГИХАЭГ/ манай улсад оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан таван жилээр олгодог.

Энэ сарын байдлаар хувийн болон бусад шалтгаанаар нийт 28 мянга гаруй гадаадын иргэн манай улсад ажиллаж, амьдарч байгаа аж. Гэвч жил бүрийн хаврын их бүтээн байгуулалтын ажилтай уялдан дээрх тоо эрс нэмэгддэг. 2013 онд Засгийн газрын квотоор нийт 30 мянган гадаадын иргэн манай улсад ирж ажиллахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан өчигдөр ГИХАЭГ-аас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад Монгол улсын иргэний харъяалал, виз, оршин суух зөвшөөрлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор уулзалт зохион байгуулсан юм. Энэхүү уулзалтад ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж, тэргүүн дэддарга Б.Цолмон, дэд дарга М.Мөнхбат нар оролцов.

Тэд уг салбарт дэлхийн жишигт нийцсэн нэг цэгийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд хамгийн эхэнд хууль, эрх зүйн орчин болон техник, технологийн шинэчлэлийг хийх таардлагатай байгааг хэлж байсан юм.

Харин Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд ихэвчлэн оршин суух зөвшөөрөлгүй, визний хугацаагаа хэтрүүлсэн зэрэг нийтлэг зөрчилтэй байдаг аж. Тиймээс тухайн газраас иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийдэг байна.

Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гадаадын ажиллах хүч оруулж ирсэн нэр бүхий 13 компанийн 151 гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрөлд шалгалт хийжээ.

Улмаар гурван орны 16 гадаадын иргэний зөрчлийг арилгаж, хоёр орны есөн гадаадын иргэнийг Монгол Улсад 1-3 жилийн хугацаанд дахин нэвтрэх эрхгүйгээр албадан гаргасан аж. Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдоржтой цөөн хором ярилцлаа.


Хуульд биш журамд асуудал байна

-Өнөөдрийн байдлаар манай улсад хэчнээн гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа вэ?

-Бид 30 хоногоос дээш хугацаагаар манай улсад амьдрахаар ирсэн гадаадын иргэдийн тоог бүртгэдэг. Харин 30 хоногийн дотор манай улсад ирээд буцсан гадаадын иргэдийг Хил хамгаалах Ерөнхий газарт бүртгэж авдаг. Манай улсад өнөодрийн байдлаар нийт 28 мянга орчим гадаадын иргэн түр хугацаагаар оршин сууж байна.



-Тэгвэл зөвшөөрөлгүйгээр амьдарч буй хэчнээн гадаадын иргэн байна. Тэднийг эргүүлж гаргах тал дээр ямар арга хэмжээ авч байна?

-Монголд хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэд тодорхой хэмжээгээр бий. Бид өнгөрсөн 2012 онд л гэхэд 1900 орчим гадаадын иргэнийг хуулийн хүрээнд албадан гаргасан. Нэг зүйлийг онцлоход манай байгууллага энэ жилээс Мөрдөн шалгах албатай болж байгаа.

 

Ингэснээр хяналт, шалгалтыг илүү өргөн хүрээнд хийнэ. Улмаар манай улсад олон жил хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг илрүүлж, албадан гаргах ажиллагааг зохион байгуулах болно.



-Манай улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэд гэмт хэрэгт орооцолдох тохиолдол байдаг. Иймэрхүү асуудалд цагдаагийн байгууллагатай хамтарч ажил ладаг уу?

-Тодорхой хэмжээнд, хуулийн хүрээнд хамтарч ажилладаг. Гэхдээ хууль бусаар амьдарч байгаа иргэдийг илрүүлэх, албадан гаргах тал дээр хүчний байгууллага сул ажилладаг гэхэд болно. Тиймээс бид энэ тал дээр түлхүү ажиллахын тулд Мөрдөн шалгах албыг шинээр байгуулсан.



-Гэхдээ манайд гадаадын иргэд ингэж олноор зөвшөөрөлгүй ажиллаж, амьдарч байгаа нь хууль эрх зүйн орчинтой нь холбоотой байж мэдэх юм?

-Тодорхой хэмжээнд тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль сайн болсон. Харин түүнийг дагасан журмууд нь дандаа дарга, удирдлага руу чиглэсэн байна. Үүнээс болж ажилчид иргэд, аж ахуй нэгжээс авлига, хээл хахууль авдаг. Тэд л хүнд суртал гаргадаг байсан.



-Тухайлбал?

-Жишээлбэл, 2007 онд Сэлэнгэ аймгийн хилээр визтэй 5800 орчим иргэн зорчдог байсан байгаа юм. Гэтэл өнгөрсөн 2012 онд 300 гаруй иргэн виз авч зорчсон байна. Энэ юу гэсэн үг вэ, хэтэрхий төв рүүгээ эрх мэдэл авсан нь анзаарагдаж байгаа биз дээ.

 

Тиймээс төв рүүгээ татсан эрх мэдлийг буцааж, орон нутагт нь өгнө. Ингэснээр хил орчмын худалдаа, иргэд хоорондын харилдаа дээд шатанд гарна. Мөн аялал жуулчлал сайжрах болно. Орон нутгийн болон бусад хил дээр байгаа газруудад эрх мэдлийг олгосноор улсын эдийн засагт ч өгөөжтэй болно.



-Удахгүй зам, барилга зэрэг бүтээн байгуулалтын ажил ид өрнөнө. Үүнтэй холбогдуулан энэ жил хэчнээн гадаадын иргэнийг ажиллуулах вэ?

-Нийт 30 мянган гадаадын иргэнийг ажиллуулна. Харин Хятад улсаас ойролцоогоор 26 мянга гаруй ажиллах хүч оруулж ирнэ. Мөн Засгийн газрын квоттой 2000 гаруй иргэнийг Солонгос улсаас авч ирж ажиллуулахаар болсон. Одоохондоо бусад орноос ямар нэгэн квот алга.



-Манай улсад ажиллаж, амьдарч буй урд хөршийн иргэдийн тоо хуульд зааснаас хэтэрсэн гэх яриа иргэдийн дунд байдаг. Гэтэл энэ онд Засгийн газраас 26 мянга гаруй хятад иргэнийг авч ирж ажиллуулахаар болсон байна?

-Өнөөдөр Монгол Улсад оршин сууж байгаа нийт гадаадын иргэний дийлэнх нь хятадууд байгаа нь нууц биш. Гэвч Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд «Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хүртэл хувь байж болно» гэсэн заалт бий. Энэ хүрээнд хамгийн их ажиллах хүчтэй улс бол өмнөд хөрш орон юм.



-Тэгвэл энэ тоо өмнөх жилүүдэд ямар байсан юм бол?

-Мөн л ийм байсан. Ер нь ойролцоогоор 30 мянга орчим л байдаг.



-Сүүлийн үед Солонгос улсаас ажилчид ихээр ирдэг болжээ. Тэд яг ямар журмаар орж ирдэг юм бэ?

-Янз бүрийн шугамаар орж ирдэг. Гэхдээ бид Солонгосоос орж ирж байгаа иргэдэд бүрэн хяналт тавьж ажилладаг.