“Туркойз Хилл”-ийн оруулсан 2.4 тэрбум ам.доллар Оюутолгой төсөлд бус “Рио”-ийн дансанд орчих вий
2014/01/22
“Туркойз Хилл”-ийн нэмэлт хөрөнгө оруулалт болох 2.4 тэрбум ам.доллар Оюутолгой төсөлд орохгүй, харин “Рио Тинто” өрөндөө авчих магадлалтай гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж өгүүллээ.
Энэ эрсдэлийг манай Засгийн газар бодож үзсэн болов уу. Мэдээж “Туркойз Хилл” компани “ Рио Тинто”-ийн шахалтад орж Оюутолгойн төслийн нэрээр мөнгө өгсөн гэвэл хэн ч итгэхгүй. Тэгэхээр “Туркойз Хилл” мөнгөө өгснөөс өөр “буруугүй”. Харин “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн даалгавраар хөрөнгө оруулагчдад захидал бичсэнийнхээ төлөө Да.Ганболдод суудлаа суллаж өгсөн Ц.Сэдванчиг маш чухал нөлөө үзүүлсэн. Харамсалтай нь “чухал ажлаа” амжуулчихаад гэм буруутай хэрэг үйлдсэн мэт огцорсон. Тэгэхээр Оюутолгой төсөл ч гэсэн “зүтгэсэн хүндээ хатуу” байх нь.
Түүнийг захиа бичсэний дараа хөрөнгө оруулагчид тодорхой хугацаанд судалж зөвлөлдсөний эцэст “Туркойз Хилл” хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэр хүн бүхнийг баярлуулаагүй.Учир нь өнөөдөр “Туркойз Хилл”-ийн хувьцааг яаран авсан хувьцаа эзэмшигчид ууртай байна. Аргагүйн эрхэнд нэмэлт хувьцаа гаргах болсон нь хувьцааны ханш буурахад нөлөөлөх учраас тэр шүү дээ.
Энэ нь манайд хамаагүй бөгөөд хамгийн гол нь эрсдэлгүй. Өөрөөр хэлбэл нэг удаа ч атугай аюул холуур өнгөрлөө. Оюутолгой төсөлд өөрийн талын хөрөнгө оруулалт хийх гэж зээл аваад түүгээрээ “Туркойз Хилл”-ээс зээлсэн “Рио Тинто”-ийн өрийг төлчихсөн бол яана. Тэгсэн бол жинхэнэ аюул учрах байв. Ямартай ч Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан “Монголын Засгийн газар” гэдэг хуулийн этгээдийг оролцуулахгүйгээр нэмэлт хөрөнгө оруулалт олдож ажил урагшилж мэдэхээр байна. Харин одоо Монголын Засгийн газар “Туркойз Хиллийн оруулсан хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдах уу. Өөрөөр хэлбэл төслийн ажлыг гацаанаас гаргахад зориулагдах уу. Эсвэл “Рио Тинто” өрөндөө авахаар дансандаа шилжүүлчих болов уу гэдгийг анаж хянаж суух том үүрэг үүргийг хүлээж байна.