Элчин сайд П.Зүмбэрэллхам итгэмжлэх жуух бичгээ барив
2014/01/22
Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам 1 дүгээр сарын 20-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхийлөгч Иван Гашпарович-ид бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барилаа.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Иван Гашпарович Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Зүмбэрэллхам Ерөнхийлөгч Иван Гашпарович-ид Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг дэвшүүлж, словакийн найрсаг ард түмэнд хөгжил дэвшил хүссэнийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Словак Улсад урьж, хариу мэндчилгээ уламжлав.
Элчин сайд Д.Зүмбэрэллхам хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өнгөрсөн оны 4-р сард Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн сайд М.Лайчак-ийн болон 9 дүгээр сард Словакийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Буриан, Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Павлис, Хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Лацко-Бартошова нарын хийсэн айлчлалууд ихээхэн түлхэц өгснийг тэмдэглэн 2014 онд Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Р.Фицог Монгол Улсад айлчлуулах чиглэлээр ажиллаж буйгаа нотлов.
Түүнчлэн Элчин сайд Монгол Улсын төрөөс эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн салбарын өгөөжийг оновчтой ашиглан хуваарилах, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцээ хөгжүүлэх бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж байгаа талаар мөн худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлж байгааг танилцуулж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Словакийн тэргүүний туршлагаас судалж нэвтрүүлэх боломжтой бүх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэн хэлсэн байна.
Ерөнхийлөгч Иван Гашпарович хоёр талын хамтын ажиллагааг ялангуяа Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орчныг нь сайжруулах, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, эрчим хүч болон байгаль орчны салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу Монгол Улсын сүүлийн жилүүдэд хийсэн нийгэм эдийн засгийн өөрчлөлт амжилтыг өндрөөр үнэлээд хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхийлөгч Иван Гашпарович Элчин сайд Д.Зүмбэрэллхамд Итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.