ШВЕДҮҮД ӨМНӨД СОЛОНГОСЫГ 1:0-ЭЭР ХОЖСОНООР 3 ОНООТОЙ БОЛОВ

 Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн Швед, БНСУ-ын тоглолт Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 20 цагт эхэлж /2018.06.18/, 1:0-ээр Шведийн ялалтаар өндөрлөлөө.

“Нижний Новгород” цэнгэлдэхэд энэ тоглолтыг 42300 хүн үзсэн бөгөөд Швед улсын шигшээ багийн төвийн хамгаалагч Гранквист Андреас 65 дахь минутад торгуулийн цохилтоос шийдвэрлэх гоолыг хийсэн юм.

Энэ хэсгийн эхний тулаан болох Герман, Мексикийн тоглолтод германчууд ялагдал хүлээсэн нь томоохон дуулиан тарьсан юм. Харин өнөөдрийн багуудын хувьд тэнцэхээс илүүтэй хожих нь чухал байв. Ялангуяа Шведийн баг Итали, Нидерландын шигшээг нутагт нь үлдээж, ДАШТ-д оролцох эрхээ авсан. Иймд энэ тоглолтод заавал хожих нь нэр төрийн хэрэг бөгөөд энэ үүргээ шведүүд ийнхүү хангалттай биелүүлж чадлаа.

Английн “Тоттенхэм Хотспур” клубт хүчин зүтгэдэг Сон Хын Мин зэрэг хэд хэдэн шилдгүүдийг багтаа багтаасан БНСУ-ын баг энэ удаа оноо авч чадсангүй.

F хэсэгт Швед, Мексикийн багууд тус бүр 3 оноотой болж, БНСУ  болон Германы шигшээ 0 оноотой явна.

 

Бельгийн шигшээ баг Панамын шигшээг 3:0-ээр илүүрхэн хожлоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий G хэсгийн Бельги-Панамын тоглолт Улаанбаатарын цагаар /2018.06.18/ өчигдөр шөнө 23 цагт Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд 43,2 мянга гаруй үзэгчдийн өмнө эхэлж, Бельгийн шигшээ баг 3:0-ээр илүүрхэн хожлоо.

Энэ тоглолтын эхний гоолыг хоёр дахь хагасын 47 дахь минутад Бельгийн довтлогч Дрис Мертенс оруулсан бол Ромел Лукаку 69, 75 дахь минутад тус тус гоол хийж “Улаан чөтгөрүүд” хэмээх бельгичүүд панамын шигшээг илт давуутай хожиж хэсгээ тэргүүллээ. 

Англичууд Тунисын шигшээг 2:1 ээр хожлоо

Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэхэд урд шөнө манай цагаар 02 цагт хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи-Тунисын шигшээ багуудын халз тулаан болж англичууд 2:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.

Хойд Африкийн төлөөлөл “Карфатын бүргэдүүд” буюу Тунисын шигшээ багтай хийсэн английн шигшээ энэ тоглолтын гоолын салхийг хагалсан бөгөөд Кейн эхний хагасын 11 дэх минутад Тунисын хаалганд гоол оруулав. Харин Тунисын Ф.Сасси 35 дахь минутад торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг хийсэн юм. Английн шигшээ маш олон довтолгоо хийсэн боловч амжилт ололгүй 90 минутаа дуусгав.

Харин шүүгчийн өгсөн нэмэлт 4 минутын эхний нэг дэх /90+1/ минутад 24 настай Харри Кейн булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг толгойгоороо мөргөж оноог 2:1 болгож багтаа ялалтыг авчирлаа.

Манай монголчуудын хувьд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй баг бол Английн шигшээ баг юм. Энэ удаагийн ДАШТ-д харьцангуй залуу, эрч хүчтэй баг бүрдүүлсэн Английн шигшээ баг эхний тоглолтоо ийнхүү ялалтаар дуусгаж чадлаа.

Английн шигшээ багийн эсрэг Тунисын шигшээ баг гурав дахь удаагаа тоглож байгаа бөгөөд 1990 онд хийсэн нөхөрсөг тоглолтод 1:1-ээр өндөрлөсөн, харин 1998 оны ДАШТ-д англичууд тунисчуудыг 2:0-ээр хожиж байсан бол энэ удаа 2:1-ээр буулгаж авлаа.

Энэ жилийн ДАШТ-д том багуудыг чансаа доогуур жижиг багууд ихэд сандаргаж, зарим нь бүр хожиж байгаа нь хөлбөмбөгийн шигшээ багуудын ур чадвар жигдхэн ахиж байгаагийн нотолгоо болж байна.