УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нам бүрийн хүсэл сонирхол нь хамгийн түрүүнд “Эрдэнэт” үйлдвэрийг онилдог. Улмаар тухайн нам дотроо аль фракц, бүлэглэл нь “Эрдэнэт”-ийг захирах вэ гэх “тулаан” өрнөх нь ч бий.

Ингэх шалтгаан нь “Эрдэнэт”-ээр дамжуулан эд хөрөнгөө зузаатгах хүсэл. Зөвхөн нэг хүний бус нэг хэсэг хүний, нэг намын ч санхүүгийн эх үүсвэр болж чаддаг учраас тэр. Үүний баталгаа нь өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлд­вэрийн агуулахад арав орчим тэрбум төгрөгийн “хог, хаягдал” агуулагдаж байгаа гэх мэдээллээр тайлбарлагдана. Гэхдээ яг ч бас хог, хаягдал гэж хэлж болохгүй.

 

Учир нь “Эрдэнэт”-ээс бусад газарт хэрэглэх боломжтой атлаа тус үйлдвэрт ямар ч хэрэггүй тоног төхөрөөмжүүд аж. Тэдгээрийн өртөг нь 10 тэрбум. Аймар байгаа биз. Ашиггүй, хэрэггүй тоног төхөөрөмжийн шахаа нь 10 тэрбумаар хэмжигдэнэ гэдэг яаж ч бодсон хэр баргийн хүний тархинд буух тоо биш. Харамсалтай нь энэ шахаа тус үйлдвэрийн үе, үеийн удирдлага хийгээд хууль бус нийлүүлэгчдийн санаанд багтсаар ирсэн нь энэ.

Уг мэдээллийг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын үүрэг гүй­цэт­гэгчээр ажиллаж буй Ц.Даваацэрэн дэлгэсэн. Улмаар “Арваад тэрбум төгрөгийн үйлдвэрт хэрэглэгдэхгүй материал, тоног төхөөрөмж байна. Хэн хэзээ нийлүүлсэн, хэн захиалсан, яг хэний буруугаас ийм байдалд үүссэнийг тогтоож хариуцлага тооцно” гэсэн байна билээ. Түүнчлэн “Гадаадаас 100 төгрөгөөр нийлүүлчих зүйлийг 150-200 төгрөгөөр нийлүүлдэг асуудлууд байдаг юм байна. Үүнийг цэгцэлж байгаа. Иймд ханган нийлүүлэлтийн ажлыг бид өөрсдөө хийхээр хичээж байна. Ямартаа бид эхнээс нь үнийг буулгаж байгаа” гэж.

Үүнтэй холбогдуулаад нэгэн улстөрчийн яриаг хүргэе. Гэхдээ нэрийг нь нууцлая. Тэрбээр “Улс төрд ороход танилын хүрээ нэмэгдэхийн хэрээр хувийн бизнес рүү ирэх дарамт, шахалт ихэсдэг юм байна. Наад зах нь 20 мянган төгрөгийн дугуйг 50 мянган төгрөгөөр шахах гэж дайрч байх жишээний. Тэгээд “Яагаад ингэж байгаа юм бэ” гэхээр “Ах нь, эгч нь чамайг дэмжинэ. Ийм юм байх шүү дээ. Би чиний ард шүү” гэх мэтээр худлаа яриад эхэлдэг” хэмээж байсан. Тэгэхээр иймэрхүү харилцаа зөвхөн улсын “Эрдэнэт”-д төдийгүй хувийн компанид ч байдаг шиг байгаа юм.

Гэхдээ монголчуудын хувьд “Эрдэнэт” нь нэг хүний компаниас хамаагүй илүү үнэ цэнэтэй үйлдвэр. Яагаад гэвэл улсын хөрөнгөөр босгосон учраас тэр. Гэтэл улстөрчид “Эрдэнэт”-ийг хувийнх юм шиг ашиглахыг чухалчилдаг. Уншигч та бодоод үзээрэй. Зөвхөн агуулахад нь гэхэд 10 тэрбумаар үнэлэгдэх “Эрдэнэт”-д хэрэггүй тоног төхөөрөмж хийгээд төмрийн хаягдал байна гээд тооцоод үз. Яаж ч бодсон энэ бол шударга бус үйлдэл. Иймд Ц.Даваацэрэн захирал хувь хүнийхээ хувьд дээрх мэдээллийг дэлгэж чадсан шигээ шалгуулж чадвал тэр нь ёстой гайхамшиг болж мэдэх юм. Гол нь хэлсэндээ хүрвэл шүү дээ.

Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн үе, үеийн удирдлагуудыг шалгуулах хэрэгтэй болно. Гэтэл тэдний нэг болох Д.Дорлигжав нь өдгөө улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа. Тэгэхээр шалгалт Х.Наранхүү, Ч.Ганзориг нарыг чиглэх магадлалтай юм. Нэг ёсны шударга ёсыг тогтоох шалгалт жинхэнэ утгаар нь үнэнийг олох нь юу л бол. Ямар Д.Дорлигжав прокурор өөрөө, өөрийгөө шалгалтай биш дээ. Гэсэн ч “Эрдэнэт”-ийн агуулахад 10 тэрбум төгрөгийн “хог, хаягдал” хэвтэж буйг мэдээлсэн тус үйлдвэрийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчид энэ удаадаа талархал илэрхийлэхэд буруудахгүй биз ээ. Дээр нь шалгалт нь бодитой, шалгаруулагчид нь тэгш үүрэгтэй байгаасай билээ.

 

Г.Отгонжаргал