Дорноговь аймгийн Улаанбадрах сумыг тойрсон ураны асуудал нам жимхэн болсон. Гэтэл өнөө хэр нь мал эндсээр байгааг малчид хэлж байна. Өнгөрсөн долоо хоногт тус суманд иргэний хөдөлгөөнийхөн очиж уулзалт хийжээ. Энэ талаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн малчин Д.Гантөрөөс тодрууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сая иргэний хөдөлгөөнийхөн танай суманд очсон гэж сонслоо. Ураны асуудлаар очсон юм уу?

Гурван багийн нэгдсэн хурал болох гэж байгаа. Энэ хурал дээр ирж бидний санал санаачлагыг цааш нь дамжуулж бидний дуу хоолой болж, телевизтэй ирэхийг бодоорой гэж манай малчдаас санал тавьсан юм. Тэгээд тэр шугамаар “Гал үндэстэн” холбооныхон, Мөнхбаяр, гамшгийн Ганбаатар нар ирсэн. Хамгийн гол нь төрийн гурван өндөрлөгт өргөдөл гаргасан биднийг авч хэлэлцсэн юм ч алга. Тэгээд бид иргэдийн нийтийн хурлаараа бидний нэрийн өмнөөс иргэний хөдөлгөөнийхнийг бидний дуу хоолой, бидний төлөөлөл болгож явуулахаар тогтоол гаргаж өгсөн юм.

Төрийн гурван өндөрлөг гэснээс дээрээс та нарт тодорхой хариу танилцуулсан уу?

Бидэнд, наадах чинь ямар ч хоргүй, хортой гэсэн баталгаагаа гаргаад ир гэсэн.

Хэн тэгэж хэлсэн юм бэ?

Аймгийн дарга П.Ганхуяг тэгэж байна лээ. Та тэр баталгаагаа гаргаад ир гэсэн. Намайг нэг хурал дээр ураны талаар хөндөж тавьсан чинь “Чи улсаас ер нь юу нэхэх гээд байгаа юм. Та нарын үнэн худлаа ярианаас болоод улсын хөгжлийг хойш нь татмааргүй байна. Чи тэгэж том ярих гээд байгаа бол надтай гараад нэг уулзаадах даа” гэж байна лээ.

Одоо мал хорогдож байна уу? Хавар болж мал төллөх дөхлөө малын ураг гажих гэх мэт ямар нэгэн юм мэдэгдэж байна уу?

Үгүй. Одоо арай төллөж амжаагүй байгаа шүү дээ. Мал нөгөө уушиг нь устаад үхдэг нь хэвээрээ. Харин намрынхыгаа бодвол үхэх нь арай хол зайтай үхэж байна. Яагаад гэхээр энэ жил бидний хөөцөлдөж явсаны ачаар Арева нэг их ажиллаагүй л дээ.Тийм болохоор харьцангуй гайгүй байна.

Арева одоо олборлолт хийж байгаа юу?

Арева ажиллахгүй байгаа. Тэгээд сая Аревагын зүгээс бидэнд мэдээллийн зөвлөл байгуулая гэсэн санал тавьсан.

Тэр нь ямар учиртай зөвлөл юм бэ?

Зүгээр л ард иргэд ингэж мэдээлж байна. Арева компани ингэж байна гэсэн хоорондоо мэдээлэл солилцоод явах нэг тийм эрх үүрэгтэй. Ямар ч эцсийн шийдвэр гарахгүй нэг тиймэрхүү юм ярьж байна. Тэгээд бид дэмжээгүй. Манай багийнхан ер нь иргэд дэмжээгүй.

Намар гадны шинжээчид очоод шинжлээд явсан. Тэрнээс хойш дүнг нь танилцуулсан уу?

Шинжилгээ авсан гээд явж л байдаг. Тэгээд төдийд авсан шинжилгээ гээд нэг их тодорхой ярихгүй л юм байна. Тэгэхдээ нэг хонины өвчний шинж тэмдэгтэй байна гэсэн шинжилгээний хариу ирсэн.

Дээр үед танай нутагт уран олборлож байсан гэж дуулдах юм?

Биднийг урантай танилцаж явахад Оросын ухаж байсан ураны хаягдал гээд үзүүлсэн. 1960-аад оны сүүл байна уу дунд хэрээр юм уу даа нэг багцаатай юм байна лээ. Тэгээд Арева биднийг аваачиж үзүүлсэн юм. Оросын уран хайж байсан хаягдал гээд үзүүлсэн. Тэр дээр нь цацрагийн хэмжээ асар өндөр гарч байсан. Оросын хаягдлаас хүртэл цацраг илэрч байгаа гэж ярьчихаад, өөрсдөө 2007,2008 оны үед олборлож хайгуулаа хийж байхдаа яг тэнд аваачиж булж байсан гэж байна шүү.

Тэрийг та хаанаас мэдэв?

Аревад ажиллаж байсан хүн тэгэж ярьж байна.

Одоо энэ ураны асуудал яг юу болж шийдэгдэв? Цаашид олборлуулахаар болсон уу?Та нарын зүгээс юу хийж байна?

Бид бол бүх шат дамжлагаараа яваад ирсэн. Шинжилгээний хариу эргээд ирсэн ямар ч тийм юм байхгүй гэсэн. Сая Аревагийн хүүхэн ирээд хүртэл хэлж байна лээ. Зүүнбаян Улаанбадрах хоёрын хүмүүс Сайншандыгаа бодвол харьцангуй эрүүл байгаа гэж байна лээ. Малын өвчин хүртэл тэгэж худлаа гараад байхад хүний шинжилгээ яаж зөв гарах вэ дээ гэж бодож байна.

Та намар ярихдаа хүнд нөлөөлөөд эхэлчихлээ гэж байсан. Одоо уран хүнд нөлөөлж байгаа нь ажиглагдаж байна уу?

Саяны хурал дээр харахад илэрч байна гэж хүмүүс ярьцгааж байна лээ. Бид мал хуйгаа гэсээр айл болгоноос танай дээр илэрч байна уу гээд яваад байх боломжгүй болохоор сайн тодорхой мэдэхгүй л байна. Хүний үс халзраад байна гээд сонсогдох л юм.  Аргалантын чигийн хүүхэд том хүн нийлсэн хэдэн хүн цуглуулаад 30 хүнд элэгний биохимийн шинжилгээ хийхэд 15 нь өөрчлөлттэй гарч байна гэсэн үзүүлэлт байсан.

Энэ үзүүлэлтийг хаанаас гаргасан юм бол?

Аймгийн хүн эмнэлгээс тэгэж шинжилгээ авсан шиг байна лээ.

Одоо та нарын зүгээс энэ тал дээр арга мухардсан уу. Хотод ирэх сураг байсан уу?

Одоо тэгнэ ингэнэ гэсэн тодорхой юм байхгүй байна. Гэхдээ ямар ч байсан дээрээсээ харах юмгүй болсон юм чинь бид өөрсдөө л арга хэмжээгээ авна даа. Бүх л газраар хандсан. Арева ажлаа эхэлнэ гэвэл бид иргэний эрх гэж байдаг бол тэрийгээ өмнөө бариад нэг юм болох л байхдаа.

Хотод нэг хэлэлцүүлэг хийх гэж байгаа гэсэн үү, хэзээ хийх гэж байгаа юм бэ?

Тэрийгээ нааш нь бидэнд мэдэгдэнэ гэсэн. Иргэний нийгмийн байгууллагууд, Арева хоёр хоорондоо тохиролцож хэлэлцүүлэг хийх гэж байгаа юм байна лээ. Тэгээд орон нутгийнхнаас байлгая гэсэн саналыг иргэний нийгмийнхэн тавиад байгаа юм гэсэн. Арева яах юм мэдэхгүй л байна.

Үхсэн малынхаа уушгийг аймгийнхаа холбогдох газруудад өгсөөр байгаа юу, больсон уу?

Манай энэ Аргалантынхан яаж байгаа юм. Бараг өгч байгаа байлгүй. Энэ жил би үүцнийхээ малын уушгийг авчихсан байгаа. Нэг гүзээнд нь хийгээд бүр бэлдээд тавьчихсан байгаа.

Миний асуугаагүй таны ярихыг хүссэн зүйл ?

Би Цэрэнчимэд гэдэг хүнтэй утсаар холбогдож ярьсан юм. Улсын Мал эмнэлгийн дарга гэж л намайг таван сард хотод явж байхад “Монгол” HD телевизийн халз ярилцлаганд надтай орсон. Тэр хүн надтай утсаар холбогдож яриад “Манайд шинжилгээний хариу ирчихсэн байна” гэсэн. Тэгээд гоц халдвартай наадах чинь аюултай гэсэн хэрнээ ямар ч юм хийхгүй болохоор нь гайхаад асуусан чинь “Наадах чинь манайхаас малын өвчин гэж гараагүй. Наадах чинь уул уурхайгаас болсон. Уул уурхайн ужиг хордлого. Селиум, зэс юм уу ямар нэгэн уул уурхайн хордлого байна. Яг уран гэж бол гараагүй. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр уул уурхайгаас гарсан байна. Тэгээд Алтанхуяг сайдад танилцуулсан чинь Алтанхуяг сайд учиргүй уурлаад чи зүгээр мэддэгээ л мэд гэж намайг загнасан гэж Цэрэнчимэд гуай надад тэгэж утсаар ярьсан. Тэгвэл би өөрийн биеэр очоод танай дээрээс тэр шинжилгээнийхээ хариуг авч болох уу гээд намайг хэлтэл нэг түгдэрсэнээ “ Уг нь энд байх ёстойдоо. Чи өөрөө хүрээд ирвэл байж магадгүй дээ л гэж” байна лээ. Тэгээд би очиж чадаагүй.

Баярлалаа. Ярилцлагын төгсгөлд таны хэлэх үг?

Төрийн гурван өндөрлөгтөө болон УИХ-ын гишүүддээ хандаж хэлье дээ. Энэ чигээрээ яваад байвал хүссэн хүсээгүй гарцаагүй иргэний дайн болно. Заавал хүний тэсвэр тэвчээрийг алдтал, ард иргэдээ заавал ингэж тэмцлийн ширүүн хэлбэрт оруулж байснаас энэ дээр ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөч гэж л санал тавих байна даа.

Ярилцсан:Б.Энхчимэг