Эмнэлэг бүр “шоронгийн булан”-тай болох нь
2013/01/27
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн шинэ барилгыг Хууль зүйн яам мэдэлдээ авч албан тасалгаа болгохоор Засгийн газраар шийдвэр гаргуулаад байгаа билээ.
Тэд тухайн барилга дээр дотоодын цэргийн хамгаалалт гаргаж, өнөө маргаашгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байсан оношилгооны төв руу эмч ажилчдын орох гарахыг хязгаарлажээ.
Энэ бүхнийг эсэргүүцсэн эмнэлгийн ажилтнууд тэмцлийн хурц хэлбэр өлсгөлөнг сонгон бэлтгэлээ хангаад байсан юм. Энэ сарын 21-22-нд шилжих шөнө өлсгөлөн зарлахад зориулан барьсан гэрийг нь цагдаагийн ажилтнууд хүчээр хураан авч явжээ. Эмнэлгийн барилгууд муудаж, хуучран, ачааллаа даахгүй болсон энэ цагт эмнэлгийг өөр зориулалтаар ашиглах гэж байгаа нь баахан гомдол, эсэргүүцэл дагуулсаар байна.
Саяхан Эрүүл мэндийн сайд хэд хэдэн эмнэлгээр орж ажил байдалтай нь танилцахдаа болж бүтэж байгаа гэх нэгээхэн ч эмнэлэг байхгүй байгааг нүдээр харж, чихээр сонссон мөртөө эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгад эмнэлэг оруулах сэтгэл гаргасангүй. Хүүхдийн эмнэлгүүд халуун намраас эхлэн өвчтнөө багтаахгүй шалаар зулж, түлэнхийн төв, гэмтлийн эмнэлэг зэрэг нь үргэлжийн чихээстэй байдаг. Төрөх эхчүүд нэг орон дээр хоёроороо хэвтдэг болсон.
Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар, төсвийн хуулийн дагуу буюу татвар төлөгчдийн мөнгөөр барьсан барилгын зориулалтыг өөрчлөн ашиглах гэж байгаа нь Хууль зүйн яам хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Үүнийг эрүүл мэндийн ажилтнууд, тэнд ажиллаж байгаа ҮЭ-ийн гишүүд эсэргүүцэж байгаа юм. Өөрчилнө гэдэг нь бас л “тэмээн дээр ямааны гарз” гэгчээр баахан мөнгө зарцуулна гэсэн үг.
Бараг л шинэ байшин барихтай тэнцэх биз. Тус эмнэлэгт цэргийн цол зэрэгтэй эмч нараас гадна энгийн ажилтан ажилчид олон байдаг. Тэдний ҮЭ байгуулсныг, зохистой ажлын байрныхаа төлөө хийж буй тэмцлийг мугуйдлан, үл мэдэгчийн байр сууринаас мушгин гуйвуулсан мэдээллийг ХЗЯ, түүний сайд удаа дараа олон нийтэд өгч байна.
Хөдөлмөрийн хүн, тэдний эвлэлдэн нэгдсэн ҮЭ ажлын байраа хадгалж үлдэх, зохистой ажлын байранд ажиллах эрхээ хамгаалах эрхтэй. Уг эмнэлэг ашиглалтад орж үйлчилгээ нь эхэлсэн нөхцөлд сувилагч, асрагчийн 80 гаруй ажлын байр шинээр бий болох байлаа. Орчин үеийн оношлогооны багаж төхөөрөмж түүнийг дагсан эрүүл, аюулгүй, орчин үеийн стандарттай ажлын байр Монголд бий болох боломж бас хойшлоход хүрээд байна.
Харин түүний оронд эмнэлэг бүр “шоронгийн булантай” болох нь тодорхой болов. Эрүүл мэндийн сайд, хууль зүин сайдын гаргасан шийдвэрээр “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хоригдол төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжиж хэвтэж эмчлүүлэхийг хориглох” тухай заалтыг хүчингүй болж Монгол Улсын хэмжээнд ял эдэлж буй 7000 гаруй хоригдол нийтээрээ жирийн иргэдийн адил төрөлжсөн болон нэгдсэн эмнэлгүүдэд эмчилгээ үйлчилгээ хийлгэх эрхтэй болжээ.
Ингэснээр эмнэлгүүд хоригдолд зориулсан тусгай хамгаалалттай байр бэлтгэж, харуул хамгаалалт авах хэрэгтэй болж байна. Хууль зүйн сайдын эмнэлгийн байрыг булаах санаачилгыг ардчилсан засгийн тэргүүн, ардчилсан ерөнхийлөгч дэмжин зоригжуулж байгааг мэдээллийн хэрэгслээр олон нийт харсан. Түүний ард ямар ч хамаагүй үнээр тэр барилгыг ав.
Ардчилсан намын байр болгоно гэсэн даалгавар байгаа гэсан яриа ч сонсогдож байна. Энэ нь бас л эрүүл мэндийн ажилтнуудын ажлын байрны аюулгүй байдлыг алдагдуулж, дарамт, болгоомжлол, түгшүүртэй орчин бий болгоход хүргэж байна.
Эх сурвалж: “Хөдөлмөр”