Азийн манлайлагчид гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг тодорхойлно
2018/07/04
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал Ази номхон далайн бүс нутгийн улс төрийн манлайллын өндөр түвшний төлөөлөгчдийн манлайлагчдын уулзалтаар Шангрила зочид буудалд үргэлжилж байна.
Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн хатагтай Мами Мизутори нар удирдаж байгаа юм.
Энэхүү уулзалтаар бүс нутгийн гамшгийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдал, ололт амжилт, цаашдын үйл ажиллагааны хэрэгжилтийг удирдан чиглүүлэхэд тулгарч буй хүндрэлийг даван туулах зөвлөмжийг болон гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна.
Азийн манлайлагчдын уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлын өндөр дээд арга хэмжээний нэг болох Азийн манлайлагчдын хуралдаанаас гарсан улс төрийн шийдвэр нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний гол шийдэл, чиг хандлагыг тодорхойлж байдаг.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүгнэлтээс харахад бид чамлахааргүй амжилтад хүрсэн байна. Тухайлбал улс орнууд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх стратеги, төлөвлөгөөгөө батлан, үндэсний хөгжлийн бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлж байна. Мөн гамшгийн хохирлын мэдээллийг цуглуулах, боловсруулах гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын төвүүдийг шинээр байгуулж байна. Бүс нутгийн шинжтэй олон хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг тооцсон хөрөнгө оруулалтыг хийж, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах бүс нутгийн механизм байгуулагдаж, олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлага, эрсдэлийн мэдээлэлд суурилсан даатгалын механизмыг бодитой бий болгож чадсан байна” онцлон тэмдэглэлээ.
Азийн манлайлагчдын уулзалтад Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал, гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал, гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ /чуулганыг өмнө нь зохион байгуулсан болон зохион байгуулах улс орны сайд, төлөөлөгчдийн тэргүүнүүд оролцож байна. Энэхүү уулзалт нь тус бүс нутгийн бүс нутгийн улс төрийн манлайллын өндөр түвшний форум бөгөөд бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын бодлого чиглэлийг тодорхойлох юм