АНГЛИЧУУД 2:0-ЭЭР ШВЕДЧҮҮДИЙГ ХОЖИЖ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан Швед-Английн шигшээ багийн халз тулаан Самара хотын “Самара арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.07/үдшийн 22 цагт эхэлж, 2:0-ээр Английн шигшээ хожлоо. 

Энэ тоглолтын 30 дахь минутад Шведын хаалганд Янгийн өшиглөсөн булангийн цохилтыг Харри Магуайра мөргөж гоол орууснаар 1:0-ээр англичууд тэргүүлж эхэлсэн юм. Улмаар тоглолтын хоёрдугаар хагасын 58 дахь минутанд Деле Алли хоёр дахь гоолыг мөргөж оруулснаар англичууд 2:0-ээр тэргүүллээ улам бататгаж чадлаа.

 

ХОРВАТУУД ОХУ-ЫН ШИГШЭЭГ 2:2 /4:3/-ООР ХОЖИЖ ҮЗЭГЧИЙН СУУДАЛД СУУЛГАВ

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу  2018 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан ОХУ-Хорватын шигшээ багийн халз тулаан Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.08шөнийн 02 цагт эхэлж, 1:1 /4:3/-ээр хорватууд хожлоо.

Энэхүү тоглолтын 31 дэх минутад Дзюбагийн дамжуулалтаар Денис Черышев анхны гоолыг Хорватын хаалганд оруулсан бол 8 минутын дараа буюу 39 дэх минутад Манджукичийн дамжуулалтаар Крамарич тэнцээний гоолыг хийж 1:1 болгосон. Улмаар үндсэн цаг 1:1-ээр дууссан юм.  

Харин нэмэлт 30 минутын тоглолтод Хорватын Вида 101 дэх минутад гоол оруулж 2:1-ээр хорватчууд тэргүүлж эхэлсэн. Гэвч 115 дахь минутад Загоевын өшиглөсөн торгуулийн цохилтыг Марио Фернандес мөргөж Хорватын хаалганд гоол оруулснаар 2:2 болж, хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн.

Ингээд торгуулийн цохилтыг гүйцэтгэхэд оросуудыг 3:4-өөр
 ялж, хорватчууд  хагас шигшээд өрсөлдөх эрхийг авч чадлаа.

Тодруулбал, эхний цохилтыг Феодор Смолов гүйцэтгэсэн бөгөөд түүний маш сулхан өшиглөсөн бөмбөгийг Субашич төвөггүй хааж оросууд эхний боломжоо алдсан юм. Харин Брозович оросын хаалганд гоол хийж 0:1 болж Хорват тэргүүллийг гартаа авлаа. Харин хоёр дахь цохилтыг хийсэн Загоев /1:1/ тэнцээний гоол хийсэн бол  Ковачичийн цохилтыг /1:1/ Акинфеев хааж чадсан юм.

Улмаар ОХУ-ын шигшээгийн гурав дахь цохилтыг Марио Фернандес өшиглөсөн нь хаалганы хажуугаар өнгөрч гоолын тоо 1:1 хэвээр үлдсэн бол Модричийн цохисон бөмбөг штанг цохиод гоол орсноор тоог 2:1 болгож хорватууд тэргүүлж эхэлсэн.

Харин 38 настай Игнашевич тэнцээний гоолыг /2:2/ оруулж чадсан боловч Вида гоол оруулснаар дахин хорватууд 3:2-оор тэргүүлж эхэллээ. ОХУ-ын шийдвэрлэх тав дахь цохилтыг гүйцэтгэсэн Кузяев тэнцээний гоолыг /3:3/ оруулсан хэдий ч Хорватын сүүлийн цохилтоос ялагч тодрох байв.

Энэ хариуцлагатай цохилтыг Ракитич амжилттай гүйцэтгэж хорватууд 4:3-аар хожиж, хагас шигшээд Английн шигшээтэй хүч үзэхээр тодорлоо.

Ийнхүү оросууд нутгийнхаа дэвжээн дээр үзэгчийн суудлаас ДАШТ-ий хагас шигшээ болон шигшээ тоглолтуудыг үзэхээр боллоо. Гэхдээ эх орондоо болсон ДАШТ-д тэд 52 жилийн өмнөх түүхэн амжилтаа давтахыг тун дөхсөн нь энэ удаа ард түмнээ чамгүй баярлуулж чадсан болов уу.