Аврагчид агуйд гацсан 4 хүүхдийг амжилттай гаргалаа
2018/07/09
Таиландын аврагчид үерт автсан Кхао Луанг гэдэг агуйд боогдоод байгаа 13 хүнээс 4 хүүхдийг гаргаж чадсан байна. Хүүхдүүд болон тэдний дасгалжуулагч багш уг агуйд хоёр долоо хоног гаруйн турш байсан юм.
Аврах ажиллагааг удирдаж буй Наронгсак Осоттханаконы мэдэгдсэнээр, хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна.
Харин тэрбээр бусад хүүхдүүд болон дасгалжуулагчийг хэзээ агуйгаас гаргаж авах боломжтой талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Аврах ажиллагааны дараагийн үе шат 10-20 цагийн дараа эхэлж магадгүй байгаа бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалах аж. Учир нь, агуйгаас гарах замын дагуу байрлуулсан хүчилтөрөгчийн баллонуудыг солих шаардлагатай байна.
Наронгсак Осоттханаконы ярьснаар, аврах ажиллагаанд гадаадын 50, Таиландын 40 шумбагч оролцож байгаа аж.
Болсон явдлын тухайд сануулан дурдахад, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд 6 дугаар сарын 23-ны өдөр Кхао Луанг агуйн аман дээр нэг мотоцикл, хэд хэдэн унадаг дугуй болон спортын хэрэглэл байсныг олжээ. Тэд орон нутгийн хөл бөмбөгийн клубтэй холбогдон лавлахад, эдгээр мотоцикл, унадаг дугуй, спортын хэрэглэлүүд нь 12 сурагч ба тэдний дасгалжуулагчийнх мөн гэдгийг нотолсон байна. Хүүхдүүд болон тэдний дасгалжуулагчийн хоргодож буй агуй нь 10 км урт, хэд хэдэн амтай ба дотроо том хонгилуудтай учраас үерийн уснаас зугтан хоргодох боломжтой гэнэ.