Хурдан морины салбар хорооны орлогч дарга хурандаа Ж.Болдбаатар "Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу салбар хороо байгуулагдаж ажилладаг.

Манай хороо 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хурдан морины салбар хороо Хүй долоон худагт долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ажиллана. Энэ хугацаанд 2,500-3,000 төрийн албан хаагч хурдан морь уралдуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил Монгол телевиз, ETV, TV9 телевиз хурдан морины уралдааныг шууд дамжуулна"гэв.

Хурдан морины уралдааны хуваарь:

  • Долоодугаар сарын 10-нд Хязаалан /17 км/, Шүдлэн /14 км/
  • Долоодугаар сарын 11-нд Азарга /23 км/, Их нас /25 км/
  • Долоодугаар сарын 12-ны өдөр соёолон /23 км/, даага /12 км/
  • Долоодугаар сарын 13-нд шинэ монгол адуу /эрлийз/ буюу гурван насны морьдын уралдаан болно.

Хүй 7 худагт зохион байгуулах арга хэмжээ:

  • Долоодугаар сарын 10-нд Холч морьдын уралдааныг зохион байгуулна.
  • Долоодугаар сарын 10-12-ны өдөр Морийг гарааны зурхай руу явсан үед "Морьтон Монгол" үзүүлбэр үзүүлнэ.
  • Долоодугаар сарын 12-нд 08:30-09:30 цагт Шүхрийн буулт хийнэ.
  • Долоодугаар сарын 13-нд Жороо морьдын уралдаан болно.
БҮХ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ ХУРУУНЫ ХЭЭГЭЭР БҮРТГЭНЭ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Өнгөрсөн жил уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж туршсан. Энэ жил Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн хэмжээнд энэ бүртгэлийн системийг нэвтрүүлнэ.

Хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлдэг, насанд хүрээгүй хүүхэд уралдуулдаг байдлыг таслан зогсоох юм. Түүнчлэн, хэн нэгэн этгээд хүүхдийн эрх зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх этгээдийг тодорхой болгоно.

Тиймээс энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хэд хэдэн зарчмыг мөрдүүлнэ.

  1. Бүх уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, бүгдэд нь цахим карт олгоно
  2. Бүх аймгийн хэмжээнд уралдаанч хүүхдүүдийн эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр шаардана
  3. Уралдаанч хүүхдийн даатгалын хураамжийг 100,000, нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг байхаар тогтсон. Даваа гарагаас эхлэн даатгалын компаниудын нэр тодорхой болно" гэв.