Чөтгөрөөс жирэмсэлсэн эмэгтэйн “хүүхэд”-д өөх үмхүүлж тонилгожээ
2018/07/17
Хүнээс чөтгөр, шулмас төрнө гэдэг байж болох уу? Мэдээж хэрэг болно, болохгүй гэж хариулах нь утгагүй байх. Тиймээс энэ асуултанд хариулахын тулд дор өгүүлэх түүхийг унших нь зүйтэй болов уу.
Энэ нь 1950-иад оны дундуур Өвөрхангай аймгийн нэгэн суманд болсон явдал. Энэ сумын Бөөрөг багт Лувсанжав гэдэг өвгөжөөр хүн байдаг байжээ. Гурван хүүхэдтэй бөгөөд хоёр нь өрх тусгаарлаж одсон учраас эмгэн болон нэгэн маанаг охинтойгоо гурвуулаа амь зууж байлаа. Маанаг охины нэр уг нь Гангаамаа боловч Зурмаа гэж нэрлэжээ. Яагаад гэвэл түүний үүдэн шүд нь дорсгой бөгөөд шав шар. Яг л зурам шиг харагддаг учраас хавь ойрынх нь хүмүүс зурам гэж байснаа Зурмаа болгон дуудах болжээ. Үнэндээ энэ бүсгүй нас нь 19 хүрч яваа боловч оюун ухаан нь балчир хүүхэд шиг. Ер нь л төрөлхийн сэтгэц нь таруухан нэгэн байж л дээ. Тэр ямар ч байсан зөн совингоороо өөрийнх нь үеийн охид хүүхнүүд нөхөрт гаран үр хүүхэд төрүүлж байгааг мэдрэн атаархдаг байсан нь бас чиг бүр таг амьтан гэж хэлэхэд хэцүү.
Тиймээс ч ус голынхоо сайхан залуусыг өөртэйгөө холбож ярих бөгөөд гэдсэндээ хувцас чихчихээд жирэмсэн болчихлоо гэж ярих нь инээдтэй гэхээсээ илүү өрөвдөлтэй харагддаг байжээ. Тэрээр нэгэнтээ ус голдоо л сайхан нэгддэг сумын заан Дамбаа гэгч ойворгон эрд дурлаж орхижээ. Ингээд л орсон гарсан хүн болгонд Дамбаатай суух гэж буйгаа ярин хувцас чихчихсэн гэдсээ заан түүний хүүхэд хэмээн ярих бөлгөө. Үүнээс болоод Дамбаа заан их л бухимдуу явах болов. Учир нь үеийнх нь хүүхнүүд түүнийг - Дамбаа! Чи яахлаараа Зурмааг маанаг тэнэгээр нь далимдуулж ашиглаж байгаа юм. Чи зүгээргүй л болоод тэр ийм юм ярьж яваа гэж цаашлуулах юм уу, эсвэл Дамбаа намайг хойд толгойн орой дээр гаргаж өмд шувтлан боовоо шургуулсан гэдэг үг зааж өгснөөр бүр ч онигоонд оруулжээ.
Үүнд уурсаж бухимдаж явсан Дамбаа нэгэн өдөр Лувсанжав гуайн хотонд буугаад морджээ. Түүнийг уяан дээр бууж байхыг харсан Зурмаа - Дамбаа чи бид хоёр шинэ гэр барьж хуримаа хийх гэж байгаа, тийм ээ гэсээр гүйн хүрчээ. Дамбаа түүнийг загнаад нэмэргүй гэдгийг сайн ойлгож байсан учраас аргалахаар шийджээ.
Тэгээд - Зурмаа! гэтэл
- Өөв
- Би чамаас өөр эхнэр авах гэж байгаа
- Яалаа гэж дээ. Би чиний эхнэр болно.
- За яахав. Би өөр эхнэр авах гэж байгаа юм чинь Зурмаагаа сайхан залуутай суулгана аа.
- Хаана байгаа юм? Тэр сайхан залуу чинь.
- Согоотын өвөрт - Тэнд чинь дандаа үхсэн хүн байдаг ш дээ гэж Зурмаа хэллээ. Үнэхээр ч Согоотын өвөр хэмээх газар энэ нутгийнхан үхэгсэдээ оршуулдагийг элий балай Зурмаа ч хүртэл андахгүй мэддэг байв.
- Чи үхсэн хүнээс айдаг юм уу? Зурмаа
- Үгүй л дээ. - Согоотын өвөрт шөнө очихоор сайхан залуу явж байдаг юм. Тэр ч чиний нөхөр болно.
- Худал хэлээд л
- Үгүй гэм. Тэгвэл чи сайхан залуутай суухгүй дээ. Харин чи энэ тухай хүнд хэлэв ээ
- Би очиж харнаа. Үнэхээр сайхан залуу байвал би сууна. Энэ хоёрын дунд ийм яриа болсныг хэн ч сонссонгүй. Үнэндээ яагаад ийм үг хэлснээ Дамбаа сайн ойлгохгүй байлаа.
Тэр гэрийн зүг гэлдрүүлж явахдаа “Хөөрхий арай л дэндүүлж орхив уу даа” гэж бодсоноо тэр хавиар чоно элбэгшиж буйг санаад дотор нь зарсхийв. Гэвч галзуу хүүхэн хүчиндсэн гэдэг бузар нэрнээсээ салж байгаадаа баярлаж ор тас мартаж орхижээ. Харин Зурмаа энэ үеэс эхлэн шал өөр хүн болжээ.
Залуус - За Дамбаа та хоёр хэзээ хуримлах гэж байна даа? хэмээн тохуурхахад
- Бид хоёр больсон ш дээ. Харин би өөр сайхан залуутай суух гэж байгаа. Би хэнд ч хэлэхгүй хэмээн тас намжирдаж олны инээдийг хүргэнэ. Гурав хоногийн дараа оройн саальны дараагаар Зурмаа гэртээ орж ирсэнгүй. Хажуу айлд тоглож байгаа биз гэж бодоод аав, ээж нь ч анзаарсангүй. Гэвч өглөө сэрэхдээ Зурмааг байхгүйг олж мэдээд бөөн эрэл сурал болж. Хажуу айлд ч хоносонгүй. Ах, эгчийндээ очиж хоносон байх гэж бодоцгоогоод хүүхэд мордуулан хэл ус авалцсан болов сураг гарсангүй. Харин нөгөөдөр нь малын эрэлд явж байсан хүн сураг гаргажээ. Уг хүн Согоотын өвөрт явж байгаад Зурмааг шарил дундуур тэнэж явааг харсан байна. Ингээд л гэрийнхэн нь тийшээгээ мордоцгоожээ. Хүмүүсийг очиход Зурмаагийн ам нь хатаад омголтчихсон хэн нэгнийг хайж явлаа. Чухам юу хийж явааг нь асуухад нөхөр болох хүнээ хайж явна гэж хэлсэн агаад гэрээдээ буцахгүй хэмээн орилж чарлажээ. Гэвч түүнийг хүчээр авч ирсэн нь ойлгомжтой. Ирсэн хойно нь чихэр боов өгөн аргадаж байгаад чухам юу болсныг яриулж дөнгөжээ.
Тэрээр Дамбаа заан нөхөр болох хүн нь Согоотын өврийн оршуулгын газар байдгийг зааж өгснийг ч хэлсэн төдийгүй болсон явдлыг ярьсан нь олныг гайхашруулан алмайруулжээ. Зурмаа тэр үдэш сэмхэн явж Согоотын өвөрт очсон аж. Тэгээд ч тэднийхээс арваадхан километр зайтай учраас тэр дорхноо л очсон байна. Түүнийг тэнд очоод зогсож байтал биенээсээ хөх гэрэл цацруулсан нүцгэн эр ирсэн нь Дамба заанаас ч илүү том биетэй байсан гэнэ. Тэр эр түүнийг шөнөжин эдлэж хоночихоод үүр цайхаар яваад алга болчихжээ. Харин маргааш шөнө нь дахиж ирсэнгүй. Ингээд түүнийгээ хайн бэдэрч яваа аж. Үнэндээ түүний үгийг хэн ч тоосонгүй. Харин хэн нэг нь түүний хормой цустай байхыг харжээ. Ингээд л бөөн яриа өрнөв. Дамбаа заан Зурмааг ашиглахын тулд Согоотын өвөрт нүцгэлээд зүсээ хувиргаж зогсож байсан болоод явчихав. Ингэж Дамбаа бүр ч онигоонд орох нь тэр. Үнэхээр ч хоног сар улирах тусам Зурмаагийн гэдэс томорч эхэллээ. Олон түмэн ч хүүхдийн эцэг нь Дамбаа гэсэн яриаг тараажээ. Ингээд Дамбаагаас жигшсэн хүүхнүүд түүнийг хавьтуулахаа больжээ.
...Төрөх цаг нь нэгэнт болсон болохоор Зурмаа дуншиж өвдөж эхэллээ. Ээж нь эх барихаар болж Зурмааг араг түшүүлжээ. Хүүхэд часхийн орилж өлгийдөх болоход эх барьж байсан эмгэн “еэ бурхан минь” гэж шивэгнэн өвгөнөө дууджээ. Ер бусын сонин хүүхэд төрсөн байлаа. Цав цагаан намирсан үс, амаараа дүүрэн шүдтэй агаад хоёр цагаан соёо амнаас нь цухуйж байжээ. Ингээд л ламын эрэлд гарч хэлмэгдлээс сугарч хоцроод байсан Намжил гэгч өвгөнийг залжээ. Сайхь өвгөн лам хүүг хараад
- Энэ чинь хүүхэд биш үүхэд байна ш дээ гэж дуу алджээ. Үнэхээр ч хүүгийн уруул дээрх ховил буюу “хүн” алга байлаа. (Чөтгөрийн үрийг Үүхэд хэмээн нэрлэдэг). Өвгөн ламын заавраар үүхдэд өөх үмхүүлэн тонилгож Согоотын өвөрт булуулжээ. Харин эх нь уйлан хайлсаар удалгүй хорвоог орхисон гэдэг. Энэ цагаас хойш Согоотын өвөрт эх, хүү хоёрын сүнс үзэгддэг болсон гэнэ. Харин Дамбаа энэ бүхнээс гутран гуньж архинд ороод үхсэн гэдэг.