Ард түмний сэтгэлд хүрсэн эх нутаг, энэрэл хайр, ээж аавын тухай олон сайхан дуу бий. Тэдгээр дуунуудаас дотроос нэг дуу 1990-ээд оны үед жинхэнэ хит болж байсан юм.

Түшээ гүн рүү гээ мяралзаад л байна уу даа

Чулуутын минь голоо хө

Түмний үрсэд сайныг ерөөж

Төрийнхөө сүлдэндээ залбирч сууна уу даа

Миний буурал ээжий минь ээ…

хэмээх шүлгийг уншаад уншигч та мэдэх биз ээ. Р.Минжиддоржийн үг, Б.Бямбабаярын ая "Миний буурал ээж" дууны шүлэг.

Энэхүү хүн болгоны зүрхэнд хоногшсон дууг залуу дуучин Ганболдын Дэлгэрцогт өөрийн гэсэн өнгө төрхийг шингээж, сэргээн дуулж сонсогч олондоо өргөн барьжээ.

Тэрбээр уг дуугаа дүрсжүүлэхдээ эх хүний зөн совин гэж ямар гайхалтай зүйл байдаг, эх үрийн нандин холбоог харуулахыг зорьсон хэмээн онцолж хэлсэн юм. Залуу дуучин Г.Дэлгэрцогт 2005 онд СУИС-ийн эстрадын ангид элсэн суралцаж 2010 онд эстрадын дуучин мэргэжлээр төгсчээ. Энэ хугацаандаа уран бүтээлээ туурвин үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болсон аж.

Дашрамд дуулгахад тэрбээр тун удахгүй анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Хийж бүтээх сэтгэлээр жигүүрлэсэн залуу дуучныхаа цаашдын уран бүтээлд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

 

Д.Ана