Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдийнхээ нүдэнд хэд хоног ч гэсэн харагдах сан гэж залбирч байна
2018/07/19
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, АНУ-ын Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, “Болор цом” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. Монгол түмний хайртай найрагчийн амнаас нь унах үг бүхнийг алтны үртэстэй зүйрлэн буулгав.
-Таны бие тэнхээ данги уу. Ямаршуухан зусаж байна даа?
-Уг нь би орон гаран, хүмүүсийн дунд гэр, хотын дунд зусдаг сан. Энэ зун би орон дээрээ зусаж байна. Айхтар хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэж тав зургаан сар хэвтлээ. Одоо зургаа дахь сар руугаа орж байна. Хүнд ийм нэг хэцүү жил байх юм. Миний том хүү хоёр жилийн өмнө тархинд нь цус харвасан юм. Одоогоос долоо найм хоногийн өмнө дахин харваад гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байна.
-Таны ууган хүү чинь Равжаа ах бил үү?
-Равжаа. Хүүхдүүдийн минь хамгийн том нь, жаран хоёр оны хүүхэд шүү дээ. За, тэгээд Хасар маань Францт нурууны мэс засал хийлгээд өөдтэй болсонгүй. Уул усныхаа дунд гуравдахь хагалгаагаа хийлгэе гээд нутагтаа ирсэн. Наадмын дараа хагалгаанд орно доо. Нугас нь сүрхий дарагдсан юм гэсэн, хоёр ч газар. Хүнд л хагалгаа юм шиг байна. (Хөхүүлж бүгшүүлэн удтал ханиав. Л.Б)
-Хэцүү ч юм аа даа?
-Тэгээд өвчинд жаахан ээрэгдээд сууж байна. Ийм жил хүний амьдралд зөндөө байдаг даа. Хүмүүст тохиолдож л байдаг эд. Гэхдээ хүндхэн л юм байна. Би нэг л юмыг их жигшдэг хүн.
-Юуг тэр билээ?
-Хүн үрийнхээ ард ордгийг л би их жигшдэг. Болж л өгвөл өмнө нь явах юм сан, жамаараа. Үр хүүхдээ өвдөөд, үхэж үрэгдэхийг харвал миний хорвоод амьдарсан минь ямар ч үнэгүй болно гэж боддог. Тэгээд сэтгэл санаа тавгүй, ядарч л байна даа, яахав. Олны буянд, Монголын төр түмний буянд ямар ч байсан би Монголын ард түмний хайрыг унаж зугтан, үхлээс жаахан зуларчихлаа. Миний өвчин бол эдгэх өвчин биш ээ. Бүүр ор сураггүй ханиад шиг эдгэчих өвчин биш. Зүгээр л хүмүүсийн дунд би баймаар байна. Хүүхдүүдийнхээ дэргэд хэд хоног ч гэсэн баймаар байна.
-Байлгүй яах вэ, ах минь. Сэтгэлээ тэгтлээ чилээж яанам?
-Тэр хугацааг л сунгаасай гэж залбирч байх юм. Өвчтэй байхад минь Монголын төр, ард түмэн минь хачин их тусалсан. Би ер нь надад ямар хэмжээний хайртайг энэ их ард түмнээс шалгалт авчих шиг боллоо.
-Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх хүртэл таныг Солонгост эмнэлэгт хэвтэж байхад тань цэцэгтэй эргэж байсан даа?
-Хэдэн сайдтайгаа очиж эргэсэн. Би яахав, У.Хүрэлсүхийн зохиож байгаа, эрхэлж байгаа ажлууд, энэ шийдэмгий, зоримог, хүмүүсийн хүсэж хүлээсэн санал бодолд ойрхон юм сэдэж чадаж байгаад нь хайртай байгаа. Их зөв байна даа гэж дуртай байгаа. Намайг ингээд ярихаар чинь зэрэг “Засгийн газраас мөнгө төгрөг өгч тусалсан болохоор долигонож байна” гэж бодоцгооно. Тийм биш. Хүрэлсүхийн надад үзүүлсэн тэр хайр бол ард түмэндээ үзүүлэх хайрын нэг жишиг нь. Тэрнээс Лхагвасүрэн олноос онцгой болоод надад тийм хайр үзүүлж байгаа юм биш. Хүрэлсүхийг би сайхан сэтгэлтэйд нь, иргэндээ хүнлэг хандаж чадаж байгаад нь баярлаж байгаа. Тэр Ерөнхий сайд болсноосоо хойш муу хэлэхээр юм хийсэнгүй шүү дээ.
-Тэр ч таны л бодол байх л даа?
-Аятайхан, аятайхан юм л чихэнд дуулдах юм. Одооноос ямар болох юм. Нэг хэсэг нь авч хаяна, нэг хэсэг нь үлдээнэ гээд эхлэх байлгүй дээ, одоо. Хүн чинь ямар хүнийг ажил хийлгэх биш. Монголчууд минь ээ, монголчуудыг чихийг нь ховгүй, нүдийг нь гуниггүй, хутгаж үймүүлээд байлгүй, сайн муу яриад байхгүй мөрөөрөө байгаад өгөөч гэж гуймаар байдаг юм.
-Та өмнөхөөсөө нэлээд жин хаяж, бас ядранги харагдаж байна шүү?
-Би гучин дөрвөн килограмм турсан. Ерэн дөрвөн килотой байсан чинь одоо жаран кило болсон.
-Өвдөж зовох нь гайгүй юу?
-Байхгүй. Ходоодоо авахуулчихсан, арван хоёр нугалаа гэдэс, нарийн гэдэснээсээ авахуулсан. Ер нь энэ цээжин дотор гэдэсний төрлийн юм бага үлдсэн л дээ. Ингэж авахуулаад, хоол унданд ороод тонжирсон улс байна аа. Цаг хугацаа ордог гэнэ. Зөндөө эмчилгээ хийлгэдэг гэнэ. Хэдэн жил үр хүүхдэдээ харагдаад явж байхыг л хүсэж байна.
-Хоолны дэглэмийг ч нарийн чанд барих юм байна даа?
-Маш чанд нарийн барьж байгаа. Гүйцэд бол болохгүй. Хоолыг сайн зажлах хэрэгтэй юм байна. Би эрүүл байхдаа ч үхэх гэж байгаа юм шиг их иддэг хүн биш шүү дээ. Жоохон амттай юм идчихнэ. Архи уугаад, согтоод, ходоодоо эргэтэл бөөлжиж байсан өдөр байхгүй. Яахаараа ч миний ходоод өвддөг юм. Тэгсэн их сонин юм байна.
-Юу нь сонин байна?
-Ходоод бол зүрхнээс илүү мэдрэмхий эрхтэн гэж намайг эмчилж байсан солонгос эмч хэллээ. “Хамгийн их мэдрэмхий эрхтэн бол ходоод байдаг юм. Таны ходоод өвддөг чинь стресснийх. Ядарсных. Бүх л сэтгэл зовнилоос болж байгаа юм. Та ходоодыг амьгүй юм шиг ойлгодог. Яруу найрагч та нар бол дандаа зүрх л бичдэг дээ” гээд инээж байна лээ.
-Монголчуудын маань ходоодны аюулт өвчин усны зэвээс ч юм уу, шалтгаалдаггүй байгаа. Солонгос эмч нар юу гэж байх юм?
-Солонгосууд чинь “Хөгжил дэвшлээс хүн өвчин олно” гэж ярьдаггүй улс шүү дээ. Монголчуудын эрүүл байдаг нэг шалтаг нь дэндүү сайхан эрүүл юм хэрэглэдэг. Бид зэвтэй ус уулаа, уулаа гэхэд мянгаад жилийн түүхтэй Европын хотуудын ус шиг ус уугаагүй байх аа, явж явж. Ядарлаа ядарлаа гэхэд Парисын ус шиг ус уугаагүй байх. Нью-Йоркийн ус шиг ус уугаагүй байх гэж би бодож байгаа. Миний эх орон бол ариун, бүүр цаагуураа ариудсан газар юм. Хүндээ ээлтэй байгаа нь, хүүхэд нь өсөж байгаа нь, хүн нь бядтай, бяртай байгаа нь, барагтай өвчнийг эсэргүүцэж өндийж байгаа энэ тэрийг харахад гайхалтай. Хүн ер нь явж явж ийм сайхан орныг онож төрнө гэдэг ёстой том хувь заяа юм байна. Эцсийн эцэст монгол хүн болж төрсөндөө хязгааргүй баярлаж байгаа. “Зиндаа” сэтгүүлийн нэг дугаар сая надад зориулагдаж гарсан л даа. Би тэр сэтгүүл дээр “Ямар азаар би Монголоо онож төрөв өө” гэсэн гарчигтай их том ярилцлага өгсөн. Монголыг онож төрнө гэдэг хэр баргийн хүнд заяадаг тавилан биш. Тэрийгээ ойлгож амьдармаар байна. Ээ, мөн сайхан даа.
-Яруу найрагч, зохиолч хүнээс ч уран бүтээл хийж байна уу гэж асуухаас л аргагүй байдаг даа?
-Хийнэ ээ. Ядраад байх юм. Дөрөв таван хуудас юм биччихээр гар өвдөөд, толгой чилээрхэж өвдөөд байх юм. Аргагүй л цаагуураа ядарч байна. Хоол бага идэхээр тэнхээ суухгүй байна. Би өдөрт хэдэн халбага тунгалаг шөл, дунд шаазангийн ёроолоор нэг бантан, малын сархинагтай гурилтай жаахан шөл идэх юм. Яах вэ, болж байна. Малын сархинаг хүний биед их сайн юм гэнэ. Тэр бүрий олдохгүй. Сархинагийг хичнээн буцалгасан ч тос гарахгүй юм. Хичнээн удаан чанасан ч зөөлөрдөггүй, ямар ч мундаг эрхтэн юм бэ. Би сархинагтай шөл уугаад бүр сурчихлаа.
-Цоохор сархинаг уу, салбантай сархинаг уу?
-Аль нь ч байсан сайн. “Сархинаг сайн” гэж хүн болгон хэлнэ. Болж өгвөл баастай нь идээрэй гэнэ.
-Тээр. Тэрэнд нь эм байдаг байх нь?
-Хэн мэдэх вэ, хөөрхий минь. Ямар гээч юмаа хураадаг эрхтэн юм. Тийм л юм идээд сурчих янзтай. Бидний ярвайдаг юм бүхэн ядрахын цагт эм болно гэж бодож байсангүй. Хүүхэд байхад ээж минь сархинаг сайхан цэвэрлээд ногоо хөшиглөж, бууз шиг дунд нь хийгээд хоёр амыг нь хөвөрдөөд чанаад өгдөг байсан. Тэр нь ч нандин гэж юу гэхэв. Тэгж л нэг ганц хоёр иднэ үү гэхээс тэгтлээ идэж ч явсан биш. Эрхэлж иднэ үү гэхээс эмнүүлж идэж явсангүй. Идэх юм бүхэн минь дэргэд байсныг одоо л ойлголоо.
-Гэртээ та түрдэг тэрэгтэй яваад байна уу?
-Тийм, энэ түрдэг дугуйтай юмтай явчихна.
-Тоормоз энэ тэртэй их сүрхий эд юм аа?
-Аа, энийг солонгос эмнэлэг өгсөн юм. “Энийг түрээд явж бай. Их хөдөл” гэдэг юм. Хөдлөхгүй бол загнаад байдаг.
-Хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг нэг үг байдаг даа, тээ?
-Мэдэхгүй, хөдөлгөөн л их хэрэгтэй гээд хөдөлж байна даа.
-Уран бүтээл гэснээ яриа маань хадуурчихсан байна шүү?
-Хийж байгаа. Ердөө наадам өнгөрөөгөөд номоо хэвлэлд шилжүүлнэ. Хийдгээ хийж номоороо л амьдрахгүй бол яаж амьдрах билээ. Энэ Зайсангийн байрыг “Жаахан нар, салхитай юм” гэж муусайн хүүхдүүд минь гурав дөрвөн жилийн өр тавьж авлаа. Ийм өвчтэй хүн чинь “Юмыг яаж мэдэх вэ” гэдэг үүднээс бодсоноо жаахан ч гэсэн бичиж үлдээх ёстой ёо доо. Би тэр шаардлагыг их чухалчилж байгаа. “Их гэрийн хаяанд хэвтсэн нохойн улиан” гэж дурсамжийн номоо нухаж байна. Үхэхээсээ өмнө хэлэх үгээ хэлж байж үхнэ ээ. Тэрнээс би хэн нь мэдэгдэхгүй, муу хэлье гэсэн хүнд муу хэлүүлээд, магтъя гэсэнд магтуулаад зүгээр нэг дуусмааргүй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
иргэн · 2018/07/20
Шавь дөрөв Халх таван Хошуунд Нэр Цуутай Яруу найрагч Танд ийм зовлон тохиолдоход жирийн харц Ард бидэнд энэнээс илүү Зовлон өдөр болгон шахуу л тохиолдоно шүү дээ Өвдөж зовохоос гадна Өлсөж цангах Даарч зутрах бол энүүхэнд ийм үед бүүр Хүнд өвчин тусахад Манууст туслаж дэмжих Байгууллага Хувь байхгүй Таныг бол Хурмаст Засгийн газар гээд Үхлээс татаад авчихана Мануусыг бол Үхэл Хап гээд л шууд залгичихана шүү дээ
Иргэн · 2018/07/20
Хийсэн нүгэлиНхээ үйлийн үрийр эдлэх учиртай юм гэсэндээ?! Тар л юм байна. Бас буруу гарынхнаас их мөнгө авсан байхаа!!
Иргэн · 2018/07/20
Хийсэн нүгэлиНхээ үйлийн үрийр эдлэх учиртай юм гэсэндээ?! Тар л юм байна. Бас буруу гарынхнаас их мөнгө авсан байхаа!!
Иргэн · 2018/07/20
Хийсэн нүгэлиНхээ үйлийн үрийр эдлэх учиртай юм гэсэндээ?! Тар л юм байна. Бас буруу гарынхнаас их мөнгө авсан байхаа!!
Зочин · 2018/07/20
Телевизээр тамхи сурталчилж мөнгө их олсон доо. Түүний гай л байхгүй юу. Одоо нүглээ сайн наминчил.
Иргэн · 2018/07/19
Бурхан байдаг бол таныг л энэ ард түмэнд үгээ хэлэг гэж, үр хүүхдүүддээ түшиг болог гэж дахиад хэдэн жил амьдруулах л болно. Таны үнэн хийгээд гашуун үг залуус бидэнд хэрэгтэй шүү. Ард олон тань таньд амьдрах даалгавар өгснийг та биелүүлэх үүрэгтэй хүн шүү. Үр ач нар нь үүнийг уншаад өөрт нь хэлээд өгөөрэй
Иргэн · 2018/07/19
Бурхан байдаг бол таныг л энэ ард түмэнд үгээ хэлэг гэж, үр хүүхдүүддээ түшиг болог гэж дахиад хэдэн жил амьдруулах л болно. Таны үнэн хийгээд гашуун үг залуус бидэнд хэрэгтэй шүү. Ард олон тань таньд амьдрах даалгавар өгснийг та биелүүлэх үүрэгтэй хүн шүү. Үр ач нар нь үүнийг уншаад өөрт нь хэлээд өгөөрэй
Иргэн · 2018/07/19
Бурхан байдаг бол таныг л энэ ард түмэнд үгээ хэлэг гэж, үр хүүхдүүддээ түшиг болог гэж дахиад хэдэн жил амьдруулах л болно. Таны үнэн хийгээд гашуун үг залуус бидэнд хэрэгтэй шүү. Ард олон тань таньд амьдрах даалгавар өгснийг та биелүүлэх үүрэгтэй хүн шүү. Үр ач нар нь үүнийг уншаад өөрт нь хэлээд өгөөрэй
Zochin · 2018/07/19
Vneheer baharhuushtai nairagch mini ervvl enhiig hvsen eruue.Yostoi mundag yumaa bayarkaj bnashvv
Иргэн. · 2018/07/19
Нүгэл нүдээрээ гэж бас байдаг байхнээ???...
Зочин · 2018/07/19
yo ene setguulchiin asuuj baiga asuultuudiigee ueiin hunteigee hov bazaj baiga ymshigl asuuh ym harin lhagvasurenguian hariult bol hachin goy
ЗОЧИН · 2018/07/19
БУРХАН ИВЭЭГ .ЭРҮҮЛ МЭНД УРТ УДААН НАСЛАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ
Лхагваа · 2018/07/19
Таньд урт наслаж удаан жаргахыг ероое
Лхагваа · 2018/07/19
Таньд урт наслаж удаан жаргахыг ероое
Зочин · 2018/07/19
Mundag