Усархаг бороо, хүчтэй салхины улмаас 8 аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна
2018/07/20
Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар өнөөдөр 16:12-16:25 цагийн хооронд орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унажээ.
Үүний улмаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Төв аймгийн 4 сум, Булган аймгийн 6 сум, Дундговь аймгийн 2 сум, Завхан аймгийн 1 сум, Хөвсгөл аймгийн 3 сум, нийт 8 аймгийн 75 суманд цахилгаан тасарсан мэдээллийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна.
Хор уршгийг арилгахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Нэмэлтээр Орхон аймгаас 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр гараад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.