Хориглох тусам зөрчдөг жишиг манай улсад энгийн үзэгдэл. Уг нь дүрэм, журам, хуулиндаа болохгүй гээд заачихсан хэрнээ ямар нэг аргаар, яаж ийгээд л зөрччихнө.

Нэг жишээ нь орон сууцны нэг давхар, хонгилуудыг эзэлсэн үйлчилгээний газрууд. Тэр дундаа цайны газар, кафе, баар, караокенууд оршин суугчдын тав тухыг алдагдуулдгаараа хамгийн их гомдол дагуулдаг. Харин саяхнаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудын зөвшөөрлийг цуцлах асуудлыг ярьж эхэллээ.
 

ХИЙН ПЛИТКА АШИГЛАЖ БАЙГАА НЬ АЮУЛТАЙ НӨХЦӨЛ ҮҮСГЭЖ БАЙНА


1990-ээд оны үеэс ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны зориулалтыг өөрчилж худалдаа үйлчилгээ, эмийн сан, цайны газар, ахуй үйлчилгээний зориулалтаар ашиглахыг хүлээн зөвшөөрч байсан. Түүнээс хойш хотын бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр энэхүү байдал нь оршин суугчдад улам халтай болж байна. Жишээлбэл, цайны газар бүр хийн баллон, плитка ашигладаг нь гал түймэр гарвал тэсэрч дэлбэрэх аюулд хүргэж мэдэхээр байгаа юм. Уг нь Орон сууцны тухай хуулийн 17.1-дорон сууцны зориулалттай барилгад хийн баллон ашиглахыг хориглочихсон тодорхой заалт бий.

Мөн дуу чимээ, үнэр, хортон шавьжны эсрэг ариутгалыг бүрэн гүйцэд хийлгэдгүйгээс бохир, заваан байх, агааржуулалтын хоолойны стандарт бус байдал хиншүү, мөн хоолны газрын шингэн хог хаягдал бохирын шугам бөглөдөг зэрэг тоо томшгүй асуудлуудыг нэг давхрын цайны газрууд үүсгэдэг. Түүнчлэн орон сууцны зориулалттай барилгад нэмэлт өргөтгөл хийх, зориулалтын бус өрөөг ашиглан гал тогоо болгох, буруу ашигласнаас болж барилгыг чийгтүүлж мөөгөнцөртүүлэх гээд оршин суугчдаас энэ талаарх гомдол тасрахгүй байгааг мэргэжлийн хяналтынхан хэлж байгаа юм.

Тиймээс үнэхээр шаардлага хангахгүй газруудын үйл ажиллагааг зогсоож, цаашид шинээр зөвшөөрөл олгохгүй байх саналыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд явуулаад байна. Ресторан, кафе, цайны газар гээд Улаанбаатарт 4239 хоолны газар байдгаас 800 гаруй нь орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг байна. 2014 онд шинэчлэгдсэн Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмаар орон сууцанд хоолны газар ажиллахыг хориглосон заалт байхгүй.

Харин энэ журам нь одоогоор эрхзүйн чадамжгүй болсон бөгөөд шинэчилсэн найруулгыг нь батлуулах шатандаа яваа гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас бидэнд мэдээлсэн. Шинэ журмаар уг асуудлыг тусгайлан хориглохоор болж байгаа юм байна. Гэхдээ дүүргүүдийн худалдаа үйлчилгээний зөвлөлүүдээс орон сууцанд хоолны газар ажиллуулах зөвшөөрлийг шинээр олгохгүй байх чиглэлтэй байгаа хэдий ч мэргэжлийн хяналтынхан үүнийг үгүйсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл ол годог газрууд хяналтгүй, замбараагүй байдлаа цэгцлэх ёстойг санууллаа.

Харин хоолны газруудын эздийн хувьд энэ шийдвэрийг эрс эсэргүүцнэ гэдгээ хэлж байна. Улсын их дэлгүүрийн урд байрлах солонгос хоолны газрын эзэн Б “Түрээс төлж байгаа бидний хувьд хохирох нь тодорхой. Манай хоолны газар засвар үйлчилгээ сайтар хиигдсэн, хяналт шалгалтанд орсон. Үйлчилгээний зориулалтаар ашиглаж болохыг албан ёсоор зөвшөөрсөн байхад зогсоох асуудал яригдаад байгааг гайхаж байна.

Нөгөө талаас иргэдийн хувьд тогтмол үйлчлүүлдэг цайны газруудыг хаах нь тэдний сонголт, хүслийг хязгаарлаж байгаа юм. Иргэдийн үйлчлүүлж буй цайны газруудыг ерөнхийд нь ажиглавал ихэнх нь нэг давхрын хоолны газрууд. Гэтэл бүгдийг нь хаачихвал хүмүүсийн хооллох хэрэгцээг хэрхэн хангах вэ. Үйлчлүүлэгч бүгд өндөр зэрэглэлийн ресторанд үйлчлүүлэх чадамжтай юу, нэг газарт хэт их ачаалал очвол тав тухтай байх эсэх нь эргэлзээтэй. Бид 4-5 ажилтанг цалинжуулж урсгал зардлаа ч өөрсдөө төлдөг. Олон айлын амь зуух орлогыг таслах болно” гэж ярив.

“Хүн амьдрахын тулд иддэг гэдэг. Хот суурин газар байгаа хүмүүс хооллох хэрэгцээ зайлшгүй байна. Манай цайны газарт иргэдээс йрсэн гомдол байхгүй. Үнэхээр чанаргүй хоол хүнсээр үйлчилдэг, бохир ариун цэврийн шаардлага хангаагүй газруудыг хаах нь зөв. Гэвч бүх газар адилгүй учраас тодорхой хэмжээний шалгуур тавьж хаах эсэхээ шийдсэн нь зөв болов уу. Харин бүгдийг хомроглон энэ газар нэг давхарт байршилтай хэмээн хаалгыг нь барих нь миний зүгээс туйлын буруу хэмээн үзэж байна” гэж бас нэгэн жижиг цайны газрын тогооч С ярилаа.
 

ОРОН СУУЦАНД КАРАОКЕ АЖИЛЛУУЛАХ ХОРИОТОЙ


Оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг бас нэг газар бол караоке юм. Уг нь орон сууцанд караоке ажиллуулах нь Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний зөвшөөрөл авах журмаараа хориотой. Харин бодит байдалд төдийлэн хэрэгждэг заалт бас л биш. Улаанбаатарт соёл, урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний зөвшөөрөл жилдээ 300 орчим гардаг байна. Үүний 200 нь караоке. Манайд зөвшөөрөл олгодог, хяналт хийдэг байгууллагууд нь өөр хоорондоо уялдаа холбоо муутай ажилладаг. Үүний тод жишээ нь орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа караокенууд юм.

Мэргэжлийн хяналтаас орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа рестораны зөвшөөрөлтэй газруудад Нийслэлийн соёл, урлагийн газраас караокены зөвшөөрөл нэмж өгөөд байгааг шүүмжилж байв. Харин Нийслэлийн соёл урлагийн газраас орон сууцанд караокены зөвшөөрөл нэгийг ч өгөөгүй гэсэн тайлбарыг хийлээ. Өөрөөр хэлбэл, эдгээр караокенууд нь бүгд зөвшөөрөлгүй байж таарах нь. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, танил тал, хээл хахууль өнөөх болдоггүйг ямар ч аргаар хамаагүй болгочихдог жишгийг улам гааруулсаар.

Ямартай ч оршин суугчдын тав тухыг ихээр алдагдуулдаг орон сууцны нэг давхрын үйлчилгээний газруудтай холбоотой асуудал эхнээсээ хөндөгдөж эхэллээ. Харин төрийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж, ямар шат дарааллаар цэгцлэх нь одоогоор тун бүрхэг байна.
 

НМХГ-ын ахлах байцаагч Б.Хонгор: ОРОН СУУЦАНД КАРАОКЕНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫГ ЗОГСООМООР БАЙНА


Цайны газруудын хувьд эхний ээлжинд удаа дарааллан асуудал гаргаад байгаа, иргэдээс хамгийн их гомдол ирдэг газруудыг цэгцэлнэ. Мэдээж тодорхой үе шаттайгаар хийгдэнэ. Нэг өдрийн дотор бүгдийг нь хаачихна гэдэг боломжгүй зүйл. Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгож байгаа явцыг хянаж, цэгцлэх шаардлагатай байна. Зөвшөөрлийг нь замбараагүй олгочихдог, тэгсэн хэрнээ хариуцлага нь мэргэжлийн хяналтын байгууллагад ирдэг. Үйлчилгээний байгууллагууд жилдээ нэг удаа гэрээгээ сунгаад явдаг. Хоолны газруудын хувьд гэрээгээ сунгаж байж, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө авдаг. Тэгэхээр дүүргүүд энэ төрлийн гэрээг сунгасан хэвээр байгаа гэсэн үг. Бас орон сууцны нэг давхарт рестораны зориулалтын зөвшөөрөлтэй газруудад Нийслэлийн соёл, урлагийн газраас караокены зөвшөөрөл олгохоо зогсоомоор байна.


Нийслэлийн соёл, урлагийн газрын мэргэжилтэн Б.Балжинням: ОРОН СУУЦАНД КАРАОКЕНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГГҮЙ


-Манайхаас нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт караокены зөвшөөрөл огт олгодоггүй. Үйлчилгээний зориулалтаар гэрчилгээ нь гарчихсан сүүлийн үеийн цөөн барилгад караокены зөвшөөрөл олгосон байгаа. Өөрөөр хэлбэл, 1-5 дугаар давхартаа үйлчилгээний байгууллагуудтай нэгээс хоёр барилгад зөвшөөрөл гаргасан. Ер нь караокены төхөөрөмж тавиад үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргавал Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журмын дагуу шаардлага хангавал нэг жилийн хугацаатай гэрчилгээ олгодог. Тухайн обьект нь дотроо ресторан, баар ажиллаж байна уу гэдгээс үл хамаараад зөвшөөрөл олгоно. Харин ресторан, цэнгээнт газрын зөвшөөрөл манайд хамааралгүй. Орон сууцны нэгдүгээр давхарт зөвшөөрөлгүйгээр караоке ажиллуулж байгаа газар олон байгаа.

Зууны мэдээ
Б.Солонго, О.Уранбилэг