Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2018/07/21
2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, Ерөө зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон Орхон гол Сэлэнгэ мөрөн, Увс нуурын савын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 20-70 см нэмэгдэж, Чигж, Хархираа, Хариг, Баруунтуруун, Түргэн, Бэлтэс, Үүр, Сөгнөгөр, Онон, Балж, Ховд, Орхон, Туул голын дагууд болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 20-100 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Ирэх өдрүүдэд хур бороо элбэг байхтай уялдаад жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх магадлал өндөр тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн түүнчлэн дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар