Хөгжмийн наадамд 7 улсын DJ нар цуглана
2018/07/23
“Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх сарын 04-нд “Монгол шилтгээн” амралтын газарт болно.
“Мажести Лэйбл” ХХК, ХБНГУ-ын “Гёте соёлын институт”, БНХАУ-ын “Бээжингийн Май Ай Соёлын харилцаа холбоо”-той хамтран электроник хѳгжимд сонирхолтой залууст зориулан анхны олон улсын электроник хѳгжмийн наадмыг эх орондоо зохион байгуулахаар болсон нь энэ юм.
“Болзъё” уриан дор болох тус хѳгжмийн фестивальд Герман, Хятад, Монгол, Япон, Солонгос, Вьетнам, Литв зэрэг улсын 20 гаруй уран бүтээлчид оролцоно. Мѳн гадаадын жуулчдыг урин оролцуулж буйгаараа онцлогтой.
Тус наадам нь 2009 онд анх Бээжин хотноо болж байсан бөгөөд наадмын цуваа Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотод найман жил тасралтгүй болжээ.
Хөгжмийн наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс “Электрон хөгжим” хэмээх нэгэн дээвэр дор цуглаж, хуурамч зангаа таягдан хаяж, уйтгар гунигаа мартаж, бүжиглэн цэнгэдэг. INTRO хүн бүрт электрон хөгжмийн дамжуулж буй хайр болон энх тайвныг мэдрүүлэхийн зэрэгцээ электрон хөгжим залуу үеийнхний амьдралд өөрийн нөлөөгөө үзүүлсээр байна.