Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл өнөөдөр 09:00 цагаас эхэллээ.

Цэцэрлэгийн цахим элсэлтийг өнгөрсөн жил зохион байгуулахдаа шинээр цэцэрлэгт явах 2 настай хүүхдүүдийг бүртгэж байсан бол энэ жил 2-5 насны бүх хүүхдүүдийг бүртгэх юм.  Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулна. 

Элсэлтийн үйл явц “цахим элсэлт”,“цахим бүртгэл” гэсэн үндсэн зарчмаар явагдана.

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан энэ жил шинээр элсэх хүүхдийг бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийг хүргэж байна.

  • 2016 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид  tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn-д нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доорх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарна.
  • Шалгах товчийг дарснаар таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд бүртгэлийн 5 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

Б. Цахим элсэлт:

  • Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
  • “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
  • “Цахим элсэлт”-ийн үр дүнгээр цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээ байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, БСШУ-ны сайдын 2013 оны А/266 дугаар тушаалын хавсралтад заасан сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлтгэнэ.
  • Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ
  • Төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас  08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59  цаг хүртэлх хугацаанд;
  • Шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний 09:00 цагт бүх төрийн өмчийн цэцэрлэгт нэг зэрэг хугацаанд;
  • Шинээр элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах үйл ажиллагаа  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд болно.

    “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн талаар мэдээлэл авах
  • “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
  • Цэцэрлэгийн элсэлт явагдаж дууссаны дараа эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг харах;
  • Мөн эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах гар утасны UBkindergarten аппликэйшнийг “Play store”, “App store”-оос татан авч гар утсандаа суулгаж дараах зааврын дагуу нэвтрэн хүүхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах;