Хэрэгтнүүд үү эсвэл…
2013/03/21
“Авлига”-ын ханд олзлогдсон албан тушаалтнуудын хэрэг юу болов. Сураг алдарсан тэдгээр хэргийг эргэн сөхөж, эцэслэсэн эсэхийг нь сонирхсон юм.
Сонгуулийн үеэр өөрийн сонгогчиддоо тусгайлан давуу эрх олгосон гэгдээд буй УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Авлигатай тэмцэх газрынхан хэдэн сарын турш шалгаж байна. Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Сангийн сайд асан Д.Хаянхярваа нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 330 мянган төгрөгийг өөрийн нэр дэвшсэн тойрогтоо албан тушаалаа урвуулан ашиглаж хүн бүрт 670 мянган төгрөг тараасан асуудлаар АТГ-аас мөрдөн байцаалт явуулах болсон юм.
Эрхэм түшээ тэрхүү хэрэгт өөрийгөө ямар ч хамаараалгүйг тодотгодог. Тодруулбал, тэрбээр “Эрдэнэтээс орж ирсэн мөнгөөр хоёр дахь 330 мянган төгрөгийг өгсөн юм. Тухайн хөрөнгөнөөс Сангийн яаман дээр мөнгө үлдсэн юм билээ. Намайг сонгуулийн сурталчилгаагаар явж байхад “10 гаруй тэрбум төгрөг үлдлээ. Үүнийг яах вэ” гэхээр нь өөрсдөө дотооддоо ярилцаад шийд. Аймгуудаас ядуурал ихтэй газарт нь өгвөл зүгээр гэдэг хандлагаар ярьсан. Тэгээд Сангийн яамны газрын дарга нар удирдлагын түвшинд хэлэлцээд шийдвэрлэсэн юм билээ. Би Дарханд сурталчилгаагаар явсан бүх бичлэг бий. Үзэж болно. “Би та нарын 330 мянган төгрөгийг өгнө. Намайг сонгоорой” гэж нэг ч үг хэлээгүй” хэмээдэг. Гэвч яамныхан “Сайд л ийм шийдвэр гаргасан.
Бид сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийсэн” хэмээн мэдүүлжээ. Гэхдээ түүнийг ганц эл хэргээр бус хэд хэдэн шалтгаанаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Дархан-Уул аймгийн Засаг дарга байхдаа хууль зөрчиж мөнгө угаасан гэгдэх хоёр хэргийг сөхөн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол арав хүртэлх жилийн хоригдох ял сонсох гэнэ. Ийнхүү эрхэм түшээ чуулганы завсарлагааны хугацаанд АТГ-ын үүдийг сахин өнгөрүүлж байгаа бололтой.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяаны хэрэг прокурорт шилжсэн тухай салбарын сайд нь мэдээлсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж, Интерполд захидал илгээсэн дэд сайдын үйлдлийг АТГ-аас шалгаж дууссан нь тэр. Тэр ч бүү хэл, дэд сайдынхаа хийсэн хэргийн талаар Интерполийнхонд учирлаж, хүлцэл өчсөн захидал илгээснээ ч Х.Тэмүүжин сайд өөрийн биеэр мэдэгдсэн билээ. Э.Эрдэнэжамьяан албан тушаалаасаа огцрох өргөдлөө намынхаа удирдлагуудад өгсөн ч хүлээж аваагүй тухай Л.Цог хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгожээ.
Мөн УИХ-ын шинэхэн гишүүн О.Содбилэг ч АТГ-ынханд олзлогдож, хар дансанд нь бүртгэгдээд байгаа юм. Мань эрийг нэг тойрогт өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч Д.Одхүү матжээ. Орхон аймгийн 20 дугаар тойрогт нэр дэвшигч О.Содбилэг нь сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад Эрдэнэтийнхэнд бэлэг тарааж, нэгж илгээн сүлжээ байгуулсан үндэслэлээр шалгагдаж буй. Өрсөлдөгчийнх нь нэхэмжлэлд дурьдсанаар О.Содбилэг нь 9418… дугаараас “Шинэ Орхон, шинэ найдварын төлөө хамтдаа Оюунбилэгийн Содбилэг” гэх мессежийг орон нутгийн иргэдэд тараасан аж. Улмаар сонгогчиддоо 5000 төгрөгийн нэгж илгээсэн зэрэгт нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Түүнчлэн, Увсын хоёр гишүүний асуудал ч хуулийн байгууллагынхныг “залхаах” боллоо. Сонгуулийн үеэр сонгогчдод бэлэн мөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа ашигласан гээд буруутгах үндэслэл мундахааргүй тоочсон нь бий. УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн хэлснээр Увсаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүний үнэмлэх нь хууль бус. Шүүхийн шийдвэр үүнийг баталгаажуулах юм байх. Мэдээж гишүүд үүнтэй санал нийлдэггүй. Шат шатны шүүхээр заргалдсаар байгаа билээ. Үүнтэй адил Өвөрхангайн тойргийн маргаан ч шат шатны шүүхийн хаалга татаж, хоёр намын ханцуйн доторх тохиролцоогоор үргэлжлэх болов. Г.Батхүүгээр наймаалцаж, Н.Төмөрхүүг парламентын босго алхуулахаар тохиролцсон ч Ардчиллынхан хэлсэндээ хүрсэнгүй. Ингэж Н.Төмөрхүү өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагын үүдийг сахиж, Г.Батхүү парламентын танхимд тухласан юм.
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд ирсэн билээ. Гэвч хэрэгт нэмж шалгах зүйлс байгаа, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Д.Дондогт холбогдох залилангийн хэргийг эртнээс шалгаж эхэлсэн ч тухайн үед УИХ-ын гишүүн байсан тул бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан, шийдвэрлэх явцад саад учирч, хугацаа алдсан гэдэг. Уг нь нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэрэгтэй холбогдуулан түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д удаа дараа тавьж байсан ч хүлээн аваагүй. Харин УИХ-ын гишүүний сэнтийгээс буусан тул түүнд холбогдох залилангийн хэргийг хянаж, шийдвэрлэх боломжтой болсон хэмээн хуулийн байгууллагынхан тодотгох нь бий. Юутай ч мань эрд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Хэргийг сийрүүлбэл, Д.Дондог нь 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг авчээ. Энэ мөнгөө тэрбээр тухайн жил болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Эл хэрэгт А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүн холбогдсон юм.
Энэ мэтчилэн УИХ-ын 76 гишүүн дунд гэмт хэрэгт холбогдсон нь цөөнгүй. Тэднээс хэн нь ч хуулийн дагуу хариуцлага үүрээгүй. Үүрдэг ч үгүй гэхэд хилсдэхгүй. Заримынх нь хэрэг өршөөлд хамрагдсан нэрээр хэдийнэ замхарчихдаг. Монголын хууль доодост халтай, дээдэст ээлтэй байгаагийн жишээ энэ. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн “эцэг хууль”-ийн заалт нэг иймэрхүү байдлаар хэрэгждэг нь нууц биш.
Дээрх УИХ-ын гишүүн байгаа, байсан эрхмүүдийн асуудал хуулийн байгууллагынханд шалгагдаад нэлээд хэдэн сарыг үдэв. Хэрэг удааширах тусмаа замхардаг гэх хуульчдын үг бий. Дээрх хэргүүдээ хэзээ эцэслэж дуусах вэ, хуулийнхан. Хэтэрхий удаан мөрдөж байгаа юм биш үү. Аль эсвэл Д.Дондог шиг УИХ-ын гишүүний сэнтийгээсээ буухыг нь хүлээж сууна уу. Юутай ч ажлаа түргэвчлэхгүй бол ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд ар, хударгаар чинь хэргээ баллуурдаж суугаа юм биш үү.
Л.НИНЖСЭМЖИД