Норовын хүү Алтанхуягаар  тэргүүлсэн энэ Засгийн газрын сайдын нараас  Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Зам тээврийн сайд А.Гансүх хоёр л  дан дээлтэй.  Бусад нь  давхар дээлтэй. /Үүнд дэд сайд нарыг огт оролцуулаагүй болно./  Энэ ч утгаараа одоогийн Засгийн газар шүүмжлэлд өртөөд байгаа.  Сүүлийн үед Женко Х.Баттулга  Ерөнхий сайд болно хэмээн яригдаад байгаа.  

Тэгвэл Ерөнхий сайдаа таньд л гэж хэлэхэд сайдын зөөлөн суудалдаа удаан суух гээд байгаа бол сайд нарынхаа давхар дээлийг тайлах, эсвэл  Засгийн газрын гишүүдээ сольчих хэрэгтэй юм ш дээ.  Өөрөөр хэлбэл  таньд л гэж нууцхан шивнэхэд одоогийн хэдэн сайд нараа солиод өөрийгөө  Ерөнхий сайдын суудалдаа хэвээр авч үлдэх боломж байнаа. Яахав ард түмэн дургүйцээд байхаар нь  Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлж, “дан тэрлэг өмссөн” нөхдүүдээр багаа, Засгаа бүрдүүллээ шүү гээд л ам бардам яриад сууж байх хэрэгтэй. Ингэвэл унасан нэр хүнд тань сэргэх давуу тал байнаа.  Ингээд Ерөнхий сайддаа зориулсан  дан дээлтэй Засгийн газрын шинэ бүтцийг санал болгое оо.    

1. Ерөнхий сайдН.Алтанхуяг

2. Шадар сайд- Н.Энхбаяр /МУ-ын Ерөнхийлөгч асан/.  Одоогийн  Шадар сайд Д.Тэрбишдагваас  илүү ард түмний дунд нэр хүндтэй хүн.  Тэгээд ч  төрийн гурван өндөрлөгийн албыг нэр төртэйгээр хашиж ирсэн, туршлагатай, мэдлэгтэй эрхэм.  Түүнийг Шадар сайдаараа ажлуулсан тохиолдолд  “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн “эцгийнхээ” өмнөө  олон юм цор цор гэхгүй л байх.  

 3. ЗГХЭГ-ын даргаЦ.Оюундарь /АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга/.  Ч.Сайханбилэг  Говь-Алтайд асуудал үүсгэж Ерөнхий сайдынхаа нэрийг баастаад байгаа.  Тэгвэл алдаан дээр нь дөрөөлөөд намынхаа  генесекийг өөд нь татаачээ.  Эрх баригч намын генесек хүн Засгийн бүрэлдэхүүнд  багтчихбал ч их зүйл хийх байх даа.  Лав л Ч.Сайханбилэгээс хувь илүү ажиллах нь тодорхой.

4. Гадаад харилцааны яамЛ.Пүрэвсүрэн /МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх/ Одоогийн Гадаад харилцааны сайд Л.Болд гэж салбар салбар руу үсчсэн нөхөр нэг байнаа.  Өмнө нь бизнес хөөж байсан энэ эрхмийг  Батлан хамгаалахын сайд байсныг мэдэх юм.  Одоо ГХ-ны сайдын ажлын хүрээнд  тив дамнаж ажилласан, үр бүтээлгүй сайд шиг харагддаг.   Засгийн газрын гишүүн жилдээ 2-3 удаа гадаад айлчлал  хийнэ гэсэн  Н.Алтанхуяг сайдынхаа  “алтан сургаалийг”  нилээн хэдэн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлчисэн нөхөр шүү дээ.  Харин  МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа  Л.Пүрэвсүрэн  галуу шувууны мах идсэн, гадаад дотоод хэлийг  гаргууд эзэмшссэн нөхөр  юм билээ.  Суурь мэдлэг ч ихтэйн дээр сэтгүүлчид дунд ч нэр хүндтэй.  Өнөөдрийн Ерөнхийлөгчид зөвлөж байгаа ажлаа  бас л гайгүй хийж байгаа эрхэм.  

5. Хууль зүйн яамЧ.Өнөрбаяр /Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Нэг ардчилал клуб/ - Засгийн газрынхаа бүрэлдэхүүн Ерөнхийлөгчийнхөө нэг хүнийг оруулахгүй бол болохгүй шүү сайдаа.  Ч.Өнөрбаярын  хувьд  АТГ-д ажиллаж байхдаа л  Ерөнхийлөгчийн зөвлөх болтлоо дэвшсэн өсөх ирээдүйтэй залууд тооцогддог.   Тэгэхээр  нэрээ цэвэрлэхэд, дараа нь туг тахихад ч  амар...

6. Байгаль орчны яамЦ.Ганбат /ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга/ ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  хаа очиж  байгаль уул ус эх дэлхийнхээ төлөө дуугараад тэмцээд яваа эрхэм.  Нэрэндээ сэв суулгасан таны төлөө биш юмаа гэхэд ард түмэн уул усныхаа төлөө дуугарах л хүн. Түүнийг  угаасаа Засгийн бүрэлдэхүүндээ авахгүй бол УИХ-д суудал авсан  С.Оюун сайд голдоо ортол гомдох байлгүй.

7. Батлан хамгаалах яамД.Энхбаатар /бригадын генерал/ Уг нь Монгол улсын батлан хамгаалах салбарыг тогоонд нь чанагдаж байгаа хүн л тэргүүлэх ёстой юм ш дээ Ерөнхий сайдаа.  Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг  хаа хамаагүй бизнесмэн хүн Монгол улсын  Батлан хамгаалах салбарыг  тэргүүлнэ гэдэг учир дутагдалтай шүү.  Зүгээр л Н.Алтанхуяг сайдаа логикоор нь ургуулан бодоод үзээрэй.  

8. Барилга хот байгуулалтА.Мурат /АН-ын жигүүрийн тэргүүн/  АН-ын ханцуйндаа хагалдаантай байгааг мэднээ.  Өөдөөс чинь цор цор гээд байгаа нөхдүүдийг  багтаа авч ажлуулбал яаж байна.  Ашиг тусаа өгч магад шүү.  Одоогийн  салбараа мэдэхгүй  олигтой ч ярьж чаддаггүй сайдаас чинь л хувь илүү хүн.  

9. Эрүүл мэндийн яамЛ.Жамбалжав /1-р эмнэлгийн дарга/ Н.Удвал  гэгч эмэгтэй  Эрүүл мэндийн салбарыг утгаар нь “самарч” байнаа.  Түүний оронд тогоонд нь удаан чанагдсан,  түмэн олондоо нэр хүндтэй эмч хүн,  бас  эвслийн бүлгийн төлөөний хүн байвал ард түмнээсээ авах таны оноо нэмэгдээд л ирнэ шүү.

10. Сангийн яамГ.Шийлэгдамба /МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга/ Ч.Улаан бол  барагдашгүй шүналтай нэгэн гэдгийг  улс төрчид  ярьдаг.  Тэр ч утгаараа их  хэмжээний бонд гаргаж өөрөө ашиг хувь хүртэж,  төрийн албыг төрлийн алба болгосон гэж яригддаг.  Ер нь ч нэр хүнд муутай л улс төрч.  Түүний оронд залуу хүнийг эрч хүчтэйгээр ажилуулбал яаж байна?

11. Уул уурхайн яамД.Одхүү /УИХ-ын гишүүн асан/ Одоогийн УУ-н сайд Д.Ганхуягын давхар дээлийг тайлчих хэрэгтэй.  Зүсээ хувиргасан алтны хуулиас болж  нэр хүнд нь унасан бизнесмэн хүнээр ч яах юм.   Нэрээ цэвэрлэх хэрэгтэй ш дээ.  

12. Боловсрол шинжлэх ухааны яамА.Ганбаатар /МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх/ Л.Гантөмөр сайдын салбартаа хийсэн шинэчлэл гэснийг дуулаагүй л юм байна.  Тэрний оронд  дайчин, залуу халуун туршлагатай , олноо Гаабий нэрээрээ  алдартай  Ерөнхийлөгчийн  зөвлөх  А.Ганбаатарыг  сайд болгочихбол салбараа “сэб” хийтэл  сэргээгээд л ирэх байх шүү.  Үг хэл хурц болохоор ард түмэндээ нээлттэй л ажиллах байх.  

13. Хөдөлмөрийн яамД.Нямхүү /2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшсэн/Хөдөлөмрийн яам гэж юм хийгээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй газар байнаа.  Тэргүүнийг нь Д.Нямхүүгээр солиод үзээрэй.  Лав л яамныхаа нэрийг олноо дуурсгах  л байх.  Давхар дээлгүй хүн сайдын алба хашбал  ядаж л олны дунд Ерөнхий сайдын нэр  хүнд бага ч атугай цэвэрших биз.  

14. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамЛ.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа бүх нийтэд бэлгэвч тогтмол хэрэглэхийг “заасан” эрхэм.  Түүнийг сайд болгобол бэлгэвч хэрэглэ гэдэг шигээ хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  талаар ард түмэнд нэг мэдлэг өгөх эрхэм гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх шүү.   

15. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамБ.Батзаяа /Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга/ Салбараа унагасан бас болоогүй таныг унагах гээд байгаа  өрсөлдөгчөө  “тэрлэгтэй” төрийн хүнээр сольчихсон нь дээргүй юу...

 16. Эрчим хүчний яамЛ.Гансүх /Ерөнхий сайдын ахлах зөвлөх/ Үе үе буруу ярьдаг хүнээс  таны өөрийн хүн байвал  ажил тань урагштай  байх болов уу.  

17. Эдийн засгийн яамО.Магнай /ШӨХТГын дарга/   Шударга л ажиллана.  Зоригтой ч дуугарна.  

18. Зам тээврийн яамМ.Энхсайхан /Монгол улсын Ерөнхий сайд асан/ Төмөр замын асуудлаас болж  мөн ч  их нервээ барсан даа хөөрхий. Туршлагатай улс төрч болохоор салбараа унагаахгүй л байх.   

19. Соёл спорт аялал жуулчлалын яам- Д.Сосорбарам /Төрийн соёрхолт/ - Ганц батаар ярьдаг сайдаас  Д.Сосорбарам гуай тогоонд нь олон жил чанагдсан хүн чин сэтгэлээсээ ажиллаж, манай урлаг соёл спортын тамирчдад  эцэг хүний ёсоор хандаж, салбараа  дээшлүүлэх л хүн дээ.  Тэгээд ч давхар дээлтэй Ц.Оюунгэрэл сайдыг  гадаад нөхөртэй гэж ирээд л бөөрөлхдөг.  Тийм асуудалгүй сайхан болно шүү дээ.

 

Ерөнхий сайдыг унагаж өөрийнхөө бүрдүүлэх гээд байгаа Засгийн газрын бүрэлдэхүүнийг  Х.Баттулга сайд албан бусаар танилцуулаад байгаа.  Тэрхүү “Үлгэрийн баатруудаас” миний санал болгосон улс дээргүй юу сайдаа.  Бодоод үзээрэй...

 

Э.Мөнгөн