Шилдэг ажилтнуудад төрийн дээд одон, тэмдэг гардууллаа
2018/07/26
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зууны манлай үйлдвэрийн шилдэг ажилтан, хөдөлмөрийн сайчуудад төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа Оюу танхимд боллоо. Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлт болон Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмүүдийн шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х. Бадамсүрэн болон түүний удирдлагын багийнхан ёслол хүндэтгэл дор гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Энэрэл” хүүхдийн асрамжийн төвийн нийгмийн ажилтан Л.Болдсайхан, Их барилгын хэлтсийн ахмад настан Б.Алтанхуяг нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн, Техникийн хэлтсийн ахмад настан Д.Хишигсүрэн, Спорт цогцолборын дасгалжуулагч Ж.Нямдорж нарын 14 хүнийг Алтан гадас одонгоор, Баяжуулах үйлдвэрийн ахмад настан Н.Оюун, Дулааны цахилгаан станцын ахмад настан А.Дэлгэрмаа, Ган бөмбөлгийн цехийн суурь машинч Х.Чулуун нарын 8 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.
Эрдэнэсийн хот, Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд нөр их хөдөлсөр зүтгэл, ажил үйлсээ зориулсан алдар гавьяаны эзэд, шинэхэн шагналтнууддаа мянга мянган уурхайчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхан бүхний ерөөл дэвшүүлье.