Жинхэнэ аймшиг гэдэг чинь "Ажилгүй байх"
2018/07/28
Галзуурахад ганц хуруу дутуу гэдэг шиг бараг л Жеймс Бонд “болсон” энэ хүн бол Британийн жүжигчин Клайв Оуэн. “Оскар”-т нэр дэвшиж байсан, BAFTA болон “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг дүрийн шагналтай түүнийг 007-гоор уг нь сонгосон гэдэг. Гэсэн ч түүний оронд Д.Крейг тэрхүү дүрд тоглох болсон гэдэг. Өдгөө 54 настай Клайв Оуэн 13 настай байхдаа л төрсөн хотынхоо Залуучуудын театрын уран бүтээлд оролцож эхэлсэн аж. 1987 онд телевизийн олон ангит, адал явдалт кинонд тоглосноор дэлгэцийн урлагт анхны дүрээ бүтээжээ.
2004 онд “Артур хаан” кинонд тоглосон Оуэныг мэргэжилтнүүд нэлээд шүүмжилсэн бол үзэгчид харин эсрэгээрээ түүнийг тэнгэрт тултал магтсан. Ямартай ч эл кино дэлхийн зах дээлээс 20 сая “ногоон”-ы ашиг олсон бөгөөд үзэгчид түүнийг “Артур”-аар нь илүүтэй мэдэх болсон. 2004 онд Жулия Робертс, Натали Портма, Жуд Лоутой хамтран Майк Николсын найруулсан “Closer” кинонд тоглосон нь асар том амжилт авчирсан. Тэрбээр шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд “Оскар”-т өрсөлдөж, “Алтан бөмбөрцөг” хүртсэн.
Оуэн эхнэр, хоёр хүүхэдтэй, инди-рок урсгалаар уран бүтээл туурвидаг “Hard-Fi” хамтлагийн улаан фэн, хөлбөмбөгийн “Ливерпуль” багийг дэмжигч. Түүнийг “Esquire” онцолсон байна.
- Гайхалтай сайн хүн байхыг нэг хүн надад аминчлан зөвлөж, захисан нь миний сонссон хамгийн хачин, бас хамгийн муу зөвлөгөө гэж боддог.
- Хэрэв жүжигчний мэргэжил сонгоогүй бол би ямар ажил хийгээд тууж явах байсан бол гэж хааяа боддог. Би дунд сургуулиа төгссөний дараа хоёр жил шахам ажилгүй байсан. Театрын сургуульд элсэх хүртлээ шүү дээ. Ёстой л “зүгээрийг хийнэ” гэдэг болсон. Ажилгүй байхад асуудал мунддаггүй юм билээ. Жинхэнэ аймшиг гэдэг чинь л ажилгүй байхыг хэлдэг юм байна гэдгийг би ясандаа тултал мэдэрсэн. Тиймээс хааяа жүжигчнээс өөр ажил хийвэл яах бол гэж боддог юм.
- Алдар хүндтэй байхын давуу тал нь урлаг, спортын тоглолтын тасалбар авах, зоогийн газарт захиалга өгөхөд мэдрэгддэг. Харин сөрөг зүйл гэвэл байнга хэн нэгэнд мөшгүүлж явах.
- Бахархах мэдрэмжийг би энэ ажлаасаа олонтаа авч байсан. Олон мундаг хүнтэй хамтран ажиллах чинь бас л гайхалтай мэдрэмж шүү, жинхэнэ нэр төрийн хэрэг.
- Амьдрал, ажлын минь гайхамшигт мөч хэзээ байв гэхээр, (Барак Обаматай авхуулсан өөрөг зураг) хэдэн сарын өмнө энэ зургийг авхуулахад гэж болно. Энэ хүн миний тоглосон “The Knick” цувралыг олон удаа үзэж, биширсэн гэсэн.
- Гэртээ зурагтаар спортын нэвтрүүлэг үзээд хэвтэх нь миний хувьд жинхэнэ амралт, тайвшрал болдог. Би хөлбөмбөг, теннис тоглох дуртай.
- Дэвид Боуи надад асар их нөлөөлсөн. “Hunky Dory” пянзаар нь би түүний уран бүтээлтэй анх танилцаж байлаа. Тэр бол гайхалтай дуучин, уран бүтээлч. Бүх дуу нь супер, надад таалагддаг.
- Би Холливудын Пол Томас Андерсон, Жак Одиар хоёроос бусад найруулагчтай ажиллаж үзсэн.
- Хүний амьдралыг хэмждэг нас их чухал. Хэдэн настай үеэ хамгийн чухал гэж үздэг вэ гэсэн асуултад тань “Би одоо байгаа энэ нас, цаг үеэ хамгаас эрхэмлэн, чухалчилна” гэж хариулах байна. Жүжигчний мэргэжил нэг талаараа олон
- цаг үе, нас, орон зайд “очих” боломжтойгоороо сайхан.
Эх сурвалж: Өнөөдөр сонин Ж.Эрдэнэцэцэг