- ХИЙ БУУДСАН НЬ 22 ЖИЛ ШОРОНД, ХҮМҮҮСИЙГ ЯРГАЛСАН НЬ ЗҮГЭЭР ӨНГӨРДӨГ ОРЧЛОН -
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг НҮБ-ын хурал дээр “Иргэний нийгмийнхэнтэйгээ хамтарч ажилладаг” хэмээн яриад АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай зургаа татуулж, хурал удирдаж байх үед Монголд их баривчилгаа болж иргэний нийгмийн удирдлагууд уудыг шоронд хорьж билээ. Тухайн үед иргэний 11 хөдөлгөөний есөн удирдагчийг саатуулсан бололтой мэдээлж байсан. Тэдний нэг нь “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр байсан юм. Хөөрхий дөө! Энэ хэдэн залуусыг дөрвөн сар гаруй хориод тун саяхан хэргийг нь ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид тасалж, 2-22 жилийн хорих ял оноолоо. Ц.Мөнхбаярт 22 жилийн хорих ял оноожээ . “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр гэж залууг би танина. Нэг удаа ярилцаж байж билээ. Тэр ярианаас үзэхэд, Монголынхоо газар шорооны төлөө үхэхээс буцахгүй эх оронч хүн юм билээ. “Энэ газар нутгаа худалдаж, харийнханд бэлэглэж байгаа олигархиудтай эцсээ хүртэл тэмцэнэ” гэж байсан нь сэтгэлд тодхон байна. Тэр бол өндөр боловсролтой, хариуцлагатай алба хашиж байсан, шулуун шударга нэгэн. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа төр, засагт хандан олон удаа шаардлага тавьж, олигархиудаар дэмжүүлсэн гадаад дотоодын луйварчдыг эсэргүүцэж, тэдний эсрэг тэмцлийн бүх аргаа хэрэглэж байсныг манайхан мэднэ дээ. Гэхдээ хүн алж, хүрээ талаагүй. Арга тасрахдаа хий буудаж, сүрдүүлж байсан удаа бий. Эрх баригчид “Урт нэртэй” хуульд хувийн сонирхолдоо нийцсэн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад дургүйцсэн Ц.Мөнхбаяр болон иргэний хөдөлгөөний 11 байгууллагын удирдлага, гишүүд идэвхтнүүд 2013 оны есдүгээр сарын 16-нд Төрийн ордны дэргэдэх цэцэрлэгт очин эсэргүүцлээ илэрхийлж, тэнгэр рүү хий буудсан. Зарим нь “ажиллагаагүй болсон” гар гранат мэтийг авч очсон нь сүрдүүлгийн нэг хэлбэр байсан гэдэг. Манай өнөөгийн эрх баригчид бол тэр зэргийн сүрдүүлгийг ч тоохоо байсан хүмүүс шүү дээ. Нутаг орноо худалдаж ашиг хонжоо олж л байвал юу ч хийхээс буцахгүй болсон хүмүүс. Хар даа, монголчууд минь! Монголд 464 алтны тусгай зөвшөөрөлтэй байгууллага, хүмүүс байдаг гэнэ. Үүний ард голдуу гадаадын баячууд байдаг аж. Ийм олон байгууллагаас 83-хан нь алтаа улсын банкинд тушааж, татвараа төлдөг. Бусад нь хаагуур олборлоод, хаашаа гаргадаг нь бүү мэд. “Бороо гоулд”-ын 60 тн алт бараг л татвар хураамжгүйгээр гадагшаа гараад явчихсан. 68 хувийн татвартай байсан алтаа АН-ынхан гадны түншүүдийнхээ аманд орж, 2,5 хувийн татвартай болгож амжлаа. Алтны компаниудын цаана Оюутолгойгоос эхлээд харийн баячууд уутны ам бариад сууж байгаа нь нууц биш. Алтны багахан хэсгийг 2,5 хувийн татвартайгаар улсад тушааж, ихэнх хувийг гадагшаа зөөнө гэж хүмүүс яриад, бичээд байгаа.

 Саяхан эрх баригч намынхан “Дахин сонгууль явуулна” гэж зүтгэсээр байгаад ялсан нэр хэмээсэн Говь-Алтай аймгийн дархан цаазат газар нутагт хадгалж байсан 200 тн алт харийнхны уутанд ороход бэлэн боллоо. Одоо Ардчилсан намынхан олонхиороо түрээ барьж говийн Их, Бага дархан цаазат газруудын алтны ордыг тусгай хамгаалалтаас гаргаад эрж, олборлож, ухаж сэндийлээд урд хөрш рүүгээ гаргаж таарна. Эндээс Говь-Алтайн иргэдэд хумсан толио шиг ч олдоно гэж үү. Алт нь харийнхны зууш болж, ан амьтад нь дүрвэж зайлаад говийн Их, Бага дархан цаазат газар нутаг маань мөхлийн ирмэгт тулах байх даа. Ашигт малтмал, газрын баялгийн төлөө, тэр дундаас алтны төлөө ийм “дайн” болж байхад эх орноо гэсэн сэтгэлтэй долоон залууд шүүхээс 2-22 жилийн ял оноолоо. Аймаар байгаа биз. Өнөөх “хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгууллагын Голдманы шагналт Ц.Мөнхбаяр, хамтран зүтгэгч Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт тус бүрт нь 22 жил ял оноож, М.Мөнхболдыг хоёр жил хорих ялаар шийтгэжээ. О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож цагаатгасан байна. Хорих ангид хаалттай хийсэн энэ шүүх хурлыг шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.МөнхЭрдэнэ, С.Оюунчимэг нар шүүх бүрэлдэхүүнд багтсан байв. Улсын яллагчаар прокурор Т.Оргил-Очир, Н.Бадамцэцэг нар оролцсон гэнэ. Шүүгдэгчдийн эхнэр хүүхэд, иргэний хөдөлгөөний нөхөд нь “Хэрэг хийгээгүй хүмүүсийг шийтгэхгүй байх” хэмээн гаргаж авахаар хувцсыг нь авч очсон гэдэг. Тэгтэл Ц.Мөнхбаяраас эхлээд 22 жилийн ял сонсгоход бараг муурч унасан юм байх. Тэгээд өнөөдрийн төр засаг, хууль хяналтын байгууллагынханд гомдож горойсон сэтгэлээ зүйл бүрээр л илэрхийлсэн сураг байна. Ийм гэнэтийн “цохилтод” хэн ч л тэгэх байх. Үүнтэй зэрэгцээд зохион байгуулалттай сурталчилгаа тэнгэрт хадлаа. Үүнийг их дээрээс зохион байгуулж байгаа бололтой юм. “Дотоодын терроризм” гэсэн үг чих дэлсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах боллоо. “АУМ-Алт” компанийн захирал Ц.Мягмардорж гэгч “Эх оронч гэж цээжээ дэлдэгсдийг биш, бүтээн байгууллагчдыг хэлдэг юм” гэсэн том ярилцлага сонинд өгчээ. Үүндээ Ц.Мөнхбаяр нарыг их л муухайгаар хэлсэн байна. Ц.Мөнхбаяр 60 сая төгрөгийг нь шантаажилж байгаад авчихсан юм байх. Энэ хүн яагаад Ц.Мөнхбаяр нарыг шоронд зовж зүдрэх болохоор гэв гэнэтхэн гараад ирэв. Энэ чинь авлига өгсөн асуудал биш юм уу. Энэ чинь “Дотоодын терроризм” юм бол терроризмыг санхүүжүүлсэн хэрэг биш юм уу. Ц.Мөнхбаяр тэргүүтэй иргэний нийгмийнхнийг баривчлагдахтай зэрэг тийм ч мөнгөө алдчихсан, ийм ч мөнгийг минь авчихсан гэж гонгинолдоод байгаа хүмүүсийг энэ хэрэгт холбогдуулан шалгах ёстой гэж олон хүн хэлж байна. Тийм л дарамтлуулж байсан юм бол яагаад нуун дарагдуулж байв. Ямар нэг учиг сэжмээр холбоотой л байж таарна биз дээ. Олон түмэн бол “Тэднийг сайн шалгаасай” гэх юм билээ. Хүнийг сайн сайхан явахад нь ая тал засч хэдэн төгрөг юм уу, юухан хээхэн өгчихөөд ядарч явахад нь шударга хүний дүр эсгэн хууль хяналтын байгууллагаар “хошуугаа худалдаж” явдаг хүмүүсийг манай ард түмэн “адгийн шаар” л гэдэг юм даа. Ер нь Монголд юу болоод байгаа юм бэ. Монголын ардчиллын загалмайлсан эцэг С.Зориг тэргүү- тэй эх орончдын зорьж явсан зам энэ мөн үү. Ардчиллыг дэмжин бидний хүсэн хүлээж байсан нийгэм мөн үү. Ардчиллыг бид чинь хэдэн олигархиудад бурантаглуулаад буруу замаар явчихсан юм биш үү. Төрийн эрх барьж байгаа хэдэн хүн, монголчуудыг хэдэн үеэрээ төлж барахгүй өрөнд унагаагаад хамаг мөнгийг минь харийн банкинд чихчихлээ гэлцэх юм. Цалин тэтгэвэр авагчдын алган дээр сохор зоос ч тавьсангүй. Энэ бурангуй нийгмийг шүүмжилсэн, арга ядаад сүрдүүлсэн хүмүүс эхнээсээ 22 жилийн хорих ял авлаа. Ард түмний бухимдал туйлдаа хүрлээ. Та бүхэн харж байгаа байх.

 Монголын өнөөгийн эрх баригчид юунд бэлдэж байна вэ. 1000- 1500 хүний багтаамжтай шорон барьж байна. Цагдаа, шүүхийг өөрсдийнхөө хүмүүсээр хэд дахин өргөтгөлөө. Эмнэлэг сургууль гэхээсээ илүү орой болгон шахам цагдааг өргөтгөсөн, цагдаагийн шинэ барилга ашиглалтад оруулсан тухай нэвтрүүлэг цацаж байна. Эмнэлгийн зориулалттай барилгыг Хууль зүйн сайд нь “дээрэмдээд” хуулийнхандаа өгчихлөө. Дотор нь байсан 3,2 тэрбум төгрөгийн үнэтэй шинжилгээний аппаратыг ганц ч удаа хэрэглэлгүйгээр дэлбэлчихлээ. Нууцалж байгаа энэ “эзэнгүй хэрэг”- ийн төлөө Х.Тэмүүжин, Н.Удвал нар огцорсон ч багадна гэж хүмүүс ярьсаар л байгаа. Иргэдийнхээ тэтгэврийг нэмээгүй хэрнээ шүүгчдийн сарын цалинг 4,5 сая төгрөг хүртэл нэмнэ гэнэ. Үүнийг төрийн авлига гэдэг юм” хэмээн гадны нөхөд маань хэлж байна. Энэ бүхэн чинь дарангуйлагч нийгмийг босгож ирлээ гэхээс өөр арга байна уу даа. Миний хувьд, гурван үеэ рээ хэлмэгдэн зовж зүдэрч явсан хүн. Өнөөдөр хүний эрхийн холбогдолтой бараг бүх байгууллагын сонгуультай. Гадаадын, хүний эрхийн байгууллагуудтай ч холбоотой ажиллаж байна. Ажиглаад байхад их хэлмэгдүүлэлт яг л өнөөдрийнх шиг эхэлж, үргэлжилж байсан юм билээ. Шударга эх орончид, иргэний хөдөлгөөний удирдагчдаас нь эхлээд дарж авдаг, ард түмнийг чөлөөтэй дуугарах эрхгүй болтол нь дарамталж байгаад хэсэг бүлэг хүн хүслээ хангасан байдаг. Ийм цаг үе Монголд эргээд ирж байгаа юм биш үү. 2008 оны долдугаар сарын 1-нд яалаа. Жирийн иргэдээ Д.Сүхбаатарын талбайд цагаан зээр шиг хөөн буудаж, жанжныхаа талбайг хүний цусаар угаасан. Тэр “Онц байдал” гэгчийг ганц, хоёр хүний шаардлагаар зарласан эзэн, “онц байдлыг” зохион байгуулсан хүмүүс өнөөдөр зүгээр л явж байгаа. Тэгтэл иргэний хөдөлгөөний удирдагчдыг баривчлан хорьж, яаж тамлалаа. Өнөөдөр энэ ээлж Ц.Мөнхбаярынханд таарчээ. Маргааш та бидний хэнд ч ирж магадгүй. “Ардчилсан намынхан” гэгч тодотголтой хүмүүс юу ч хийсэн арга хэмжээ авдаггүй, бусад нам эвсэл, иргэний хөдөлгөөнийхөн жирийн иргэдээр шорон дүүрч байгааг та бүхэн харж байгаа байх. Нэг сая (1000000) ам.долларыг “Хятадын Монгол” хаягаар Щвейцарийн банкинд нууцаар хадгалж (мартчихсан) байсан С.Баярцогт, дүү охиныхоо овгийг өөрчлөн Тавантолгойн 17 тэрбумын тендерт худал хуурмаг аргаар ялуулсан Н.Алтанхуяг, газрын наймаа болон бусад олон зүйлээр буруутгагдан ИТХ-аар Засаг даргаасаа огцрох шийдвэр хүлээсэн П.Ганхуяг мэтийн олон “ардчилагчид” толгойгоо илүүлээд л явж байгаа. Өнөөдрийн хууль шүүх, хүчний байгууллагууд ийм л болж дээ. Хүмүүс минь сэрэмжтэй байя.
 

Г.ЖАМЬЯН
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)