Тагнуулын ерөнхий газар дэд даргагүй болчихлоо. Ерөнхий сайд нэг л өдөр Б.Ариунсанг тус газрын дэд даргаар томилж байсан шигээ эргүүлээд татчихав.

Ингэснээр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Б.Ариунсан ажилгүй болж байгаа нь энэ. Ингэж бичлээ гээд зарим нэгэн нь “Монгол хүн байж ямар хүн чанаргүй юм бэ” гэх мэтээр загнаж мэднэ. Тэдэнд хариуг нь урьдчилаад барьчихад Ардчилсан нам арай ч Б.Ариунсанг гудам­жинд үлдээхгүй болов уу гэсэн итгэл төрсөндөө энэ юм шүү.

 

Түүний тухайд Ардчилсан намд ойгүй мундаг ач холбогдолтой биш ч гэлээ Ерөнхий сайд Н.Алтанхуягт бол туйлын чухаг нэгэн гэдгийг намынх нь нөхөд өөр зуураа ярилцах нь бий. Үүнийг нь Улсын нийгмийн халамжийн газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан намтар нь нотолно. Дээр нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Тагнуулын ерөн­хий газрын дэд даргаар томи-логдсон нь ч дээрх дүгнэлтийн бодит баталгаа болох биз. Мэдээж “Тагнуулын ерөнхий газрыг удирдана” гээд бод л доо. Цаанаа л нэг хүчтэй, хүмүүсийн ярьдгаар баавартай сонсогдож байгаа биз.

Яг иймэрхүү зиндааны томилгоо тэртээ нэгэн цагт хийгдэж байсан түүх бий. Тодруулбал Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайдын албанд томилогдох үед. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүний албаа авсан даруйдаа эхнэр О.Цолмонгоо Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөхийн албанд томилсон байдаг. Гэхдээ О.Цолмон хатагтай уг албыг ердөө долоо хоног хашсан бөгөөд энэ хугацаандаа Тагнуулын ерөнхий газрын хурандаа нарыг өөртөө ёслуулж, ёстой л нэг сүрийг үзүүлсэн гэдэг. Гол нь тэр их сүр хүч ердөө долоохон хоног үргэлжилсэн гэж байгаа. Тэгсэн хэрнээ өнөөдрийг хүртэл яригдаастай. “О.Цолмон Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөх байхдаа...” гээд л үргэлжилнэ. Эхнээс нь дурьдвал “О.Цолмон Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөх байхдаа өөртэйгөө холбоотой бүх мэдээллийг устгасан”, “О.Цолмон Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөх байхдаа бүх томчуудтай холбоотой мэдээллийг цуглуулж, архивлаж авсан”, “О.Цолмон Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөх байхдаа Хятадын хөрөнгө оруулагчидтай холбоотой мэдээллийг устгуулсан” гэх зэргээр олон тооны мэдээлэл цацагддаг. Ер нь л тэр хүн Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөхөөр ажилласан долоо хоногийнхоо хугацаанд хийгээгүй юмгүй хийсэн юм байх. Лав л зүгээр суугаагүй юм гэсэн. Хонон өнжин баримт цуглуулж, өдөр шөнөгүй устгахыг нь устгаж хувилахыг нь хувилсан байсан гэх...Гэхдээ энэ бол олны  хардлага. Олны л дүгнэлт. Тэр бүх мэдээлэл үнэн худал эсэхийг бид мэдэхгүй. Ямар ч байсан О.Цолмонгийн тэрхүү “Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөх ажиллагаа”-ны хүчинд Н.Энхбаяр гэдэг хүн өдий зэрэгт хүртлээ өсч, дэвжиж, улс төр гэгчийг урт удаан хугацааны турш хийсээр ирсэн гэх юм билээ. Өнөөдрийг хүртэл бууж өгөхгүй хүчийг үзэх ид шид нь ч тэрхүү долоо хоногт нуугдаж байхыг  үгүйсгэх аргагүй.

Харин Б.Ариунсангийн хувьд долоо хоног бус бүхэл бүтэн дөрвөн сар Тагнуулын ерөнхий газарт ажиллаж. Гэхдээ зөвлөх бус дэд даргаар. Дахиад хэлэхэд бүхэл бүтэн дөрвөн сар шүү дээ. Учиргүй барилгын суурь цутгаж, тоосго өрөөгүй болохоор хийсэн ажлыг нь ийм, тийм гэж бодитоор дүгнэхэд хэцүү. Дээр нь Тагнуулын ерөнхий газрын хаалттай хаалганы цаана өрнөж буй нууцыг бол бүр ч мэдэх боломжгүй. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулахад хатагтай О.Цолмон долоо хоногийн дараа гэнэт ажлаа өгсөн бол Б.Ариунсан дөрвөн сарын дараа гэнэт ажлаасаа халагдав. Хэрэв Үндсэн хуулийн Цэц иргэн Д.Ламжавын өргөдлийг хэлэлцэх шаардлагагүй байсан бол тэр өдийд ажилтайгаа үлдэж болох  байсан байх. Гэхдээ л Тагнуулын ерөнхий газрын дэд даргын албыг дөрвөн сар хашчихлаа. Эндээс эхнэр О.Цолмонгийн хүч нөхөр Н.Энхбаярт тус дэм болсны нэгэн адил юм болох вий дээ гэж бодоод гэнэт айчихав. Айх ч гэж дээ аюултгүй өөдөө яваад байгаа нөхдөд ахиад шат ахихад нь гишгүүр болгох үнэнг хурааж хуримтлуулсан байх вий л гэж...Хүний муу санаа гэж...

 

Г.Отгонжаргал