Хүүхдийн мөнгө авах өрхийн судалгааг 9-р сарын 1 хүртэл авна
2018/07/31
УИХ, Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн санал төслийг нэгтгэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж 20 мянган төгрөгийг сар бүр олгохоор тогтоод байгаа билээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагуудтай зөвшилцөж Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах гэж заасан байдаг. Энэ дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрх иргэдийн судалгааг ирэх 9-р сарын 1 хүртэл авах юм.
УИХ-ын тогтоолын дагуу мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчилж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрах хүрээг тогтоох, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж байна. Цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэх, хүүхэд бүрт олгох асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаад байгаа юм.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг