Богдын үеэс зарлигаар дархалсан өнөө бидний дархан цаазат, тусгай хамгаалалттай бүс хэмээн нэрлэдэг Богд хан уулыг байшин хороолол болгосон “Мантууш”-ийн мөрөөр эрэн  сурвалжилснаас  хойш зургаан жил өнгөрчээ.“Мантууш” гэгч  компани одоо байхгүй.

Эзэд нь хариуцлага, татвараас зугтаж  татан буулгачихсан. Гэвч “Мантууш”-ийн балаг  өнөө ч  үргэлжилж байна. Саяхны хэд хоногийн бороонд л гэхэд Зайсангийн ам, Туул голын хөвөөг дагасан орон сууцны хорооллын суурийн давхар усанд автаж, ус зайлуулахаар орсон хүн  тогонд цохиулж нас барсан хэрэг гарлаа. Олон хоног цахилгаангүй иргэд  зутарлаа. Цаашид юу болохыг таашгүй. Уг нь Зайсангийн ам, Туул голын хөвөөг  барилгаар дүүргэж,  Богд уулыг “Байшин уул” болголоо гэж манайхан хэдэн жилийн өмнөөс улиг болтол шуугисан.

“Хан уул, хатан гол аяа алд, хүнээр бол бөөрнөөсөө төнхүүлсэн Богд уул, судас болсон  мод бутаа таслуулан  амь тавьж  буй Туул голын орчин   тэр чигээрээ янз бүрийн хэлбэр хийцтэй том, жижиг байшингаар дүүрэх дүр зураг тодорхой болжээ” гэдгийг ч  бишгүй бичсэн. Харин өнгө, мөнгө, эрх мэдлээр наймаалцдаг тогтолцоо  юуг ч юу болгож хувиргадгийн горыг  өнөөдөр иргэд, оршин суугчид амсч байна.

 

16 БАРИЛГЫН СУУРЬ УСАНД АВТЖЭЭ 

Суурийн давхар дахь усыг насосоор соруулж зайлуулж байгаа ч хүчрэхгүй байгааг иргэд хэлж байна.

Энэ талаар сурвалжилж  Туул гол орчмын байруудаар явлаа. Тус дүүргийн XI хорооны 81-ийн В байр,  XV хорооны нутаг дэвсгэр дэх “Грээн Хаус”, “Токио таур”-ын харалдаа 56 А, 56 Б, 56 Г, 56 Д, 56 В, 56 Е, 58 В байр, Улаанбаатар сувиллын урдах “Цоглог” хотхоны гарааш усанд автаж, Онцгой байдлын албан хаагчдыг өнгөрсөн долоо хоногт түргэн авахуулжээ. Ихэнх байрны цахилгааны  шит гараашид байрладаг.  Үүнээс үүдэн 81-ийн В байрны гараашид ус зайлуулж байсан хүн тогонд цохиулж нас барсан байна.

Иймд ОБЕГ-ын даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, дээрх байруудын цахилгааны шитийг салгаснаар оршин суугчид 4-10 хоног цахилгаангүй зутарчээ. Онцгой байдлын албан хаагчдын хэлснээр нийт 16 барилгын суурийн давхарын усыг зайлуулсан байна. Ингэхдээ чухам  хэчнээн куб метр ус зайлуулсныг хэмжих аргагүй хүнд нөхцөлд  ажиллажээ. Нэгэнт суурь нь усанд автсан барилгууд цаашдаа өмөрч цөмрөн  усанд урсаад явчихсан Өмнөговийн зам шиг болох аюул ойртсон гэхэд хилсдэхгүй. Учир нь тэр хавийн барилгууд суулт өгсөн гэдгийг эх сурвалжууд хэллээ. Өнөөдөр төрийн тусгай хамгаалалттай Зайсан буюу зөвхөн баячуудад зориулсан дархлагдсан хотхонуудын нийтлэг дүр төрх ийм байна.

Энэ байдалд  Байгаль орчны үе үеийн сайд, Хотын захирагч нарыг буруутай хэмээн амтай болгон ярьдаг, хэвлэлүүд ч бичдэг. Компаниуд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газрын зөвшөөрөл аваад орон сууц болгон зарж мөнгө угааж ирсний уршиг энэ. Ингэж авч, өгөлцсөөр нэг л мэдэхэд Зайсангийн ам, Нүхт, Богд уул, Туул голын  орчимд бүхэл бүтэн хороолол босоод байгаа учир нь эндээс эхтэй. Дархан цаазат газар, төрийн тусгай хамгаалалттай бүс нутагт жирийн иргэн тэр болгон газрын зөвшөөрөл авч чадахгүй. Тийм хэрэгцээ, шаардлага ч байхгүй. Гагцхүү мөнгө, эрх мэдэл бүхий улс төр, бизнесийн бүлэглэлийн л хийж чадах ажил. Үүнд М.Энхболд, Улаанбаатарыг удирдаж ирсэн үе үеийн хотын дарга нар, Т.Бадамжунай тэргүүтэй хотын менежерүүд, улс төр, бизнесийн ашиг сонирхлоор нэгдсэн “Хотын фракц”-ыг холбоотой гэлцдэг.   Газрын алба болон бусад асуудал хотын мэдэлд багтдаг бол авлигын энэхүү сүлжээ цааш “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилга, хот байгуулалтын яам руу салбарладаг нь ч нууц биш. Дээр нэр дурдсан эрхмүүд бол өөрсдийн гар хөлийг саадгүй зорчуулах, нэг үгээр хэлбэл дураар нь тонгочуулах бүхий л боломж, бололцоог нээхийн тулд эрх мэдлээ ашиглан “Ногоон гэрэл” асаагч нар гэдгийг одоогоос зургаан жилийн өмнө бичсэн  “Мантууш”-ийн маапаан 1,2,3 эрэн сурвалжлагад тодорхой дурдсан.  Гардан гүйцэтгэгчдийн цөөнгүйг нэрлэсэн. Тухайлбал,  төрийн тусгай хамгаалалттай дархан цаазат Богд уул, Зайсангийн амыг орон сууцаар дүүргэсэн бүдүүн зүрхтэй, бүрэн эрхтэй компаниуд дотор  “Уушги цохио”, “Сөүл Вин”, “Роял Нью Кэстл”, “Карказ”, “Жигүүр Гранд”, “Бөх бат”, Сөүл групп, ‘’Бодь’’ групп, ‘’М-Си-Эс’’, ‘’Чоно’’, ‘’Фортуна’’ групп, Солонгосын хөрөнгө оруулалттай “G.SS.M” компани “Мапекс”, “Эфмакс”, “Сипоко”, “Мфикс” компанийн барьсан  гоё нэртэй хотхон олон байдаг. Түүнчлэн  Байгаль орчны сайдын 2003 оны тушаалаар “Дабу”, “Сарнайх”, “Анома” компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр /ерөнхий төлөвлөгөөндөө орон сууцны барилга барихыг тусгасан байсныг мэдсээр байж/ зөвшөөрөл олгосон нь дээрх гоё нэртэй барил­гууд дотор толгой цохидог гэдгийг  иргэд хэлдэг.

 

ЗАЙСАНГ БАЙШИНГААР ДҮҮРГЭХЭД МАНЛАЙЛСАН “МАНТУУШ”

Өөрөөсөө салбарласан охин компаниудаар баг хийж, Зайсанг барилгаар дүүргэсэн ихээхэн эрх мэдэл бүхий хамгийн том компани бол  “Мантууш”, эзэн нь Г.Өнөрболор гэх эмэгтэй гэдгийг нийслэлчүүд андахгүй. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш тэрээр МАН-ын нарийн бичгийн даргын албыг хаших болсон. Тэр байтугай Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдох шахсан удаатай. “Сөүл” групп, “Уушги цохио”,”Сөүл Вин”, “Роял Нью Кэстл” бол “Мантууш”-ийн  охид. Толгой компани  нь “Грийн Вилла”, “Роял кастл”, “Сөүл Роял Каунти” зэрэг хотхоныг Богд уулын ард барьж, өндөр үнээр зарсан байдаг. Тэнд Н.Багабанди, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү, Ерөнхий сайд асан С.Баярынх амьдардаг хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан. Мөн Г.Өнөрболорыг хэвлэлүүд “Зайсангийн тэргүүн хатагтай”-гаар тодруулж байсан   удаа бий. Зайсангийн “савдаг” гэж нэрлэх гээд хэл хальтарсан нь тэр байх гэж бодогддог. Үүнийг бичигч би ч бус  бусад хүн ч  ярьж, бичдэг  хойно, хочилсон  болохгүй биз. Ямартай ч Богд уулын ар хормой, Зайсангийн аманд “Мантууш”-ийн тарьсан балаг ямар хэмжээнд хүрсэн хийгээд нийслэлийнхэнд хэрхэн аюулын харанга дэлдэж эхэлснийг зургаан жилийн өмнө сэрэмжлүүлсэн маань өнөөдөр эрх баригчдын орой руу орж байгаа гэдэгт  найдна.  Г.Өнөрболор хатагтайн зүгээс магадгүй “Өнөөдрийн асуудал бидэнд хамаагүй” гэж болох юм. Гэтэл  Зайсангийн ам, Богд уулыг байшингаар дүүргээд зогсохгүй, нүх сүв үлдээлгүй барилгаар чигжиж даацыг нь хэтрүүлж, бусдыг  араасаа дагуулсны  гол буруутан нь  “Мантууш”.  Тухайн үед нийслэлийнхэн, тэр дотроо Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугчдын тав тухад заналхийлж байсан. Одоо тэр балаг нь илэрч байна бус уу.

 

ХОЛБОГДОХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНГҮЙ

Зайсанд баригдсан барилгууд бүгд газрын зөвшөөрөлгүй. Хот төлөвлөлт хийгээгүй газар компаниуд барилга барьсны гол буруутан нь Байгаль орчны үе үеийн сайд нар. Тодруулбал, 2003-2008 онд зөвшөөрөл өгсөн гэдгийг дээр өгүүлсэн.  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрынхны  мэдэл хүрдэггүй. Дээрээ­сээ дарамт шахалт ихтэй явж ирсэн байдаг. Яг үүн­тэй адил өнөөдөр ОБЕГ, Нийс­лэлийн Онц­гой байдлын газар, Мэр­гэжлийн хяналтын ерөнхий газар, Нийс­лэ­лийн мэргэжлийн хяналтын газар, Барилгын асуудал хариуцсан байцаагч нар  болон Нийслэлийн  хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсээр ороход тодорхой мэдээлэл өгсөнгүй. “Хариуцсан ажилтан амарсан, гадуур ажилтай яваа” гэх. Тэр байгууллагаас асуу, манайх мэдэхгүй гэсэн хариу өгч асуудлаас бултаж байна. “Хөрсний усны төвшин нэмэгдсэн  асуудал шүү дээ,  гидрогеологичдоос асуу. ШУТИС-ийн багш нар Ажлын хэсэгт орсон, тэд л мэднэ” гэж хэлээд  буцаах албан хаагч ч тааралдав. Энэ мэтчилэн Хан-Уул дүүрэг, цаашлаад Зайсангийн ам, Туул гол орчмын орон сууцны хорооллуудад үүссэн нөхцөл байдлын талаар  албаны эх сурвалжууд тодорхой хариу өгсөнгүй. Бид үргэлжлүүлэн сурвалжлах болно.

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин