Туул голоос эмэгтэй хүний цогцос олджээ
2018/08/02
Нийслэлийн онцгой байдлын газар иргэнээс ирсэн мэдээллийн дагуу ажиллаж, Туул голоос 20-30 насны эмэгтэй хүний цогцос олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
"Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын хойд талд Туул голын усанд хүн живсэн байна" гэсэн дуудлагыг долдугаар сарын 31-ний өдрийн 18:29 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13 км зам туулан 19:08 цагт очиж 15 минут ажиллаж, хаяг, нэр нь тодорхойгүй, 20-30 орчим настай, эмэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Харин Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ Өлгий сумын Ж/10 настай, эрэгтэй/, А/13 настай, эмэгтэй/ нар Ховд голын усанд живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 9-ний өдрүүд, долдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ. Өчигдөр 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлт гаргасан тул тус аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч, нэг автомашинтай, ар гэрийн есөн хүн, нэг автомашинтай, нийт 17 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр 10:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Бугат сумын Бугат багийн “Бугын голын Есөн салааны-Эх” гэдэг газраас Хасбаатарын хөшөө хүртэл “Ховд” голын усаар нийт 7 км-т, гурван удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон байна.