Намар хөл хөдөлгөөн ихтэй улирал. Дөнгөж сурагчийн ширээнээс боссон хүүхдүүд эзэмших мэргэжил, ирээдүйн амьдралаа сонгох хариуцлагатай үетэй тулгардаг. Энэ жил 43 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх хүсэлт гаргаж, түүнээс 37 мянга нь шалгалтаа өгчээ. Энэ нь өнгөрсөн жилүүдээс олон хүүхэд их, дээд сургуульд элсэх хүсэлтэйг илтгэж байгаа юм.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, Монголын ирээдүйг бэлтгэж байна. Түүний 67 нь магадлан итгэмжлэгдсэн. Энэ жилийн хувьд ихэнх сургуулийн бүртгэл дууссан. Харин их сургуулийн оюутны хяналтын тоонд оноо нь хүрээгүй, санхүүгийн бололцоогүй учир бүртгэлээ баталгаажуулаагүй гэсэн шалтгаанаар хүссэн их сургуульдаа элсэн орж чадаагүй төгсөгчид нэмэлт элсэлт хүлээдэг. Тэгвэл сургуулиуд нэмэлт элсэлтээ аваад эхэлжээ.

 

ШУТИС-ИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Манай улсын тэргүүлэх сургууль бол МУИС. Тус сургууль бакалаврын төвшинд 115 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг. МУИС-ийг төгссөн мэргэжилтнүүд салбар бүрт амжилттай ажиллаж, сургуулийнхаа нэрийг гаргадаг нь сургуулийн чанарыг илтгэж байгаа юм. Тэгвэл төрөлх хотын ууган сургууль маань нэмэлт элсэлтээ энэ сарын 13-15-ны хооронд авах юм байна. Сурагчид burtgel.num.edu.mn цахим хаягаар бүртгүүлж, тэнцсэн сурагч дөрвөн цагийн дотор 98600 төгрөгийг салбар сургуулийн дансанд тушааснаар таны элсэлт баталгаажих аж. Эрэгтэй хүүхэд бүр зохион бүтээгч, инженер болохыг хүсдэг. Харин тэдний мөрөөдлийн хөтөч нь ШУТИС. Эх орны хөгжлийг тодорхойлох ирээдүйн боловсон хүчнүүд энэ сургуулиас төрдөг. Тус сургууль энэ жил Үйлдвэрлэлийн технологийн сургуульдаа нэмэлт элсэлт авахаар төлөвлөжээ. Тус сургууль нь 12 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг юм байна. Элсэлт энэ сарын 2-13-ны хооронд ШУТИС-ийн I байрны 300 тоотод явагдах аж. Харин Хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг ХААИС-ийн хувьд нэмэлт элсэлт хэдийнэ эхэлжээ. Бүртгэлийн хугацаа энэ сарын 20-нд дуусгавар болох аж.

 

700-750 ОНОО АВСАН БОЛ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛДЭГ

Тэгвэл улсын хэмжээнд тэргүүлэх хувийн хэвшлийн сургуулиудын нэмэлт элсэлт ч эхэлсэн байна. Улаанбаатар их сургуулийн хувьд нэмэлт элсэлт нь энэ сарын 25-30-ны хооронд явагдах аж. Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж нь бүлгээр сонгосон тохиолдолд 10 мянган төгрөг.  Хөтөлбөр тус бүрээр сонгосон тохиолдолд 5000 төгрөг аж. Тус сургуульд бүртгүүлэхийн тулд таны доод оноо 480 байх шаардлагатай юм байна. Харин “Мандах бүртгэл” дээд сургуулийн хувьд санхүүгийн чиглэлийн үндсэн зургаан мэргэжлээр оюутан элсүүлдэг. Энэ жил 1000 орчим сурагч элсэхээр тус сургуульд бүртгүүлжээ. Нэмэлт элсэлт өнөөдрөөс эхлэх бөгөөд анги дүүргэлтээс хамаарч хаагдах юм байна. Элсэгчид өөрийн биеэр ЭЕШ-ын батламж, гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбартай ирж бүртгүүлнэ гэж сургалтын алба нь мэдэг­дэж байв. “Отгонтэнгэр” их сургууль 11 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. ЭЕШ-д 751-ээс дээш оноо авсан сурагчдад төлбөрийн 50 хувь, 700-750 оноо авсан бол 25 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг юм. Харин нэмэлт элсэлт өнөөдрөөс эхэлнэ. Элсэгчид өөрийн биеэр батламж, гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбартайгаа ирж бүртгүүлэх юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин