Хүний амьдралын элдэв явдал дотор хэлж бус хийсч ирдэг гэж бидний ярьдаг өвчин гэгч хамгийн хэцүү зовлон билээ. Яг үнэндээ хаа нэгтээгээс нисч буугаад бидэнд наалдчихдаггүй нь үнэн боловч нэгэнт нэрвэгдсэн бол яалтай.

Үүний эсрэг зогсч, өвчтөн бүрийг анагаах ам тангаргаа егсөн хүмүүс бол эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг. Төрийн үйлчилгээний нэг хэсэг боловсролын салбарын багш, ажиллагсад зуны гурван сард тааваараа амарч, дуртай дургүй ч өөрт ногдсон хэдэн цагт хичээл заасан болж, төсвөөс цалинжаад л явж байдаг. Тэд хүүхдийн тархи толгойтой ажилладаг, цэвэр орчинтой хүмүүс. Харин эмнэлгийн сувилагч, асрагч зэрэг үйлчилгээний ажилчид хүний аль муу муухай, бохир заваан болгонтой зууралдаж, шар нар бор хоногийг үл ялган ээлжинд ажилладаг улс. Тиймээс эхний ээлжинд эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг тодорхой хувиар, амьдралд нь бодитой нөлөө үзүүлэх хэмжээнд нэммээр санагддаг.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл энэ оны эхний хагас жилд 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 670 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай байсантай харьцуулбал том амжилт. Бас бага биш мөнгө. Тиймээс биднийг баян ядуу, мөнгөтэй хөрөнгөгүй, дарга цэргээр нь үл ялгаварладаг "шударга зовлон" өвчний эсрэг тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлчих боломж байгаа юм биш үү. Хэдэн хувиар хэрхэн нэмэхийг төр, засгийн шийдвэр гаргагчид, төсвийн тамир тэнхээ мэдэх биз ээ.

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин