Эрдэс баялагийн үнийн өөрчлөлт, хөрш улсуудын зөвшөөрлөөс хамаарахгүй, байгаль орчинд халгүй, өндөр цалинтай олон зуун ажлын байр бий болгож эдийн засгийг төрөлжүүлэн, олон арван сая доллар олж болох нэгэн чухал бизнесээ монголчууд бид бүрэн анхаарахгүй байна.

Боловсон хүчнээ сайтар бэлдээд, сахилга баттай, стандарт, журмын дагуу үйл ажиллагаагаа томоохон цар хүрээтэй болгож чадвал уул уурхайгаасаа илүү орлого олох тэр боломж Буянт-Ухаад, онгоцны буудал дээр байна. Энэ бол агаарын хөлгийн засвар үйлчилгээ.  Энэ бизнесийг монголчууд олон жил эрхэлж, саяхан олон улсын зах зээл дээр гарсан боловч, ирээдүйд ямар түвшинд хүрч, ямар хүрээнд хөгжих том зургаа харахгүй, нэгдсэн алсын хараа байхгүй, ач холбогдол өгөхгүй, бизнесийн эрх чөлөөг нь олгохгүй байгаа ажээ. Хөшигийн шинэ онгоцны буудал руу олон улсын нислэгийн үйлчилгээ нь нүүх гэж байгаа энэ цаг үед тус бизнесийг алт болгох түүхэн боломж гараад ирлээ.

Дэлхий даяар, ялангуяа Ази Номхон далайн бүс нутагт асар хурдтай өсч буй агаарын тээврийн салбарт агаарын хөлгийн техникийн бүх төрлийн шалгалт, засвар үйлчилгээний асар том эрэлт хэрэгцээ үүсээд байна. Газар нутгийн байршил, өргөн уудам нутгаа давуу тал болгон, түрүүлж, ухаалаг ашиглах ховор боломж иржээ.

 

Агаарын хөлгийг арчилж тордох нь авахаасаа үнэтэй

 

Олон Улсын Валютын Сангаас дэлхийн эдийн засаг урт хугацаандаа жилийн 2.8 хувиар өсөхийг тооцоолжээ. Тэгвэл агаарын тээврийн зорчигч эргэлт жилд дунджаар 4.7, ачаа тээвэр 2 хувиар өснө гэж Бойнг компанийн Дэд захирал Ранди Тинсец ирэх хорин жилийн төсөөлөлдөө мэдэгджээ. Өнөөдөр дэлхий дээр иргэний агаарын тээврийн паркад 24 мянган агаарын хөлөг ашиглагдаж байгаагаас ирэх хорин жилийн дотор 18.5 мянган нь солигдож, шинээр 42.7 мянган агаарын хөлөг шаардлагатай гэж тэр хэлэв. Шинэ онгоцнуудын нийт үнэ 6.3 их наяд доллар, харин тэдгээрийн техникийн үйлчилгээ нь 8.8 их наяд доллар болох гэнэ. Агаарын тээвэр хамгийн түргэн хөгжих бүс нутаг нь Ази Номхон далай (АНД), тэргүүлэгчид нь Хятад, Энэтхэг байх аж.

Ийнхүү агаарын хөлгийг анх худалдаж авсан үнээс ашиглалтын явцад арчилж тордох буюу техникийн үйлчилгээний зардал нь илүү болдог байна. Олон улсын хэмжээнд агаарын хөлгийн тооны өсөлтийн хурдыг, тэдгээрийг ажиллуулдаг нисэх бүрэлдэхүүн, инженер техникийн ажилтныг бэлтгэх, засвар үйлчилгээний хүчин чадлыг өсгөх хурд нь гүйцдэггүй, хомсдол үүссээр иржээ.

Олон улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллагаас (IATA) олон улсын хэмжээнд үйлчилж буй агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааны зардлын 10-15 хувийг нь техникийн үйлчилгээ (ТҮ) эзэлдэг болохыг тогтоожээ. 2015 онд АНД-н орнууд л гэхэд энэхүү ТҮ-нд 18 тэрбум ам.дол зарцуулжээ. Энэ зардал 2015-2025 оны хооронд АНД-н бүс нутагт 71, Хятадад дангаараа 93 хувь өсөх ажээ.

Энэ бүсийн дэлхийд томоохонд тооцогддог ТҮ-ний төвүүд Тайвань, Шанхай, Сингапур, Индонез, Филиппин, Малайз, Вьетнам, Тайландад байдаг. Олон хөлөгтэй агаарын тээврийн компаниуд (жишээ нь: Korean Air, Asiana Air) өөрсдийн ТҮ-ний нэгжтэй байдаг бол, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хямд өртгийн компаниуд (Easter Jet, Jeju Air, T’Way, Air Asia) гуравдагч этгээдийн ТҮ-г авдаг (oursourcing) болжээ. Дэлхийн хэмжээнд агаарын тээвэрлэгчдийн 45 хувь нь хөлгийн их засвараа (overhaul) гуравдагч талаар хийлгэж байна.

Нислэгт тэнцэх шаардлагыг хангахын тулд агаарын хөлөг бүрийг 45-70 хоног тутам (A-check), 12-24 сар тутам (C-check), 5-10 жил тутам (D-check) үйлдвэрлэгчийн заавар, стандартын дагуу шалгаж, засвар, их засвар хийдэг. Энэ бүх техникийн үйлчилгээг (MRO maintenance, repair and overhaul) тодорхой шаардлага стандартыг хангасан, үйлдвэрлэгчээс чадварыг нь баталгаажуулсан эрх бүхий засварын газар л гүйцэтгэдэг.

 

Түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт

 

Манай улсад агаарын хөлгийн засвар үйлчилгээг хийгээд олон жил болжээ. МИАТ компанийн харьяа Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь эдүгээ компанийнхаа Боинг В737, В767 агаарын хөлгүүдэд техникийн үйлчилгээ, үзлэг оношилгоо, засварын ажлуудыг хийж байна. Энэ газарт одоо 170 инженер техникийн ажилтан ажилладаг. Тэд Монгол улсад ашиглаж байсан бүх агаарын хөлгийн техникийн үйлчилгээг хийж иржээ. 2005 оноос үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж Монгол, Европын Холбоо, Солонгос, Англи (Бермутын арал), Тайланд, Турк зэрэг улсын Иргэний нисэхийн аюулгүй ажлын шаардлага, техникийн үйлчилгээний холбоотой гэрчилгээг авч, ОУ-ын ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлээд байна.

Монголын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь 3600, 2000 м.кв талбайтай агаарын хөлгийн 2 ангаарын байгууламжиндаа агаарын хөлгийн өдөр тутмын техник үйлчилгээнээс гадна, бүрэн хэмжээний засварыг хийж байна.  Орчин үеийн дэвшилтэт технологийн техник, тоног төхөөрөмжүүдтэй 14 цехтэй ажээ. Нэгэнт л Боинг компанийн хүлээн зөвшөөрсөн, гэрчилгээтэй учир энэ газар ганц МИАТ-аас гадна гадаадын компаниудын онгоцонд холбогдох засвар үйлчилгээг 2011 оноос хийж байна. Одоогоор Тайландын Orient Thai, Jet Asia Airways, Asian Atlantic Airways, БНСУ-ын Eastar Jet, Jeju Air, T’Way, ОХУ-ын UT Air, Alrosa Air, АНУ-ын Blue Star Aviation зэрэг 4 улсын 9 компанитай хамтран ажиллаж 2017 оны байдлаар тавин ширхэг В737, В767 агаарын хөлгүүдийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэжээ. Зөвхөн 2017 онд ТҮ-нээсээ 11 тэрбум төгрөгийн орлого олжээ.

Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын зорилтот зах зээл одоогоор манай улсаас  3 цагийн нислэгийн зайн доторх бүсэд орших, ТҮ-гээ гуравдагч талаас авдаг агаарын тээвэрлэгчид ажээ. Энэ бүсэд Боингийн хоёр загварын 258 агаарын хөлөг одоо нисч, хөлгийн тоо нь жилд 4-5 хувиар өссөөр байна. Манай инженер, техникийн ажилтнуудын хүн цагийн үнэлгээ одоогоор харьцангуй доогуур байгаа нь зах зээлийн хэрэглэгчдийг татах, өрсөлдөх боломж олгож байна. Тэд одоо Эйрбусын техникийн үйлчилгээ, засварын эрхийг авахаар ажиллаж байна.

 

Ухаалаг алхам

 

Агаарын хөлгийн техникийн үйлчилгээг экспортын томоохон салбар болгох боломж, шаардлага гараад байна. Юуны өмнө одоо байгаа чадвараа улам өргөтгөх, үйл ажиллагааны эрх чөлөөг нэмэгдүүлэх, цаашид олон нийтийн хувьцаат компани болгох нь оновчтой. Уул уурхайн орлогоосоо хэт хамааралтай байсан Чили улс эдийн засгаа төрөлжүүлэн жимс, дарс, мах, загас, ойн салбарыг хөгжүүлэхдээ эхлээд төр засаг нь хөрөнгө оруулалт хийж, дараа нь хувьцаат компани болгосныг монголын төрийн ихэнх  удирдлагууд очиж танилцсан.

Хөшигийн хөндийн нисэх буудалд шинэ ангаар, Буянт-Ухаад нэмж олон ангаар барьж онгоцны төрөл, ангиар нь төрөлжүүлэх бодлого барих шаардлага гарч байна. Техникийн үйлчилгээний хүрээг тэлж Боингоос гадна Эйрбусын хөлгүүдийг засах, юуны өмнө А320 хөлгийн ТҮ-ний ажлыг гүйцэтгэж,  зах зээлээ гурав дахин өсгөх боломжтой. Мөн Техникийн үйлчилгээ явуулах БНХАУ-ын болон АНУ-ын Иргэний Нисэхийн Удирдах газруудын эрхийн гэрчилгээг авах шаардлагатай ажээ.

Бүх төрлийн ТҮ-ний ажлыг цогцоор нь гүйцэтгэхийн тулд юуны өмнө хуудсан төмрийн цех, композит цехийн ажлын чадамжийг нэмэгдүүлж, өргөн хэрэглээний эд ангиудыг өөрсдөө үйлдвэрлэх, PMA (Production Manufacturing Approval) болон DOA (Design Organization Approval) төрлийн баталгааг авах гэнэ. Мөн эд ангийн засварын хүрээг нэмэгдүүлж, орлогоо өсгөх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөгжил ба судалгааны ажлуудыг гүйцэтгэх, эдийн засгийн үр өгөөжийн нарийвчилсан тооцоо хийдэг байнгын үйл ажиллагаатай багийг ч бүрдүүлэх шаардлага тулгарчээ.

Энэ газрын туршлагад тулгуурлан агаарын хөлгийн засвар, үйчилгэээний ажлыг өргөжүүлэхэд Засгийн Газраас бодлогын дэмжлэг үзүүлж, Буянт-Ухаад нэгэнт асар их хөрөнгө зарцуулж, бүтээн байгуулсан, одоо ашиглаж буй “Чингис Хаан” ОУНБ-ын дэд бүтцийг хэвээр нь хадгалж, агаарын хөлгийн болон эд ангийн засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор барих хэрэгтэй байна. Мөн бүс нутгийн иргэний нисэхийн нисгэгч болон нисэхийн нарийн мэргэжлийн ИТА бэлтгэх сургалтын төв,  ерөнхий зориулалтын агаарын хөлгийг угсрах, тусгай онгоцны буудал болгох гэх мэт буман боломж байна.

Ийнхүү Буянт-Ухаагийн  буудлаа бусад орны жишгээр, аж үйлдвэрийн цогцолбор парк хэлбэрээр цаашид төрөлжүүлэн хөгжүүлж чадвал үндэсний хэмжээнд нэмүү үнэ цэнэ шингэсэн, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий, жилд 50 сая долларын борлуулалттай, 1000 гаруй нарийн мэргэжлийн ажилтныг ажлын байраар хангах томоохон ирээдүй байна.

 

Эдийн засгаа төрөлжүүлэхэд байгаа боломжоо ашиглах нь цоо шинийг эхлэхээс илүү өгөөжтэй.

 

Д.Жаргалсайхан