Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Багануурын 700 МВт-ын цахилгаан станц” төслийн хэрэгжилтийн талаар ҮАБЗ-д танилцуулж, цаашид хэрэгжүүлэх эсэх талаар чиглэл авахаар болсон билээ.

Тэгвэл Багануур дүүрэгт концессын гэрээгээр барих ДЦС-ын тус төсөлтэй холбоотой хийсэн эрчим хүчний гэрээг шинэчлэх талаар мөн хөндөж эхлэв. Дээрх төслийн хүрээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг 9 цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар гэрээнд тусгажээ. Гэтэл өнөөдөр манай улс ОХУ-аас квт цахилгааныг 81 төгрөгөөр тооцон авч буй учир БНХАУ-ын талтай хийсэн гэрээг эргэн харах талаар Засгийн газрын түвшинд ярьж байна. Нэг талаар Багануурын ДЦС-ын хүчин чадал хэт өндөр байгаа нь манай эрчим хүчний системийн аюулгүй байдал, нэгдсэн тогтолцоонд доголдол учрахаар эрсдэлтэй байгаа талаар зарим мэргэжилтэн экспертүүдийн дүгнэлт гарчээ. Гэтэл нөгөө талаас нэгэнт 2 улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр хэрэгжих төсөл тул аль нэг тал нь цуцлах юм уу татгалзсан нөхцөлд нийтдээ 512 сая ам.долларыг ирээдүйн ашиг, хөрөнгө оруулалтаар нөхөн төлөх эрсдэл бүхий гэрээ болоод байгаа аж. Энэ бүх асуудлыг 2 улсын болон олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байхыг мөн харгалзан үзэх учиртай болоод байна. Тиймээс улс орны эрчим хүчний хангамжийн системийн аюулгүй байдлыг бодолцохын зэрэгцээ 2 талын хооронд хийсэн гэрээ хэлэлцээр, түүний хууль эрхзүйн талын үр дагаврыг эргэн харгалзан үзэхэд хүрч, уг гэрээ хэлэлцээрийг хууль ёсны дагуу байгуулсан эсэхийг дахин нягтлаж судлахаар болсныг Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

 

Б.Болд

Эх сурвалж: Монцамэ агентлаг