Төрөлтийг хол давсан “Үр хөндөлт”
2014/01/28
Хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлэх нь манай оронд сүүлийн жилүүдэд хэрээс хэтрээд байна. Үр хөндөлт гэдэг нь эхийн хүсэлтээр жирэмсний 10 дахь долоо хоногийг хүртэлх хугацаанд орчин үеийн вакум буюу соруулах аргаар төгсгөх үйл явцыг хэлдэг.
Харин ”Үр хөндөлт нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний аминд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсон хэлсэн байдаг. Эхийн хэвлийд боожиж буй үр хичнээн хөөрхөн хичнээн цагаахан гээч. Хүн төрлийг зүүн дээр будаа асгахад тогтох мэт ховор тохиолоор олон хүний ертөнцөд ирмэгцээ эхийнхээ хэвлийнээс цухуйж ч амжаагүй байхдаа бяцхан үрийг арга алдарсан эх нь үгүй болгон гадагшлуулж хаядаг. Нийслэлд 150 орчим эмэгтэйчүүдийн гэх нэрийдэлтэй эмнэлэгүүд байдаг. Эдний зөвхөн 10 орчим нь л үр хөндөх эрхтэй байдаг. Гэтэл одоо эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх хаягтай бүх эмнэлэгүүд үр хөнддөг болжээ. Ганц эмнэлэг гэхэд үр хөндүүлэх гэсэн эмэгтэйчүүдээр өдөр бүр дүүрдэг гэхээр энэ асуудал ямар хүнд түвшинд очсоныг харуулж байгаа юм. Үр хөндүүлэх нас харьцангуй залуужиж зөвхөн нэг жилийн дотор 3000 гаруй насанд хүрээгүй охид үр хөндүүлжээ. Өөрсдөө аав ээжийн гараас гараачгүй эцэг эхийнхээ нүдэнд бяцхан охид атлаа хэвлийдээ бяцхан үр бүрэлдүүлээд хөнөөчихдөг гэхээр үнэхээр харамсалтай. Насанд хүрээгүй охид үр ихээр хөндүүлэх болсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Өнгөрсөн жил 12 настай таван охин жирэмсэлж, үр хөндүүлж байгаад нэг охин нь хүүхдийнхээ хамт нас барсан нь олныг шуугиулаад л өнгөрсөн. Эмч нарын хэлж байгаагаар “13 настай охидууд ирж үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд, өмнө нь хамгийн отгон охид нь 17-18 настай охидууд ирдэг байсан бол өдгөө 13-16 настай охидууд ирдэг болсон” гэжээ. 13 нас гэдэг хэвлийдээ үр тээх байтугай хүний бие организм ч бүрэн бүрэлдэж тогтож насанд хүрээгүй, ухаан сууж өөрийн үзэл бодлыг бүрэлдүүлээгүй хүүхэд нас шүү дээ. Өдийд тэд хүүхэлдэйгээр тоглохгуймаа гэхэд хүүхэд насны томоогүй зангаасаа салаагүй байдагсан. Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол, тэдний 16 хувь нь оюутан, 54 хувь нь давтан хийлгэж буй гэжээ. Сүүлийн хоёр жилд 30 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик мэдээ байна. Нийт эмэгтэйчүүдийн 24 хувь нь үр хөндүүлдэг бол үүнээс 52 хувь нь 25-аас доош насныхан байдаг байна. Үүнийг дагаад гам сайн бариагүйгээс болоод насаараа үргүй болох эмэгтэйчүүд ихэссэн байна. Үр хөндүүлэх нь өөрөө өндөр эрсдэлийг дагуулдаг. Эм ууж ургыг гадагшлуулах аргаар үр хөндүүлж буй охидууд их хэмжээгээр цус алдан амиа алдах, эм уусны дараа эхэс нь бүрэн гаралгүй үлдэх тохиолдол цөөнгүй байдаг байна. Мөн үр хөндөх явцад эмчийн буруугаас умай цоорох явдал гардаг байна. Энэ их эрсдэлийг давж, сэтгэл санааны болоод биеийн маш их зовиурыг тэвчин байж юунд бяцхан үрээ хөнөөнө вэ? Мэдээж цаг нь болоогүй, эцэг нь хүлээн зөвшөөрөөгүй гээд тэднийг өмөөрөх олон ч шалтгаан бий. Гэвч өөрийгөө болоод хэвлийдэх үрээ бодоод ухаалаг, үнэнч, сэрэмжтэй байж, эрүүл хүүхдийнхээ эрүүл ээж нь байгаасай.
Үр хөндөлтийг хэрхэн хийдэг болон үр хөндөлт ямар ямар эрсдэл дагуулдаг талаар хүргье.
Үр хөндөлтийг яаж хийдэг вэ?
Үр хөндөлтийг хийх явцад хагас мэдээ алдуулалт, бүтэн мэдээ алдуулалтын аргуудыг хэрэглэж болно. Юуны түрүүнд жирэмсний долоо хоногийг хэт авиан дурангаар тодорхойлж эмэгтэйчүүдийн үзлэгийг мэргэжлийн эмч хийнэ. Дараа нь үтрээ, савны амсар хэсгийг халдваргүйжүүлж цэвэрлээд үтрээгээр савны амсарт тулган хуванцар багаж байрлуулан савны амсар хэсэгт мэдээ алдуулах тариаг хийнэ. Тусгай багажны тусламжтайгаар савны амсарыг нээж доторхийг нь соруулж авна. Ингэж соруулж цэвэрлэх ажиллагаа нь нэг удаагийн багаж хэрэгслээр, амархан хийж болох ажилбар юм. Савны дотор хэсгийг сайтар соруулж цэвэрлэсний дараа хуванцар багажийг гаргаж, өвчтөнг 10 минут амраана.
Үр хөндөлт хийлгэх нь ямар эрсдэлтэй вэ?
Жирэмсний 10 дахь долоо хоног дотор хийж буй үр хөндөлтийн ажилбарт эрсдэл гарах эсэх нь үр хөндөлтийг хийж буй мэргэжлийн эмчийн туршлагаас шууд хамаарна. -Үр хөндүүлсний дараа хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг бол дотор муухайрах, огиулах үзэгдэл байдаг. Зарим тохиолдолд ухаан алдаж унах нь ч бий. Гэвч үр хөндүүлсэн хүмүүсийн 1 хувьд л ийм шинж тэмдэг анзаарагддаг бөгөөд амь насанд аюултай бус, түр зуурын үзэгдэл юм.
- Үр хөндөлт жирэмсний 10 долоо хоног дотроо хийгдэхэд эрсдэл багатай ч, түүнээс томорсон бол үр хөндөлтийн үед цус их алдах магадлалтай. - Маш цөөхөн тохиолдолд, ихэвчлэн хүүхэд томорсог хойно хийсэн үр хөндөлтийн явцад эхийн сав цоорох магадлалтай байдаг.
- Дөнгөж жирэмслээд үр хөндүүлэхэд хэдэн цагийн дараа маш цөөхөн тохиолдолд саванд цус хуримтлагдаж үлддэг. /500-д 1 тохиолддог/. Ийм үед савыг дахин цэвэрлэж эмчлэх шаардлагатай.
- Үр хөндүүлсний дараа эмчийн бичиж өгсөн антибиотикийг тогтмол уух ёстой. Хэрвээ үр хөндөлтийн дараа үрэвсэл үүссэн бол 6-7 хоногийн дараанаас өвдөлт, цус алдалт гэх мэтийн шинжээр илэрнэ.
- Цөөхөн тохиолдолд, ялангуяа хүүхэд томорсон хойно үр хөндөлт хийлгэхэд саванд юм үлддэг. Ийм үед эхний 2 долоо хоногийн туршид сарын тэмдгийн үеийнхээс арай их цус гадагшилна. Цус нөжтэй, бараан өнгөтэй байна. Зарим хүний хувьд цус гарах бүрт өвдөлт өгнө, маш өндөр хэмд халуурна. Зарим үед бүхэл зүйл ч гарч мэднэ. Дотор үлдсэн хэсгийг цэвэрлэж гаргах ажилбар хийнэ. - Үр хөндөлтөөс нэлээд хугацааны дараа цөөхөн тохиолдолд савны амсарт наалданги үүснэ. (саван дотор биш!). Үүний шинж тэмдэг нь 4-6 долоо хоног өнгөрөхөд өвдөлт намдахгүй байх, сарын тэмдэг ирэхгүй байх, эм уугаад ч сарын тэмдэг үзэгдэхгүй байх юм.
Танд сануулж зөвлөхөд : Үр хөндүүлснээс хэсэг хугацааны дараа /ихэвчлэн энэ хугацаа 7 хоног байдаг/ таныг эмч тань давтан үзлэгт дуудна. Уг үзлэг нь үр хөндүүлсний дараа ерөндөг тавиулсан бол түүний байршлыг шалгах үүднээс маш чухал юм. Энэ үзлэгийг үл ойшоож болохгүй. Хэрвээ үр хөндүүлсний дараа цус алдалт, доошоо бүхэл зүйл гарах, их өвдөлт, халууралт явагдсан бол заавал 7 хоногийг хүлээлгүй яаралтай эмчдээ хандах хэрэгтэй. А.Алтанзул
Зочин · 2017/12/11
ҮР ХӨНДӨХИЙГ ЗОГСОО UR HUNDUULJ BAIGAA HUMUUS YU BODOJ BAIDAG BAINAA.
Зочин · 2016/12/02
зочин · 2016/12/02
Энд зөвхөн эмэгтэйчүүдийг буруутнах нь өрөөөсгөл ойлголт маш олон шалтгаан үүний цаана байгаа ...
Зочин · 2015/04/10
ЭМС БУЗАРТВАЛ..........................