Сумын Засаг дарга 10 хүний амь аварчээ
2018/08/03
Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутгаар урсах “Байдраг” голд энэ сарын 1-нд тус аймгийн Хүрээмарал сумын 10 иргэн автомашинтайгаа живжээ.
Уг мэдээллийг авсан даруйдаа Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг Орлогч дарга Н.Ганжаргал, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гансүх, санхүүгийн албаны мэргэжилтэн Н.Эрдэнэ-Очир, нягтлан бодогч Д.Баттөр нарын ажилтнуудынхаа хамт аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж, тэдгээр 10 хүний амийг аварсан байна.
Тус суманд онцгой байдлын штабын мэргэжлийн анги гэсэн 60 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг ч, ямарваа гамшиг, осол нүүрлэсэн үед аврах ажиллагааг зохион байгуулах зориулалтын техник хэрэгсэл байдаггүй аж. Гэсэн ч, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өөрсдөө живэх аюул эрсдэлийг ч үл хайхарч, иргэдийн амийг аварч чаджээ.
Мөн гол дагуу буусан 10 гаруй өрхийг Ц.Ганхуяг, Г.Шинэбаяр, А.Далхаасүрэн нарын иргэдийн дэмжлэгтэйгээр нүүлгэн шилжүүлжээ. Сүүлийн үед усархаг бороо үргэлжлэн орсны улмаас гол мөрний усны түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, үерийн гамшиг нүүрлээд байгаа юм.
dardas.mn