Д.Эрдэнэбулган: Эцэг, эх хүүхдээсээ илүү технологийн мэдлэгтэй байж, тэднийг цахим гэмт хэргээс хамгаална
2018/08/05
ХҮҮХДҮҮДИЙГ АМИА ХОРЛОЛТОД УРИАЛАН ДУУДДАГ “ЭМО” ГРУППЫН АДМИНЫГ ОЛЖ, ГРУППЫГ ХААЖЭЭ
Насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг амиа хорлох, цэнхэр халим тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татдаг “ЭМО” нэртэй фэйсбүүк группын үйл ажиллагааг таслан зогсоох хүсэлтийг иргэд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирүүлжээ.
Уг фэйсбүүк группын админ 15 настай “М” гэх охин байжээ. “М” нь “ЭМО” нэртэй группыг яагаад нээх болсон талаараа ийн ярьжээ. Тэрээр “Энэ группыг гурван сарын өмнө нээсэн. Эхний нэг сар ашиглаад сүүлийн хоёр сар ашиглаж чадаагүй. Нийгмээс өөрийгөө тусгаарладаг хүүхдүүдийг нэгтгэх зорилгоор группыг нээсэн. “ЭМО” группт 3500 гаруй фэйсбүүк хэрэглэгч байгаа. Би тэдгээр хүүхдүүдээс хоёроос гурвыг нь танина. Группт тавьдаг зургуудаа ихэнхийг нь интернэтээс олж, цуглуулж авдаг. Уг зургуудыг харахад үнэмшилтэй харагдуулах зорилгоор оруулдаг байсан. Зарим хүүхдүүд нь зургийг хараад надад таалагдаж байна гээд шууд туршихыг хүсдэг. Харин зарим нь уншаад өнгөрчихдөг болохоор би нэг их юм бодоогүй. Анхандаа надад зөв юм шиг л санагддаг байсан. Яваандаа найзууд, том хүмүүс буруу гэж хэлдэг байсан. Би өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодож байна. Үеийнхэндээ хандаж хэлэхэд өөрсдөдөө тулгарсан хэцүү асуудлыг бусадтай ярилцаад, өөртөө болон бусдад ямар нэг гэм хор учруулахгүйгээр сэтгэл хөдлөлөө дарж байгаарай гэж хэлмээр байна. Сургуулиас надад анхааруулга өгсөн. Бас манай нэг найз надад энэ буруу гэдгийг байнга хэлдэг байсан. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү ойлголцох хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөс нь юу нуугаад байгааг нээлттэй ярилцаж, ойлголцох хэрэгтэй гэж боддог” гэж ярьжээ. Улмаар “ЭМО” нэртэй группыг холбогдох албаныхан хаах арга хэмжээ авсан байна.
ИНТЕРНЭТ ОРЧИН ГЭМТ ЭТГЭЭДИЙН ХОХИРОГЧОО ОЛЖ АВАХТААТАЙ ТАЛБАР НЬ БАЙДАГ
Интернэт орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад Д.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татдаг “Эмо” гэх фэйсбүүк групп хэзээ нээгдсэн бэ?
-Өнгөрсөн жилээс эхлэн хүүхэд, залуучуудын дунд нэлээд идэвхтэй фэйсбүүк групп болсон юм байна лээ. Энэ группын гишүүд янз бүрийн даалгавар биелүүлдэг. Тодруулбал, гараа зүсэхээс даалгавар нь эхлэх гэх мэт.
-Тухайн фэйсбүүк группын админд хуулийн ямар хариуцлга хүлээлгэсэн бэ?
-“ЭМО” фэйсбүүк группыг ажиллуулж байсан хүн нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Иймээс тухайн хүүхэд сануулга өгсөн байгаа.
-Хүүхдийг буруу зүйлд уруу татсан фэйсбүүк хаяг, группууд маш олон байна. Цаг тухайн үед нь блоклох гэх мэтээр олон нийтэд тархахаас өмнө урьдчилан сэргийлэн хааж болдоггүй хэрэг үү?
-Дэлхийд учруулах заналхийллээрээ нэгд нь кибер гэмт хэрэг, хоёрт нь терроризм орж байна. Манай улсад интернэтэд тавигдах хяналт гэж байдаггүй. Ихэвчлэн гадаад сервертэй вэб сайтуудыг хэрэглээндээ ашигладаг. Иймээс бид шууд зохицуулах боломжгүй. Аль улсын сервер хэрэглэж байна. Тэр улсаас нь тухайн сайтыг шалгаж өгөх, мэдээлэл авах хүсэлтийг явуулдаг. Фэйсбүүк, твиттер нь АНУ-д бүртгэлтэй компани. Эдгээрт бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл Америкийн хуулиар хамгаалагддаг. Манай улсын хуулиар зохицуулагдах боломжгүй. Иймд бид хариуцсан чиглэлийн гэмт хэргийн хувьд фэйсбүүк, твиттертэй холбоотой бол иргэдээс мэдээлэл авч шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар мониторинг хийж, цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн мэдээллийг автоматаар олж авах технологийн боломж дэлхийн аль ч улсад хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр гомдлын дагуу, эсвэл мэдээллийн дагуу хяналт шалгалт хийдэг гэсэн үг.
-Кибер гэмт хэргийг хэдэн насны хүмүүс ихэвчлэн үйлдэж байна вэ?
-Дэлхий хавтгай тавцан болчихлоо шүү дээ. Ямар ч хуульгүй, цагийн зөрүүгүйгээр гэмт хэрэг үйлдэж байна. Кибер гэмт хэргийн төрлөөс хамаараад янз бүрийн насны хүмүүс байдаг. Гэхдээ ихэвчлэн залуучууд кибер гэмт хэргийг үйлддэг. Сүүлийн үед хүний фэйсбүүк рүү хууль бусаар нэвтэрч найз нөхөд ойр харилцаатай хүмүүсээс нь мөнгө авах гэмт хэрэг их гарч байгаа. Уг гэмт хэргийг үйлдсэн шалгагдаж байгаа хүмүүсийн дунд насанд хүрээгүй 2-3 хүүхэд байсан. Ер нь найз нөхдийн хүрээлэлд хүний фэйсбүүк рүү хууль бусаар хэрхэн нэвтрэх талаар бие биеэсээ суралцдаг. Ингээд тухайн гэмт хэргээ давтан үйлдэх тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн.
-Хувь хүний фэйсбүүк рүү гаднаас хэн нэгэн яагаад нэвтрэх бололцоотой болж байгаа вэ. иргэд юунаас болж мэдээллээ алдаад байгаа гэж үздэг вэ?
-Фэйсбүүкийг хэрэглэж байгаа хэрэглэгч та аюулгүй байдлаа хангахад сайн анхаарах хэрэгтэй. Манай улсын иргэд мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийг тэр болгон чухалчилж үздэггүй. Жишээлбэл, фэйсбүүкт нэвтрэх нэр нь утасны дугаар, нэвтрэх код нь бас утасны дугаар байх жишээтэй. Энэ мэтчилэн аюулгүй байдлаа хангах наад захын сэрэмж байхгүй байна. Мөн ямар нэгэн мэдээлэл тавигддаг. Ингээд дээрх мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү гэсэн хүсэлт ирдэг. Линкээр ороход нь таны фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг нэхсэн хуудас гарч ирдэг. Уг мэдээллийг та фэйсбүүк хаягаараа нэвтэрч байж үзэх боломжтой гэсэн үг. Энэ мэт байдлаар мэдээлэл хулгайлагдаж, фэйсбүүк хаягийнхаа мэдээллийг алдах нь бий. Онцын шаардлагагүй бол мэдээлэл бүр лүү нэвтэрч орохгүй байх хэрэгтэй. Фэйсбүүк ашиглалтын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
-Өсвөр насны хүүхдүүд өөрийн зургаа цахим хуудаст байршуулснаас болж бусдад дарамтлуулж сэтгэл гутралд орох, цаашлаад амиа хорлох зэргээр эрсдэлд өртдөг гэгддэг. үүнд эцэг, эх хэрхэн анхаарах ёстой вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Өсвөр насны хүүхдийг хаана юу хийж яваа, хэнтэй найзалж нөхөрлөж байгааг нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нар анхаарч, хяналт тавих ёстой. Эцэг, эх нь хүүхдээсээ илүү технологийн мэдлэгтэй байж, тэднийг хянах боломжтой. Нэг хүүхэд ойролцоогоор 2-3 фэйсбүүк хаягтай байх жишээтэй. Найз нөхөд, гэр бүлтэйгээ харилцдаг хаягийг нь ээж, аав нь мэддэг байлаа гэхэд үүний цаана өөр хүмүүстэй харилцдаг хаяг дахиад байдаг. Интернэт ертөнц бол гэмт этгээд хохирогчоо олж авах хамгийн таатай талбар шүү дээ. Зүсээ хувиргах боломжтой учир хүүхдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглаж бүх мэдээллийг цуглуулж авдаг.Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ойр дотноор ярилцдаг байх хэрэгтэй. Юу хүсч, юунд тэмүүлж байгааг нь ойлгоогүй байж хүүхдээ эрсдлээс бүрэн хамгаалж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдэдээ зайлшгүй анхааруулах ёстой хэд хэдэн зүйл байна. Тодруулбал, бодит амьдрал дээр таньж мэдэхгүй, гоё зурагтай, нэртэй фэйсбүүк хаягийн хэрэглэгчидтэй харилцахгүй, өөрийнхөө талаарх хувийн мэдээллээ өгч болохгүй гэдгийг байнга хэлж сануулж байх. Түүнчлэн өөрийн зургаа танихгүй хүндээ явуулж болохгүй гэдгийг сайн захих хэрэгтэй. Интернэт хараа хяналтгүй орчин учраас хүүхдэд учрах аюул, заналхийлэл маш олон байгаа.
-Хүүхдийн гэнэн итгэмтгий занг ашиглан цахим орчинд садар самуунд уруу татах гэмт хэрэг хэр их гарч байна вэ?
-Ийм төрлийн гэмт хэрэг манай улсад их гарч байна. Хүүхэд өөрөө хуурамч хаяг нээх нь түгээмэл. Тухайн хуурамч хаягаараа бас өөр нэг хуурамч хаяг нээсэн хүнтэй фэйсбүүк найз болдог. Түүнтэйгээ удаан хугацаагаар харилцсанаас бие биедээ ойр дотно, хайртай болох жишээтэй. Гэтэл тухайн хуурамч хаягын ард насанд хүрсэн том залуу байдаг. Тэрээр тухайн хүүхдээс зургаа явуулчих, унтаж байгаа зургаа өгөөч гэх мэтээр тухайн хүүхдийн нүцгэн эсвэл цээж хэсэг нь ил гарсан зургийг авдаг. Ингээд дараа нь тухайн зургаараа нөгөө хүүхдийг дарамталж эхэлдэг. Чиний жинхэнэ хаягийг олсон. Над руу өөр зураг, бичлэг явуулахгүй бол найзууд руу чинь үүнийг явууллаа гэх мэтээр дарамталдаг. Ийм тохиолдолд тухайн хүүхэд сэтгэл санааны дарамтад орж амиа хорлох үйлдэл хийхийг оролддог. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг 2014 онд Сүхбаатар аймагт болж байсан. Тухайн аймгийн харьяат нэгэн иргэн хуурамч хаяг ашиглаад охидын зургийг цуглуулдаг, дарамталж мөнгө авдаг, зарим охидтой нь бэлгийн харилцаанд орсон байдаг.
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд бодлогоор авч үзэх ёстой. Боловсролын яамтай хамтарч мэдээллийн аюулгүй байдлыг хангах хичээлийг хүүхдүүдэд заах хэрэгтэй байна. Мөн энэ дашрамд хэлэхэд гадаад худалдаа эрхэлдэг байгууллагууд төлбөр тооцоо хийхдээ хянамгай байгаарай. “Данс өөрчлөгдлөө, шалгалт орсон” зэрэг захидал ирвэл утсаар лавлаж асуухад гэмгүй гэдгийг анхааруулъя. Мөн иргэдийн хувьд “Сугалаанд хожлоо, мөнгө шилжүүлэх гэсэн юм, дансаа өг” гэх мэт зүйлд битгий итгээрэй. “Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг” гэдгийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин