Халаа, сэлгээ: Сүхбаатар аймгийн төрийн байгууллагын дарга нар өөрчлөгджээ
2018/08/06
Сүхбаатар аймагт 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулиас хойш төрийн ажил гацаж, Засаг дарга нар дураар аашлах нь олширчээ. Нөгөөтэйгүүр, хариуцлагагүй уул уурхай, авлига хээл хахууль газар авч, иргэдийнх нь эрх зөрчигдөх болсон.
Энэ удаа тус аймгийн сумдын 50 хувь нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нараа өөрчилсөн мэдээлэл байна. Мөн зарим сумын ЗДТГ-ын даргыг өөрчилжээ. Халаа, сэлгээг өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн бөгөөд энэ сарын 15-наас өмнө ажил хүлээлцэж дуусгах үүрэг, чиглэлийг өгсөн гэнэ. Орон нутагт тогтворгүй байдал үүсгэж, төрийн албыг хүчгүйдүүлж,өөрсдийн гар хөл бологчдыг ажилтай, орлоготой болгож, намаар талцах явдлыг газар авахуулан өөгшүүлж буй улс төрийн хүчин бол МАН юм. Тус нам 2016 онд орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хууль, шүүхийн байгууллагатай хамтран Засаг даргыг хууль бусаар томилуулж, улмаар зарим төлөөлөгчдийг татуулан өөрсдийгөө олонх болгохоор улайран зүтгэж ирсэн. Үүнд нь УИХ-ын гишүүн Ч.Улаан нөлөөлөөд зогсохгүй өмнөх Засаг дарга З.Энхтөрийг томилуулахад тамга тэмдгийг дахин хийлгэж хуурамч бичиг баримтыг баталгаажуулж, Засгийн газарт өргөн барьсан гэх мэдээллүүд тухайн үед хэвлэлээр гарч байв. З.Энхтөр нь жил гаруй хугацаанд аймгийг удирдахдаа багаа бүрдүүлж байна гэх нэрээр төрийн албан хаагчдыг дураараа халж сольж, энд тэндээс эрээвэр хураавар хүмүүсийг аваачин албан тушаалд томилж байв. Түүнийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр өнгөрсөн хавар огцруулсан. Тэгвэл шинээр томилогдоод дөнгөж хоёр сар гаруй болж байгаа Засаг дарга Ж.Эрдэнэбаатар ч мөн адил боловсон хүчнүүдийг халж,сольж эхэлсэн байна. Энэ талаар тус аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын дарга, яруу найрагч Б.Батсайхан ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа “Ж.Эрдэнэбаатар аа, хууль ёсыг дээдэлсэн шударга дарга байна гэж амласан чинь бүгд худал болох нь өдрөөс өдөрт батлагдаж байна” хэмээн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Засаг дарга асан З.Энхтөрийн хууль бус шидвэрээр халагдсан зарим төрийн албан хаагч хууль, шүүхийн байгууллагад хандсан байдаг.Аймгийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэтуяаг гурван шатны шүүхээс ажилд нь эргүүлэн томил” гэсэн шийдвэр гарсан байтал Засаг дарга Ж.Эрдэнэбаатар “Шүүхээрээ яв, авахгүй” гэсэн хариу өгсөн байна.
МАН СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРТАА ГАЗАР ШОРООГООР НАЙМААЛЦАХ ЭРХ ОЛГОСОН УУ?
Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаараа аймгийнхаа хэмжээнд хамгийн томд тооцогддог Эрдэнэцагаан сумын иргэд эрх баригч намын шахалт, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь нөлөөлж эхэлсэн уул уурхайн дарамт, авлигад идэгдсэн сумын Засаг даргынхаа ааш авирыг тэсэхэд бэрх болжээ. Энэ сумын нутгаар Петро Дачин Тамсагийн нүүрсний машин, Хөөтийн нүүрсний тээвэр, Цайрт, Төмөртийн баяжмал зөөж, өдөртөө 100 гаруй машин урд хил рүү явж өнгөрдөг. Тоосжилт хэрээс хэтэрсэн нь хүн, малын эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй нутгийн иргэд цагаан идээ боловсруулж чадахгүй, ноос, ноолуур зэрэг түүхийн эдийн чанар, гаралт мууджээ. Бэлчээр нутаг,өвөлжөө, хаваржаа нь уул уурхайн компанийн мэдэлд орж, худаг ус нь ширгэж амьдрах аргагүй болсон. Энэ бүхний гол буруутан нь Ч.Улааны “Утсан хүүхэлдэй” болж, дээр нь хятадуудтай сүлбэлдэж газар нутгаа зөвшөөрөл нэрээр зарж байгаа сумын Засаг дарга Ө.Батсайханы хийж буй ажил гэдгийг нутгийн иргэд хэлдэг. Мөн шүүмжлэл хэлсэн хүмүүсийг хяхаж хавчдаг, ажлаас нь хална гэж айлгадаг, үр хүүхдийг чинь ажилд авахгүй гэж загнадаг тухай ярьж байв. Дээр нь газар шороогоо хамгаалж үг хэлсэн хүмүүсийн Хятадын компанийнхан эрж сурж, зургийг нь авдаг, айлгаад хилээр гарахаа больсон тухай ярьсан хүн ч цөөнгүй. Тэгвэл халаа, сэлгээнд Эрдэнэцагаан сумынхан ихээхэн өртөж байгаа аж. Одоогоор сургуулийн захирлыг өөрчилсөн бол хоёр цэцэрлэгийн эрхлэгч ажлаа хүлээлгэж өгчээ. Мөн Засаг даргын Тамгын газрын даргыг өөрчилжээ. Шалтгаан нь сумын Засаг дарга Ө.Батсайханы зүгээс энэ хүмүүстэй хамтран ажиллаж чадахгүй гэсэн хүсэлтийг аймгийн Засаг даргадаа өгснөөр шийдвэр гаргуулжээ. Эрдэнэцагаан сум бол жилд ойр хязгаар нутаг. Төрийн хараа хяналт тэнд сул, холбогдох мэргэжлийн байгууллагууд, хяналт шалгалт тавих ёстой хүмүүс нь нэг талыг барьж мөнгөөр нүдээ хаалгачихсан, үүнийг иргэд нь хэлж байгаа. Энд сумын Засаг дарга нь дураар авирлаж, Хятадын уул уурхайн эздийн гар хөл болоод зогсохгүй, өөрийнх нь хууль бус үйлдлийг шүүмжилдэг, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх чадвартай боловсон хүчнүүдийг ажилгүй болгож “хөөж” байгааг Монголын төр ч, эрх барьж буй МАН нь ч анхааралдаа авах цаг болжээ.
Л.Хэрлэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин