Монгол Улс бол дарангуйлал, диктатуртай урд, хойд гэсэн хоёр агуу том хөршийн дунд оршин байдаг ардчилсан “жижиг” улс орон. Ардчилсан улс орон гэдгээ саяхан болсон нэгэн үйл явдлаар дэлхий нийтэд батлан харууллаа.

Монгол дахь Турк сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчай гэх хүнийг олон улсын хэвлэлийнхний мэдээлж буйгаар Монголын нутаг дэвсгэр дээрээс улс төрийн зорилгоор Туркийн тагнуулынхны оролцоотойгоор хулгайлан баривчлах гэж байсныг таслан зогсоож чадлаа. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон лалын номлогч Фетхулла Гюлен нарын хооронд үүссэн зөрчилтэйгээр холбоотойгоор дэлхийн 150 гаруй оронд салбартай Туркийн сургуулийн хамааралтай зарим нэг хүмүүсийг баривчлан авч яваад буй хэрэг өмнө нь өөр улс оронд гараад байгаа билээ. Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүд, салбар хариуцсан сайд, сөрөг хүчний намаасаа эхлээд хүн “хулгайлах” гэсэн энэ явдалд анхаарлаа хандуулж, оролцож байр сууриа илэрхийлж, хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг дор бүрнээ сануулж ажиллав.

Эрх баригчид, төр засгийн анхаарал сэрэмжтэйдээ гол нь ч биш Монголын ард түмэн хууль бус үйлдлийн эсрэг зогсч, хүний эрхийн төлөө тэмцэж чадна, чаддаг гэдгээ харуулсан юм. Турк сургуулийн багшийг баривчлагдаад явлаа, нутаг руу нь хүчээр буцаах нь гэсэн мэдээлэл анх ирсэн даруйд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр хэсэг иргэд цугларч, самбар лоозон барьчихсан зогсч байв. Энэ тухай ч гадны хэвлэлүүд хэдийнээ онцлон бичээд эхэлж. Тухайлбал, Туркийн хэд хэдэн хэвлэлд Турк улсын иргэн Вейсел Акчайг Монголын тагнуулын байгууллагын тусламжтайгаар хулгайлж эх оронд нь буцаах гэж байсан тухай мэдээлсэн бол “Ройтерс”, “Дэйли мэйл” зэрэг гадны томоохон хэвлэлүүд дээр “Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон үүргээ биелүүлж ийнхүү Турк багшийг эх орондоо үлдээж чадлаа” хэмээн бахархан бичжээ. Туркийн өдөр тутмын томоохон сонин болох Сабах цахим хуудсанаа “Туркийн Үндэсний Тагнуулын газар Фетуллах Гюллений сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагыг баривчлах ээлжит ажиллагаагаа найман мянган километрийн цаана явууллаа. Вейсел Акчай нь Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал бөгөөд Монголын тагнуулын байгууллагын дэмжлэгтэйгээр баривчлахыг завдлаа” хэмээн мэдээлжээ. Турк багшийг Монголд үлдээсэнд нь талархсан үгсийг гадаадын олон иргэн жиргэжээ. Үүнд “Монгол тусгаар тогтносон, ардчилсан улс гэдгээ жинхэнэ утгаар нь баталлаа” гэсэн агуулга бүхий жиргээ зонхилж байна. Мөн бусад улс оронд байгаа турк багш нар “Монгол Улсад баярлалаа” хэмээн олон нийтийн сүлжээгээр талархлаа илэрхийлсээр байна.

Турк улсад улс төрийн асуудал бол байгаа. Эрдагон өөрийнхээ диктатурыг тогтоохын тулд өөрийн өрсөлдөгч Гюлленийн эрх мэдлийг боомилох, хязгаарлах үйл ажиллагаа явуулах болсон. Европын орнууд Эрдагонын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэрээс хэтэрлээ гэж эсэргүүцэж байгаа. Дэлхий нийт ч тэгж харж байгаа. Энэ удаагийн үйл явдал ч түүнтэй холбоотой гэж үзэж байна. Өмнө нь Косово улсаас зургаан багшийг ийм маягаар хулгайлж, үүндээ тагнуулын байгууллагатай нь хамтарсан гэж мэдээлснээр Косово олон улсын өмнө ихээхэн хэцүү байдалд орж байсан удаатай. Косовогийн Ерөнхий сайд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байснаа хэлж, харин туркууд хамтарсан гэсэн мэдээлэл гаргаж байсан юм. Монголын хувьд салбар, салбарын сайдууд нь сайн ажилласан. Хэрэв нөхцөл байдал өөрөөр эргэсэн бол өнөөдөр Монгол Улс олон улсын өмнө ихээхэн эвгүй байдалд орох байсан. Харин энэ хэргээр Монгол Улс дэлхийд бүрэн утгаараа ардчилсан, иргэд нь хүний эрхийн мэдрэмжтэй, хүнлэг ард түмэн гэдгээ харууллаа хэмээн судлаачид дүгнэж байна. Ер нь Монгол Улс ямар азаар Ази дахь ардчиллын баян бүрд гэсэн тодорхойлолтыг авах болтлоо ардчилалд элгэмсэж, хоёр их гүрний дунд ардчиллын өлгий нутаг, тусгаар бие даасан улс гэдгээрээ бардамхан оршино вэ. Манай улсын хувьд ардчилал гэдэг нь хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхээс гадна үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт тусгаар улсын чухал сэдэв юм. Манай улсын хилээр Өмнөд Монгол, Буриад, Хойд Солонгос зэрэг улс төрийн нөхцөл байдлаас улбаалж дүрвэж ирдэг хүмүүс цөөнгүй бий. Хэрэв ингэж ирж байгаа тохиолдолд тэднийг эх оронд нь заавал албадан буцааж өгөхгүй байх хэрэгтэй юм. Монгол орон бол үндэстнийхээ хувьд диваажин гэх утгаар “Ар Монгол буюу Төв Монгол нь Өмнөд, Хойд монголчуудынхаа хувьд диваажин нь байх ёстой” гэсэн нийтлэлийг манай “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан билээ. Энэ сэдвийг дахин дахин хөндөж буй нь санууштай юм. Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцид нэгдэн орсон орон. Үүн дотор “Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй” хэмээн тодорхой заасан байгаа. Тиймээс нутагтаа очоод эрүүдэн шүүлтэд орох магадлал өндөр байгааг нь мэдсээр байж зорьж тэмүүлж ирсэн дүрвэгчдийг албадан буцаахгүй байх нь хүн ёсны хувьд ч хүндэг, ардчилсан улсын хүлээх үүргийн нэг болж байна гэдгээ санацгаая. Гадаадад гарсан гэмт хэрэг, улс төрийн үзэл бодлоор гадуурхагдсан бол энэ нь Монгол оронд хууль ёс сахин амьдарч суугаа хүнийг буруутан болгоод байх шаардлагагүйг харуулна. Тэр тусмаа Монгол үндэстнүүд өлгий нутгаадаа зориод ирэхэд хил давуулан оруулах ёстой. Монголчууд бид нутгаадаа гүйсэн морийг замд нь зогсоодоггүй гэж эртнээсээ хэлж ярьж ирсэн ард түмэн. Монгол өөрөө ардчилсан улс байж гэмээнэ бусдын сонирхлыг татаж байдаг. Хэрэв тийм биш байсан бол биднийг өнөөдөр хэн сонирхож, тоох юм бэ? Бие даасан тусгаар улс учраас ардчилсан байгаа юм.

Ардчилсан байгаа учраас олон улсын эдийн засаг, глобал зах зээлтэй ойлголцож чадаж байгаа юм. Бидэнд хоёр хөршөөсөө илүү боломж ардчилал гэх үнэт зүйл бий. Ардчилал дээр суурилж хүнлэг зарчмыг бий болгох найдвар үргэлж төрж байдаг. Хүний нийгэм хүн дээр л, хүн хоорондын хүнлэг зарчим дээр л оршин тогтнодог. Өнөөдрийн дэлхийд тэргүүлэх орнуудын хөгжлийн нууц нь хүний хөгжлийн үзүүлэлтүүд нь давуу байдагт оршдог. Хүний хөгжил нь хүн төвтэй төр улсад, хүнлэг нийгэмд л хамгийн өндөр байдаг. Жишээ дурдахад тэд л дэлхий ертөнцөд хамгийн түрүүнд боловсролыг үнэгүй, бүх нийтийн хамарсан болгож, ардчилсан хууль, төр гэх зэрэг хүнээ дээдэлсэн ёсыг тавьж байна. Ийм үнэт зүйлс бидэнд байна. Цаашид ардчилалыг улам бүр төгөлдөржүүлэн хөхиүлэн дэмжих хэрэгтэй юм. Харин үүний дэргэд нэг хүний хэмжээгүй эрхт засаглал дарангуйлал болон хувирах нь алга урвуулахын төдий зүйл гэдгийг түүхийн хуудас нотолдог. Олон улсын тавцанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх асуудал дээр харин ч сайн үлгэр жишээ болон үлдэж буй Туркийн иргэн Вейсел Акчайгийн явдал Монголын ардчиллыг батлан харуулж байна.

Уг үйл явдалтай холбоотойгоор нийтлэлч Баабар твиттер хуудаснаа "Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ. Түрэг сургуулийн захирлыг баривчилж Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Түүнийг хулгайлаагүй бид хүлээлгэж өгч буй бололтой. Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар юм хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно. Гэхдээ мөнгийг нь хэн авав. Юу гэж тайлбарлан бүлтрэх бол.

Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдагоны хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж” хэмээн жиргэсэн байсан. Турк сургуулийн багшийг маск зүүсэн гурван хүн гэрийнх нь гаднаас баривчлан авч явахыг завдсан хэрэгт Монголын тагнуулынхан оролцсон байх магадлалтай эсэх тухай ид яригдаж байгаа. Тагнуул хэрэв оролцсон бол төр засгийнхан дээгүүрээ оролцоотой гэсэн үг. Манай төр засгийн тэргүүнүүд Турк улс руу айлчлал ойрмогхон нэлээд хэд хийгээд ирсэн. Сурснаараа бадар барьж зээл, туслалцаа “хайж” явсан нь тодорхой байх. Тэр үеэрээ мөнгөн туслалцаа, дэмжлэг өгье гэсний төлөө аманд нь багтаж манай тагнуулынхан хүн хулгайлах энэхүү хэрэгт арай оролцчихсон юм биш байгаа гэж “хардаж” байна. Ямар турж үхэх гэж байгаа биш дээ. Халтар хэдэн төгрөгөөр ардчиллын амин сүнс хүний эрх, цаашилбал амьд явах эрхийг худалдаж болохгүй ээ. Монголчууд бид бие биенээ муулаад ч болов бий болгосон ардчилал ямар их үнэ цэнэтэй, ямар зөв замаар явсны баталгаа саяны үйл явдал болсон. Иргэдийн сонор сэрэмж, бяцхан тэмцэл бүхэл бүтэн улсын нууц ажиллагааг ил болгож, таслан зогсоож чадаж байна. Гадны нэг нөхрийг аварсандаа ч гол утга нь биш, хүний эрхэнд халдсан хууль зөрчсөн ямар ч үйлдлийн эсрэг жирийн иргэд зогсч, тэмцэж чадна гэдэг нь бидний үнэт зүйл, бахархал. Олны анхааралд орсон Вейсел Акчай гэгч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан монголчуудад баярласнаа илэрхийлсэн харагдсан. Тэрээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна. Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай сургуулийн төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл гаргаж орой болтол хөөцөлдөж, ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” гэсэн юм.

Чин сэтгэл ханхалсан талархлын энэ үг ардчилал ямар их хэрэгтэйг харуулсан, бас ардчилал байгааг баталсан. Монгол Улс ардчилсан том улс орон гэдгээ ч дэлхий тавцанд ахин дахин батлан харууллаа.

Эх сурвалж: Өдрийн сонин