УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ шүүгчээс татгалзсан учир шүүх хурлыг хойшлуулав
2018/08/07
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад, улмаар шүүхэд шилжүүлээд байгаа. Уг хэргийг шүүх хурал өчигдөр 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Учир нь шүүгдэгч З.Баянсэлэнгэ тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган шүүх гэж байгаа юм.