Сангийн болон уул уурхайн асуудал эрхэлсэн сайд нар шатахуун, түлшний ханш өсөхгүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн ч импортлогчид хэдэнтээ үнээ нэмээд байгаа. Хамгийн сүүлд монголчуудын хамгийн их хэрэглэдэг АИ-92 төрлийн шатахууны үнэ 90-120 төгрөгөөр нэмэгдсэн.

Энэ нэмэгдлийн өмнөхөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шатахууны үнэ нэмэгдэнэ гэж байхгүй. Засгийн газар бүх татвараа тэглэсэн.

Шатахууны үнийн асуудал бол хэдхэн нефть импортлогч компанийн асуудал биш. Хилээр орж ирж буй нефть бүтээгдэхүүний импортын татварын 92 хувь хүртэлхийг хөнгөлсөн. Тэр хэмжээгээр төсвийн орлого буурч байгаа” гэж мэдэгдэж байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард шатахуун, түлшний үнэ 100-150 төгрөгөөр өссөний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гуравдугаар сард шатахууны үнэ буурах талаар хэлсэн удаатай. Гэвч шатахууны үнэ буураагүй. Эсрэгээрээ өссөн үнийг албаныхны зүгээс дэлхийн зах зээл дээр газрын тосны ханштай уялдуулан тайлбарласаар ирсэн.

Харин өнгөрсөн хугацаанд олон улсын түүхий эдийн биржүүдийн ханш харьцангуй тогтворжиж буурсан байна. “Oilprice.com’’-ийн дата мэдээллээр ОХУ-ын “Urals” төрлийн газрын тос сүүлийн гурван сарын хугацаанд баррель (158.9873 литр) нь 77.ам.доллараас 70 болж буурчээ. Тэгвэл 2014 онд дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 120 ам.долларт хүрч өсөхөд Монголд АИ-92 төрлийн шатахуун нэг литр нь 1,650 төгрөг байсныг эргэн сануулах нь зөв болов уу.

Улмаар 2015, 2016 болон 2017 оны эхний хагас хүртэл 55 ам.доллараас дээшлээгүй бөгөөд түүнээс хойш 80 ам.доллараас даваагүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Ашигт малтмал, газрын тосны газрууд импортлогч компаниудад шалгалт хийсэн ч үр дүнгүй дүгнэлт хийгээд өнгөрсөн байдаг. Өнөөдөр олон улсын биржид нэг баррель газрын тосны үнэ 70 ам.доллар байхад Монголд нэг литр шатахуун 1,830 төгрөгөөр зарагдаж байна.

Гэхдээ Засгийн газрын зүгээс энэ хугацаанд зүгээр суусан гэвэл бас үгүй. Засгийн газар 2016 оноос хойш шатахуун, түлшний онцгой албан татварыг гурван удаа үе шаттай бууруулж, Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 төрлийн шатахууны татварыг тэглэх хүртэл хөнгөлөлтийг шатахууны импортлогч компаниудад үзүүлсэн. Гэвч 2016 оноос хойш шатахуун, түлшний үнэ дунджаар 300 төгрөгөөр нэмэгдсэн.

Шатахууны бизнес 4-5 хувийн ашигтай талаар салбарынхан хэлдэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд импортын шатахууны нийт өртгийн 30 хувийг татвар эзэлж байжээ. Уг судалгаанаас харахад, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлт үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой арга хэмжээ байсан нь харагдана. Гэвч 30 хувийн татварыг тэглэсний дараа ч шатахууны үнэ өсөөд байгаа нь иргэдийн бухимдах гол шалтгаан болоод байна.

Үүнийг манай улсын шатахууны нэг цорготой холбон тайлбарлах хүн бий. Монгол Улсын шатахууны зах зээл бараг 100 хувь ОХУ-ын “Роснефть” компаниас ам.доллараар тооцон худалдан авч хэрэглэдэг. 2014 онд “Роснефть” компанитай байгуулсан гэрээний дагуу тухайн сарын худалдах үнийг тогтоохдоо өмнөх сарын Сингапурын биржийн түүхий нефтийн дундаж үнэд суурилан тогтоохоор тохиролцсон гэдэг. Нэгэнт хараат учраас үе үеийн Засгийн газрууд иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг шатахууны үнийг татвар болон татаасны аргыг хослуулан зохицуулж ирсэн.

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом буурах үед Онцгой албан татварыг нэмж төсвийн орлогоо бүрдүүлдэг. Харин буурахад татвараа хасах аргаар үнийг тогтвортой барьдаг Бүр дийлэхгүй бол мөнгө хэвлэсэн гашуун туршлага бий. Тиймээс өнгөрсөн хугацаанд хэрэглэж ирсэн шатахуун импортлогчдыг татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлэх буюу үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, валютын зээл хэлбэрээр татаас өгөх зэрэг зах зээлийн бус арга замуудаас энэ удаагийн Засгийн эрс татгалзаад байгаа.

Тэгвэл Эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс хийсэн “Түлш, шатахууны эдийн засаг дахь нөлөө” судалгаа дүгнэлтэд “Засгийн газар дотоодын үнийг тогтворжуулж, шатахуун импортлогчдод өгөх татаасыг гадаадын зээлээр санхүүжүүлэх нь өрхийн хэрэглээ, ажил эрхлэлт, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж үлдэнэ. Мөн энэ төрлийн интервенц хийхгүй байх төсвийн алдагдлыг багасгаж болох ч дотоодын эрэлт, цаашлаад үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлнэ” гэдгийг дурдсан байдаг.

Нөгөө талаар албаныхны зүгээс “Шатахууны зах зээлийг төр заавал бодлогоор зохицуулах ёстой” гэх байр суурийг илэрхийлдэг бол “Төр хэрхэвч оролцож болохгүй” гэж хэлэх нэгэн нь ч бий. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Салбарын яам хүчгүй ч юм шиг, хариуцлага тооцож чадахгүй байна вэ гэхээр манайх шиг стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэн улс дэлхий дээр байхгүй.

БНХАУ, ОХУ-ын хувьд нефтийн салбар 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Манайх шиг шатахуун, нефть, мах, гурилаа бүгдийг нь хувьд шилжүүлээд хувийн компаниудын “тоглолтод” ороод, зохицуулалт хийх боломжоо алчхаад байна. Магадгүй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаад шатахууны бодлогоо зохицуулах ёстой. Хувьчилж болохгүй салбараа хувьчилсан. 2004 онд НИК компанийг хувьчлах нь буруу байсан” хэмээн байр сууриа илэрхийлж байсан бол эдийн засагч Д.Жаргалсайхан “чөлөөт зах зээл дээр хэрэглэгчид аль хямдаас нь өөрөө сонгоно.

Манай шатахуун нийлүүлэгчид гадаад үнэд нөлөөлж чадахгүй учир жижиглэнгийн үнээ болон үйл ажиллагааны зардлаа бууруулахын төлөө өрсөлдөх болно. Энэ чөлөөт өрсөлдөөн л үнийг бууруулдаг. Хэрэв шатахуун түгээгч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ ижил түвшинд барих юм бол тэр компанийг өндөр дүнгээр торгох, бүр зөвшөөрлийг нь хурааж авах хүртэл шийтгэж болно. Гэхдээ хууль журмын дагуу” гэсэн байдаг.

Ийнхүү үнэ нэмэгдэх бүрт шатахууны ханшийг тогтоох талаар олон төрлийн гарц гаргалгааг судлаачдын зүгээс илэрхийлсээр ирж. Харин бодит үнэн гэвэл, өнгөрсөн хугацаанд Монголд шатахууны үнэ өсөн үнэн, эргээд буураагүй гэдэг үнэн. Улмаар шатахууны үнийн өсөлт инфляцыг шууд хөөрөгдөх шалтгаан болж иргэдийн амьжиргаанд муугаар нөлөөлж ирсэн. Улаанбаатар хотын инфляц эхний хагас жилийн байдлаар найман хувьд хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь Монголбанкны зорилтот түвшинтэй тэнцсэн үзүүлэлт бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд иргэдийн худалдан чадвараар дамжин амьжиргаанд шууд муугаар нөлөөлнө гэсэн үг.

Түүнчлэн Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн улирлын тоймдоо “Хүнс, шатахууны үнэ үргэлжлэн өсөж болзошгүй байгаа нь инфляцыг цаашид алгуур өсгөх шалтгаан болохоор байна. Энэ Төв банкны дунд хугацаанд инфляцыг найман хувьд барихад хүндрэл үүсгэж болзошгүй. Мөн хувийн хэрэглээ дунд хугацаанд үргэлжлэн өсөхөөр байна. Иймд Төв банкнаас инфляцыг хянахын тулд мөнгөний бодлогоо алгуур чангатгаж болзошгүй.

Ядуурал алгуур буурахаар хүлээлттэй байгаа ба ядаж хот суурин газарт ядуурал буурах боломжтой байна. Хөдөө орон нутагт ядуу хүмүүс ихээр амьдарч байгаа ба хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хурдасгах, хөдөөд ядуурлыг илүүтэй бууруулах нь амин чухал” гэдгийг дурдсан байдаг.

М.ДОРЖ

ЭХ СУОВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН