Монгол Улсын Хөгжлийн банк болон ОХУ-ын Внешэконом банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй хөдөө аж ахуйн эхний ээлжийн техник тоног төхөөрөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээлгэн өгөх ажиллагаа (2018.08.06) боллоо.

ОХУ-аас оруулж ирсэн 21 төрлийн 196 ширхэг газар тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж хүлээн авах ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монгол Улсын Хөгжлийнбанкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гэрэлмаа болон албаны бусад хүмүүс, тариаланчид оролцсон юм.

2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Уг түүхт ойн босгон дээр Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, 7 аймаг, 60 сум, 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон. Ойг угтаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Атар 60” бүтээлч аян өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд ойн зурвас татах, тариалангийн талбайг хашаажуулах, үр, сорт, техник, технологийн шинэчлэл хийх зэргээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн.

Бид атар газар эзэмшсэн цагаасаа эхлээд ОХУ-тай нягт хамтран ажиллаж ирсэн. Үрийн шинэчлэлд ОХУ-аас 8000 тонн элит үр авч, тариаланчиддаа олгосон, энэ намар ургацаа хураана. Өнөөдөр 10 мянган ам.долларын өртөг бүхий 20 гаруй төрлийн 200 орчим техник тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байна. Энэ бол газар тариалангийн техник технологийн шинэчлэлд чухал хөрөнгө оруулалт боллоо. Ийнхүү энэ намар ургацаа амжилттай хураан авахад бидэнд хэрэгтэй чанартай техник тоног төхөөрөмжүүдийг ийнхүү хүлээн авлаа.

Өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэрэг техник тоног төхөөрөмжүүдийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан  тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгж, байгууллагад жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгохоор болсон юм.