Өнгөрөгч долоо хоногт ЗТХЯ-тай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагийн шөнө тус яамны өндөр албан тушаалтангууд ажлын байрандаа архидан согтуурч улмаар нэг нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой гэмт хэрэг гарсан юм.

Энэ хэрэг намдаж амжаагүй байтал өчигдөр өглөө Улаанбаатараас Сайншанд чиглэлд явсан галт тэрэг осолдож, олон хүн бэртэж гэмтсэн юм. Дорноговь аймагт үргэлжилсэн усархаг бороо орсноос төмөр замын дэр мод муудаж, галт тэрэг замаас гарч, осолдоход хүрсэн гэсэн дүгнэлтийг албаныхан гаргаад буй билээ. ЗТХЯ-ны хариуцлагагүйн улмаас ар араасаа гарсан эдгээр хэрэгт хариуцлага хүлээж салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар албан тушаалаасаа огцорхоо мэдэгдээд буй билээ.

Твиттер хуудсанд хамгийн идэвхитэй нэгэн гэгдэх ЗТХЯ-ны дэд сайд асан шилэн Цогоо нэрээрээ олон нийтэд танил болсон Б.Цогтгэрэл энэ удаад ч идэвхитэй байж ажлаа өгөн төрийн ордонг явахдаа гараа даллан инээмсэглэсэн зургийн хамт "Нас минь залуу, Дэлхий ертөнц уужим... Хариуцлагатай ёс зүйтэй төрийн төлөө ажиллах болноо" гэсэн тайлбарын хамт жиргэжээ. Харин түүний энэ зураг хариуцсан "Салбарт нь ийм зүйлс болчихоод байхад салбарыг хариуцсан дэд сайд хүн байж халагдахаа мэдээд урьдчилан өргөдлөө өгснөө гавъяа байгуулсан мэт байгаа нь ёс зүйтэй харагдах гэсэн жүжиглэлт" хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа ажээ. 

Түүний хариуцсан ЗТХЯ-нд гарсан хэргийн улмаас нэг гэр бүл өнчирч, дөрвөн бяцхан үр аавын хайрыг мэдрэлгүй өсөх болчихоод байгаа билээ. Талийгч залуугийн найз Т.Сайнжаргал хэргийн газар чухам юу болсон талаар хэлэхдээ сэжигтэн Г.Махбал нь талийгч залууг гурван цагийн турш хэрцгийгээр зодсны улмаас амь насаа алдсан хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Мөн Улаанбаатараас Сайншанд чиглэлд явсан галт тэрэгний ослын улмаас  зургаан том хүн, гурван хүүхэд  хүнд бэртэж, галт тэрэгний хөдөлгөөн саатаж нилээдгүй хэмжээний хохирол учраад буй билээ. 

www.Seen.mn