Кармын хууль хүн бүхэнд үйлчилдэг үү?
2018/08/15
Кармын хууль хүн бүхэнд үйлчилдэг ч аливаа хүн бясалгалын үрээр түүний чанадад гарах боломжтой. Кармын хууль гэгч зүйл байдаг ч гэлээ гэгээрэл буюу Бурхантай нэгдсэний үрээр мөн сүслэх сэтгэлийн хүчээр түүний чанадад гарах боломжтой.
Бид дотроо өнгөрсөн үеэ авч явдаг. Амьдрал бол тасралтгүй урсгал юм. Тиймээс ч, “ямар үр тарина, тийм л ургац хураана” гэсэн үг байдаг шүү дээ. Ямар нэг буруу үйл хийвэл өнөөдөр юмуу маргааш гадаад юмуу дотоод ертөнцөд ямар нэг байдлаар түүнийхээ үр дүнг заавал амсана гэдгээ ухаарах хэрэгтэй. Хэрэв би үргэлж хулгай хийдэг бол нэг л өдөр баригдаж шоронд суух болно. Өнөөдөр баригдахгүй өнгөрч болох хэдий ч хэзээ нэгэн цагт баригдах л болно. Хэрэв би сайн үйл бүтээдэг бол, хэрэв би залбирал бясалгал үйлдэж, бурханлаг ажил хийдэг бол мөн л үр дүнг нь хүртэнэ. Муу үйл хийсэн зарим хүмүүс сайн сайхан амьдарч явах нь бий. Магадгүй урьд насандаа хийсэн ямар нэг гайхамшигт сайхан үйлийнхээ үр өгөөжийг эдэлж яваа нь тэр байж болох юм. Гэвч үйлдсэн муу үйлийнх нь үр хараахан боловсорч эхлээгүй байгаа хэрэг. Тиймээс насныхаа эцэст юмуу дараа төрөлдөө тэр хүн гарцаагүй шийтгэл хүлээх болно.
Ердийн тэмүүлэлгүй хүний хувьд үйлийн үрээ тойрч гарна гэдэг бүтэшгүй хэрэг.
Цагираглан ороох могой лугаа адил кармын хууль түүнийг хөдөлгөөнгүй барьж хүлдэг. Кармын хуулинд өршөөл гэгч зүйл огт үгүй тул төлбөр ялбараа заавал төлөх шаардлага тулгарна. Гэвч бурханлаг элбэрэл хэмээх бас нэгэн зүйл бий. Мунхаг харанхуйгаасаа болоод би хэд хэдэн муу үйл үйлдсэн гэж саная.
Хэрэв би буруугаа гэмшиж, өршөөл эрэн нулимс асгаруулан уйлбал Бурхан бээр намайг нигүүлсэн өршөөх нь гарцаагүй. Аливаа хүн сэтгэл зүрхний амьдралын замд ороход, хэрэв Бурхан таалан болгоовол сэтгэл зүрхний Багшаар дамжуулж үйлийн үрийг нь хүчингүй болгоно. Хязгааргүй их Элбэрэл, Нигүүлслээрээ Бурхан бээр муу үйлийн үрийг аажим аажмаар хүчингүй болгож, сайн үйлийн үрийг улам түргэн боловсруулдаг.
Эх сурвалж:www.budda.mn