Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын энэ оны эхний долоон сарын тайланг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Энэхүү тайланд дурьдсанаар, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг байгааг мэдээллэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 127.2 (13.7%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна.

Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 46.4 (9.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28.5 (41.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин зарлага 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.7 (9.7%) мянган төгрөгөөр өссөн байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 73.1 (9.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, энэ оны хоёрдугаар улиралд:
 

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 82.8 (9.2%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 57.5
  • (6.4%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 132.9 (14.9%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 130.0 (14.6%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 255.7 (28.7%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 249.4 (27.9%) мянга,
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 73.0 (8.2%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 87.4 (9.8%) мянга байна.

Хүн амын амьжиргааны байдал

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 62.7 хувь, Зүүн бүсэд 78.1 хувь, Төвийн бүсэд 73.5 хувь, Улаанбаатар хотод 71.0 хувь, Хангайн бүсэд 42.2 хувь, Баруун бүсэд 38.9 хувиар тус тус өндөр байна.

Үүнээс гадна Улсын хэмжээнд 2018 оны 2 дугаар улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.1 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.3 дахин их байгааг харуулж байна.