Ли Лянхуа, Бао Лин Шао нар Монголд хууль бусаар эм зардаг байжээ
2018/08/16
БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай “Аполло” ХХК болон Бао Лин Шао захиралтай “Жин Чэн Хай” ХХК-ийг гишүүн элсүүлж, үйл ажиллагаа явуулдаг, хууль бус эм зардаг гэсэн иргэдийн гомдлын дагуу энэ сарын нэгний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ.
“Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу БНХАУ-ын хоёр иргэний эзэмшилтэй тус хоёр компанид хариуцлага тооцов. Тодруулбал “Аполло” ХХК-д биологийн идэвхт бүтээгдэхүүний хадгалалтын журам зөрчсөн хэмээн 500 мянган төгрөгөөр торгууль тавьсан. Харин “Жин Чэн Хай” ХХК-иас 12 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүй импортолж худалдсан, мэргэжлийн бус хүнийг эм зүйчээр ажиллуулсан, эм бэлдмэл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэх зөрчил илэрсэн . Иймд тус компаниас 11 нэр төрлийн 155 хайрцаг, 7 сая 798 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч гурван сая төгрөгөөр торгосон хэмээн НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, “Фү ян кинг”, “Ши дуо” эмэгтэйчүүдийн гель 31 хайрцаг, “Түрүү булчирхайн гель” 9 хайрцаг, “Эрүүлжүүлэн чадавхжуулах” бэлдмэл 9 ширхэг, “Жин гу тонг” үе мөчний хосолсон бэлдмэл 20 хайрцаг, Нүдний болор угаагч 11 ширхэг, “Цус цэвэршүүлэгч” капсул, “Витамины комплекс”, “Кальц”, “Эмчилгээний наалт” 21 хайрцаг “Усан зүү” 10 ширхэг зэргийг хураан авчээ.
Зочин · 2018/08/17
Солонгосынхон яадаг билээ. Түүн шиг насаар нь монголд нэвтрүүлэхгүй байх ёстой ш дээ
бодлын хулгайч · 2018/08/16
тэдэнд торгох инээдтэй санагдана. хөөж гарга, дахин ирэхгүй хар тамга дар