“Ургах наран” хорооллын реклам цацагдаж байршил, үнэ ханш нь ч боломжийн байна хэмээн хүмүүс орон сууцаа захиалан орсон. Харин шинэхэн байрандаа орсон оршин суугчид чанаргүй барилга байна хэмээн хууль хяналтынханд хандсанаар хэл ам үүссэн.

Баянзүрх дүүргийн цагдаа, прокуророос шалгаж 2012 зургадугаар сарын 13 ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Уг хэргийг тус дүүргийн Прокурорын газрын прокурор н.Мөнхцэцэг хариуцан ажиллаж байж. Тус хорооллыг Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 120 гад 468 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар төлөвлөсөн. Зөвхөн орон сууцанд нь 276,4 тэрбум төгрөг, нийгмийн дэд бүтцэд 37,7 тэрбум, инженерийн дэд бүтцэд 153,9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарч байсан байна. Уг барилгыг тухайн үеийн нийслэлийн засаг дарга Ц.Батбаяртай холбон үздэг. Харин тэрбээр “Би хотын дарга байхдаа Улаанбаатар хотын төвлөрөлийг багасгахын тулд тус хорооллын “Монгол мөрөөдөл” төслийг дэмжсэн. Бусад ажлыг төслийн багийнхан хийсэн” гэсэн тайлбарыг хийсэн.
- Орон сууцныхаа мөнгийг тушаасан баримтыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярт өгч байжээ -
Уг төслийн гол санаачлагчдын нэг гэгдэх НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяртай холбогдоход “Ургах наран”хорооллын асуудлыг одоо би сайн мэдэхгүй. Хэн нь ч барьж байсан юм. яасныг би мэдэхгүй” гэлээ. Уг нь тус хорооллыг “100 мянган айл орон сууц” төслийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Эл хорооллыг 468 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр босгохоор НИТХ-ын 2009 оны 7 сарын 1-ны өдрийн хуралдаанаар баталжээ. Бүр наашлуулбал эрхэм төлөөлөгч Г.Ганбаяр “Монгол мөрөөдөл” төслийг санаачлан “Ургах наран” хороолол “урган гарсан”. Тэрээр энэ төслийн ач буянаар олон нийтэд танигдаж, байр хүсч байсан олны хэрэгцээ, тэр зах зээлийг олж харснаараа сонгогчдын сонголтыгөөртөө татаж НИТХ-д гарсан гэх ч хүн цөөнгүй байдаг. Гэтэл одоо эл хорооллын талаар Ганбаяртан юу ч мэдэхгүй болсон гэнэ. Гэхдээ “Ургах наран” хороололд амьдардаг нэгэн иргэн энэ байранд орохдоо Ганбаяртай л холбоо тогтоож, хаана мөнгөө тушаахыг Ганбаяр л зааж өгсөн. Тэр үед төлбөрийг 100 хувь хийх болзолтой байсан болохоор тухайн иргэн мөнгө тушаасан баримт бичгээ Ганбаярт авчирч өгч байсан байгаа юм. Ийм болохоор Г.Ганбаяртан энэ хорооллын тухай мэдэхгүй байх учиргүй л баймаар.
- “Блью Скай Партнерс” компани “Ургах наран”-тай холбогдсон түүх -
НИТХ-аас “Монгол мөрөөдөл” төслийг дэмжиж, хөрөнгө мөнгө батлагдсанаар ажил эхэлсэн. Ажил эхлэсэн тухайд бас л асуудал бий. Гүйцэтгэгч компани энэ ажилд гол үүрэг гүйцэтгэх учиртай. Ургах нарангийн гол захиалагч нь  “Блью Скай Партнерс” компани. Эднийх барилгын ажлаа “Эн-Эм-Си-Жи”, “ЭЭМ”, “Рендер-Бау”, “Жанхар цамхаг” зэрэг компаниудтай гэрээ хийн гүйцэтгүүлсэн аж. Харин “Форум-Арт” гэдэг компани уг хорооллын ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Уг хороолол анх баригдахдаа бэлтгэл ажлын мэдээллийн спонсороор “ТВ5” телевиз ажиллаж бүр тодруулбал тус телевизийн хөтлөгч, редактор байсан Ганбаяр нэвтрүүлэгүүдийг нь бэлтгэж эфирээр цацаж байжээ. Даанч удалгүй ГАнбаяр “Блью Скай Партнерс” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллах болжээ. Энэ хорооллын ерөнхий төлөвлөлт 2006 онд анх хийгдсэн. Энэ ажлыг хийхийн тулд менежментийн байгууллага хэрэгтэй болоход “Блью Скай Партнерс” компанийн зүгээс “Бид хийе. Хөрөнгө оруулалтыг нь ольё. Тэнд барилга байгууламж байршуулья. Сууршил үүсгэе” гэсэн бодолтой орж байжээ. Тус компанийн одоогийн гүйцэтгэх захирал Ө.Ашхүүгийн хэлж буйгаар “Блью Скай Партнерс” компани “Ургах наран” хорооллын менежментийг хариуцан ажиллахаар 2007 оны наймдугаар сард Нийслэлийн засаг даргын Тамгын газартай гэрээ хийсэн аж. Ийн “Блью Скай Партнерс” компани “Ургах наран”-тай угаараа холбогдсон түүхтэй.
- Төслийн санаа гарахад л төсөл санаачлагчид “Хас” банкинд санал тавьжээ-
“Ургах наран” хороололд бүтээн байгуулалт хийх ажилд “Хас” банк ч оролцсон. Тэнд барилга барих компанид зээл олгох, Моргэйжийн зээлийг захиалагчдад өгөх асуудал дээр “Хас” хамгийн том дэмжлэг өгч ажиллаж байжээ. Өнөөдөр ч энэ зарчимаар ажиллаж байгаа аж.
Уг төслийг санаачлагчдыг задлавал тухайн үед хотын “мээр” байсан Батбаяр анх “Хас” банкинд санал тавьсан. Харин тэр үед Хасын захирал байсан Ч.Ганхуяг саналыг хүлээн авсанаар хамтран ажиллах болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны цаана татвар төлөгч бидний мөнгийг угааж ашиг олох сонирхол дагалдаж байсан гэдэг. “Хас“ банкны захирал Ч.Ганхуягийн төрсөн дүүг “Ургах наран” хороололд эрчимтэй оролцон ажилсан тухай мэдээлэл ч байдаг.
- Харин одоо бол Нийслэл “Ургах наран”-г “мартчихсан”-
Нийслэлийн төвлөрөлийг багасгах үүднээс “Монгол мөрөөдөл” төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны долдугаар сарын 1-нд батлан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Гэтэл өнөөдөр нийслэл “Ургах наран” хорооллыг бүр мартчихаж. Нийслэлийн засаг даргын Тамгын газар “Блью Скай Партнерс” компанитай 2007 онд хийсэн хамтран ажиллах гэрээндээ Нийслэл газраа гаргаж өгье. Гэхдээ газраа “Блью Скай Партнерс” компанид эзэмшүүлэхгүй. Өөрийн нэр дээр байлгана. Харин та нар газар дээр төлөвлөлтийн дагуу орон сууцны хороолол барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээч. Нийслэл дэд бүтцийн асуудал дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг аж. Гэтэл өнөөдөр дэд бүтцийн асуудал орхигдоод байгаа аж. НЗДТГ газраа гаргаад дэд бүтэц дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн байр сууринд байсан ч өнөөдөр “Ургах наран” хорооллыг хаясан газар Нийслэл өөрөө болчихсон гэнэ. Ургах нарангийнхан өглөө 8 аас орой 20 цаг хүртэл цэвэр усны хязгаарлалтанд орж бохир ханхалсан орчинд амьдарч байгаа нь юун нөгөө эрүүл агаарт ургах нар харан өглөөг угтах болчихоод байна. Энэ талаар холбогдох газар хэлээд ч нэмэр үгүй. Харин ч нийслэл, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчидтэй холбоотой асуудлаа шийднэ гэж үгүй болчихоод байгаа аж.
Нийслэлээс буюу татвар төлөгчдийн мөнгийг үрэн нийслэлийн эрх мэдэлтэнгүүд мөнгө угаах хэрэгсэл болгосон нь ч харагдаж байна. Мөн “Хас” банк ч мөнгө угаахад нь оролцон ашиг хүртсэн талаар яригдаж байна. Дээрх асуудлыг шийдэхгүй бол юун “Ургах наран” хороолол харин ч жинхэнэ утгаараа бохир үнэртсэн шарилж ургахад ямар ч саадгүй болчихоод байна.

 


Эх сурвалж:    Нийслэл Таймс