ЗХУ-ыг доргиосон хүүхэд залуусын танхайн "Тяп ляп" бүлэг
2018/08/27
Большевикууд эхнээсээ эрүүгийнхэнтэй холбооцож, тэднийг төрийн удирдлагад гаргасан, олон удаагийн хэлмэгдүүлэлтээр шорон, лагериар дамжаагүй хүн ховор болсон, гэмт хэргийн төвшин ямагт өндөр байсан зэргээс болж, Зөвлөлтийн нийгэмд эрүүгийн маягийн аж төрөл, сэтгэлгээ, хулгайч дээрэмчдийг хүндлэх шүтэх явдал хавтгай байсан, манайд ч нэвтэрсэн, одоо ч ОХУ болон манайд тэр байдал хэвээр байна.
Үүнээс болж тэр үед хоёр улсад хүүхдийн гэмт хэрэг хавтгайрсан байв. Их төлөв колони шоронд байсан хүүхэд залуусаар толгойлуулсан дээрэм танхайн бүлгүүд өнцөг булан бүрд байлаа.
Казаний хүүхэд залуусын Тяп-Ляп бүлэг үндэсний хэмжээний том асуудал болсон. З.Хантимиров гэдэг танхай залуу 1974 онд 48, 114-р сургуулийн сурагчдыг эрүүгийн ахуй төрөлд хамруулж, “Теплоконтроль” үйлдвэрийн районыг атган, саалийн үнээ болгосон. Бүлэгт нь 300-500 хүүхэд залуус идэвхтэй хамрагддаг, хүйтэн халуун зэвсгээр зэвсэглэсэн байв. Казаний бусад районы танхай бүлгүүдтэй олныг хамарсан зодоон байнга хийнэ.
Чихийг нь бүчилсэн ушанка өвлийн малгай, ажлын хөвөнтэй телогрейка күртк дүрэмт хувцас нь болно. Яваандаа хүүхэд залуусыг дээрэмдэх дээрэлхэхээс хальж, орон байрны хулгай, нууц үйлдвэрлэлээс татвар авах руу хэлбийв. Хотыг айдас хүйдэст автуулахын тулд үе үе таарсан бүхнийг зодож уулгалан дайрдаг байлаа. Дараа нь хохирогчид цагдаад гомдол мэдүүлдэггүй, цагдаа дуудвал өөрөө унасан ойчсон гэж мэдүүлэг өгдөг байв.
Ийнхүү хотыг террорчлох явцдаа цагдаатай галт зэвсэг, гранат хэрэглэн тулалдна. 1978 онд Казань хотын хэмжээний үймээн самуун дэгдээж, амьд бүхнийг зодож, буудаж түйвээсэн. Хантимиров нарын танхайрал гаарч, хотыг эзлэн авч, хулиганы вант улс байгуулж болмоор санагдсан юмсанжээ. Тэднийг дарахад зэргэлдээ мужуудын цагдаа, цэрэг армийн хүчийг ашигласан. Хантимиров нарыг шүүх хурал болоход танхимын дотор, барилгын гадна шүдээ хүртэл зэвсэглэсэн цэрэг цагдаа нар хурсан байлаа. Шүүгдэгчдийг Тяп-Ляп бүлгийнхэн зэвсэгт халдлага хийн чөлөөлөх магадлал өндөр байсан. Хотод онц байдал тогтоож, арми эзэлж авсан байсан тул тийм зүйл болоогүй аж.
Хантимиров болон толгойлогчдод цаазын ял, бүлгийн олон гишүүнд хорих ял оноожээ. Тэдний орон зайг Казаний бусад танхайн бүлгүүд эзэлж авахад, төрөөс гайгүй бүлгүүд бол яахав, явж л байг гэж толгойг нь илсэн байдаг. Гэтэл тэднээс болж, 1980-аад онд Казаний үзэгдэл хэмээх, хотын хүүхдүүдийг бараг бүх нийтээр нь хамарсан аймшигт гэмт хэргийн давалгаан үүссэн билээ. Ард түмэн төр засгийг хянаж шүүмжлэхийн оронд хоорондоо тэмцэлдэж байг, хуваа захир гэсэн коммунистуудын бодлого зөвлөлтийн нийгмийг тамын тогоо болгосон байв.
Монголд мөн нөхцөл байдал төстэй байсныг хүмүүс санах байх. Тэр үед хүүхэд залуус үл гүйцэлдэх коммунист ирээдүйд итгэхгүй, зөвлөлтийн хүүхдүүд мэргэжилтнүүдэд дургүй, нам засгаас ярьж буй зүйлүүдийг элэглэн үл ойшоодог, бие биеэ “хувьсгалч”, “коммун”, “коммунист”, “намын гишүүн” гэх зэргээр шоолдог, эрхэм нандин үзэлгүй, улс эх орон, үндэстэн ард түмэн гэх зэрэг ойлголтгүй, амиа аргалахыг л хамгийн дээд гэж үзсэн, хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэж бүрэн хүлээн зөвшөөрсөн, хүчирхийлэл айдас амьдралынх нь гол категориуд болсон, оюуны ядуу ертөнцтэй, ёсзүйгүй болж байсан бөгөөд хавтгайрсан танхайрал, цаашилбал дээрэм хулгай руу хальтран орж байв. Монгол хүүхэд залуус орц хүртэлхи бүх засаг захиргааны нэгжээр хуваагддаг, хоорондоо дайсагнадаг, чулуугаар байлддаг, өөр газрын хүүхдийг дээрэмддэг, зоддог, монгол хүн монгол хүнээ үзэн ядахыг хөгжүүлдэг байлаа.
Тэр үеийнхэн л чухам өнөөгийн нийгмийг бүрдүүлсэн билээ. Хойч үеэ ч хордуулан эвдэж буй билээ. ЗХУ-ын болон ОХУ-ын муу муухай бүхнийг сайн сайхан гэж хөгшин залуугүй сайшаан магтаж, шүтэн дэлгэрүүлж буй явдлаас сэрэмжлэх хэрэгтэй байна. Өнөөгийн бүх муу муухай тэр л цаг үеийн үргэлжлэл. Тэр цагаас хойш мөн чанарын хувьд өөрчлөгдсөн зүйл манай нийгэмд үгүй юм. Харийг мухар сүсгээр шүтсээр байх биш, монгол үндэстнийхээ үнэ цэнэт зүйлсийг сэргээж, Монгол улс үндэстнээ эрхэм дээд хэмээн хайрлаж хамгаалж, монголчууд элгэн садан ахан дүүс болох нь энэ нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна.
Зураг дээр: Тяп Ляп бүлгийнхэн.
Ч.Мөнхбаяр